2020 он гэхэд жолоочгүй нисдэг таксийг зохион бүтээж, турших гэж байгаагаа Uber компанийн удирдлага мэдэгдлээ. Тус компанийн менежерүүдийн ярьснаар, агаарын таксийг Дубай болон Даллас хотуудад турших гэнэ.
 
Нисдэг цахилгаан автомашиныг зохион бүтээх ажил аль хэдийн эхэлсэн бөгөөд түүнд Embraer  болон Bell Helicopter гэсэн хоёр компани оролцож байна. Одоогоор ийм технологийг хэн ч туршиж үзээгүй байгаа боловч ирээдүйд нисдэг таксигаар зорчих нь ердийн автомашинаар зорчихтой адил өртөгтэй болно гэж Uber компанийн удирдлага үзэж байгаа аж.
 
Шинэ системийг зохион бүтээх гэж байгаа талаар өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн мэдээлэх болсон юм. Шинэ санаа сэдэгчдийн төсөөлж байгаагаар, агаарын такси нь нисдэг тэрэгтэй адил эгц дээшээ хөөрөх ба цахилгаан хөдөлгүүртэй байх учир дуу чимээ бараг гаргахгүй, хорт бодис огт ялгаруулахгүй гэнэ.
 
Uber компанийн энэ шинэ санаа шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолыг санагдуулж байгаа боловч тус компанийнхан өөртөө тун итгэлтэй байна. Тэд агаарын таксины анхны загварыг /Uber Elevate Network/ 2020 онд Дубай хотод болох Бүх дэлхийн үзэсгэлэнгийн үеэр дэлгэн үзүүлэхээр төлөвлөжээ. Харин үүнээс гурван жилийн дараа зорчигчид нисдэг таксигаар үйлчлүүлж эхлэх юм.
 
Харин үл итгэх гутрангуй бодолтой хүмүүсийн хувьд Uber компани 2020 он гэхэд зорилгодоо хүрнэ гэдэг бол боломжгүй зүйл аж. Шинэ технологийн талаар бичдэг Gizmodo цахим хуудасны редакторын үзэж байгаагаар, нисдэг автомашин зохион бүтээх санаа бүр 1920-иад оны үед анх гарч ирсэн бөгөөд түүнээс хойш 20 дугаар зууны туршид янз бүрийн компаниуд “хоёрхон жилийн дотор нисдэг машин бий болно” амалж байжээ.
 
Харин хүн ам шигүү оршин суудаг газруудад нисдэг таксигаар зорчих нь маш аюултай бөгөөд АНУ-ын Иргэний агаарын тээврийн газраас лиценз авна гэдэг тун түвэгтэй асуудал юм. Лиценз авсан байлаа ч гэсэн ийм машиныг бүрэн төгс зохион бүтээж ашиглана гэдэг нь тун бүтэл муутай байгаа юм. Тухайлбал, Terrafugi компани 2010 онд ийм зөвшөөрөл авсан боловч нисдэг таксины сураг одоо хүртэл алга байна.
 
Х.Сарнай 
Эх сурвалж : Монцамэ агентлаг