АН-ынхан Р.Амаржаргалыг тавьж явуулахгүй нь
2013/11/26
УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ З.Энхболд даргын гарт нь өгчихөөд Төрийн ордонд нэг хэсэг харагдаагүй Р.Амаржаргал гишүүн өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд суулаа. Гэхдээ энэ удаад хэлэлцэж буй хуулийн төслүүд дээр өөрийн саналаа хэлэх гэж байнгын хорооны хуралдаанд суугаагүй аж. Харин өргөдлөө өгөөд хоёр долоо хонож байхад нь өөрийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг огт хэлэлцэхгүй байгааг холбогдох байнгын хорооныхонд дуулгах, улмаар асуудлаа хэлэлцүүлэх зорилготойгоор Төрийн ордонд ирсэн нь энэ.
Р.Амаржаргал гишүүн өчигдөр гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг байнгын хорооны дара А.Бакейд өгсөн аж. Ингээд түүний хүсэлтийн дагуу огцруулах асуудлыг нь хэлэлцэх эсэхээр гишүүдээс санал авч, гишүүдийн байр суурийг сонссон юм. Гишүүдийн саналаа хэлж байгаагаас үзвэл УИХ дахь Ардын нам, “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн Р.Амаржаргал гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж шийдээд дараагийн асуудлийг хэлэлцээд явсан нь дээр гэсэн байр суурьтай байгаа бололтой. Нэг ёсондоо тэд хүн явлаа гээд байхад хүчээр бариад байх хэрэггүй гэж байна билээ. Харин Ардчилсан намынхан намынхаа нэг гишүүнийг зүгээр нэг тавиад явуулчихгүй гэж байгаа. Тиймээс ч байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Р.Амаржаргал гишүүнийг чөлөөлөх асуудал огт орохгүй байгаа гэж хэлж болно. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Р.Амаржаргал гишүүн өөрийнх нь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхийг хүсэхэд тус байнгын хорооны дарга А.Бакей “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөх УИХ-ын чуулган, байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг тогтоож өгдөг. Тэр зөвлөлд хүсэлтийг чинь хэлсэн. Зөвлөлөөс одоохондоо болоогүй гэдэг зүйлийг хэлж байгаа” гэж хариулснаас ч үүнийг харж болно. А.Бакейг ийн хариулсны дараа доорх яриа өрнөсөн юм.
-Р.Амаржаргал: Хэлэлцэх болоогүй гэсэн чинь юу гэсэн үг вэ.
-А.Бакей: Та бол Ардчилсан намаас тойрогт нэр дэвшиж сонгогдсон гишүүн. Сонгогчдын саналыг авч, итгэл хүлээсэн хүн. Намын нэрээр, мандатаар орж ирсэн гишүүн биш. Тийм учраас намын удирдлагуудын зүгээс танд бодох хугацаа олгож байгаа юм байна.
-Р.Амаржаргал: Надад бодох хугацаа олгож байгаа юм уу. Би нэлээд эрт энэ шийдвэрээ бодож байж гаргасан.
-А.Бакей: Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд энэ асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөч гэдгийг хэлсэн. Ямар ч таны асуудлыг байнгын хороогоор авч хэлэлцэнэ. Энэ долоо хоногт бол хэлэлцэх боломжгүй.
-М.Энхболд: Энэ хүн УИХ-д өгсөн өргөдлөө шийдүүлэх талаар зүй ёсны шаардлага тавьж байна. Энэ хүсэлтийг нь байнгын хороо шийдвэрлээд УИХ-д оруулах ёстой. Ардчилсан намаас нэр дэвшиж, сонгогдсон хүн гэдгийг байнгын хорооны хуралдаан дээр ярих хэрэггүй байх. Р.Амаржаргал гишүүн хувь хүнийхээ хувьд УИХ-д хариуцлага хүлээж сууж чадахгүй гээд өргөдлөө өгч байгаа гэж ойлгож байгаа. Үүнийг нь нам руу татаж хойш тавих хэрэггүй. Эндээ санал хураагаад шийдэх ёстой.
УИХ-ын гишүүд ийн саналаа хэлсний дараа байнгын хорооны хуралдаанд сууж байсан 10 гишүүнээс санал хураахад зургаан гишүүн энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм. Ингээд Р.Амаржаргал гишүүн энэ удаад ч асуудлаа шийдүүлж чадалгүй хуралдааны танхимаас гарлаа.
Т.Урангэрэл
Зочин · 2013/12/07
аРДЧИЛСАН НАМ ИЧИЖ ҮХЭЭСЭЙ ТЭНЭГТЭЖ ДУУСДАГГҮЙ ГУЙЛГАЧИД ВЭЭ
Зочин · 2013/12/07
аРДЧИЛСАН НАМ ИЧИЖ ҮХЭЭСЭЙ ТЭНЭГТЭЖ ДУУСДАГГҮЙ ГУЙЛГАЧИД ВЭЭ
Зочин · 2013/12/07
аРДЧИЛСАН НАМ ИЧИЖ ҮХЭЭСЭЙ ТЭНЭГТЭЖ ДУУСДАГГҮЙ ГУЙЛГАЧИД ВЭЭ