Залуучуудад үг сургаалиа хайрладаг насан дээрээ захидал бичиж байгаа минь муухай санагдаж байнаа. Би 42 настай, хүүхдүүд том болсон. 5 жилийн өмнөөс нөхөр маань нэг хүүхэнтэй холбогдож эхэлсэн. Таньдаг хүмүүс надад утасдаж энэ талаар хэлдэг л байсан.

Би аяандаа болих байлгүй гээд л мэдээгүй юм шиг 2 жил боллоо. Гэтэл 2015 онд нөхөр нь над руу утасдаад танай нөхөр гэр бүл үймүүлээд байна гэдэг байгаа. Би бүх зүйл бүр хэтэрснийг ойлгоод нөхөртэйгөө ярилцлаа. Нөгөө хүүхэн рүү нь захиа бичиж явууллаа. 3 хүүхэдтэй залуу гэр бүлийг салгах, өөрийнхөө амьдралыг сүйрүүлэх хүсэл байгаагүй ээ.

Тэр бүсгүйд хань ижлээ гутааж, гал голомтоо бузарлаж болохгүй талаар нэлээн сургаал айлдлаа. Хүн бусдыг өөртэйгөө адилхан санаж, ойлгодог юм билээ. Миний хувьд нэр хүндтэй сэхээтэн айлд төрсөн, хүмүүжил сайтай, зөв буруу, үнэн худал, болох болохгүйг мэддэг, хүнийг хайрлаж, өрөвдөж, энэрч өссөн. Тэр утгаараа өөрийн дүү адил санаж мейлээр хэдэн үг хэлсэн. Гэтэл нөгөө хүүхэн үгийн өө харж миний урдаас хэрэлдэж, би бас урдаас нь үг хэлж нэлээн хэрүүл боллоо. Ухамсрын, сүнсний, боловсролын түвшин өөр хүмүүс хоорондоо ойлголцдоггүй юм байна лээ. Хэрүүл улам даамжирч, асуудал улам томорч, хэцүү нөхцөл байдал үүссэн. Хараас хар, муугаас муу, муухайгаас муухай үүсдэг юм байна лээ.

Нөхөр нь айхтар хартай, хэцүү л амьдардаг улс гэнэ лээ. Нөхөр маань одоо дахиж холбогдохгүй гэж ам өчгөө өгсөн боловч хэсэг зуур холбоогүй байж байгаад буцаад утсаар ярьж холбогдож эхэлсэн юм билээ. Гол нь нөгөө хүүхэн болихгүй гээд зүтгээд, залгаад, эхнэрийг чинь бүх насаар нь уйлуулна, бидний дунд болж байсан бүх юмыг хэлнэ гэж сүрдүүлсэн байгаа юм. Тэгээд ч хэлсэндээ хүрч надад хоорондоо ярьсан, болсон бүх зүйлээ ирж хэлдэг байгаа. Өмнө нь надтай утсаар ярихдаа миний хэлэх зүйлийг сонсоод та хоёр хамт амьдрахад маш хэцүү байх болно гэж хэлсэн гээд л бодчих. Хүнд хэлэх хэлэхгүй зүйл гэж байдаг л байх. Эр нөхөр нь архи уугаад, хардаад байх суух, амьдрахад хэцүү байх үед нь миний нөхөр тэр хүүхнийг түшиж тулж, зовлонг нь хуваалцаж байсан юм байна лээ. Эр нөхрөөсөө амсаагүй жаргалыг миний нөхрөөс авсан л юм байна лээ.

Энэ удаан хугацаанд утсаар ярьж, зовлон жаргалаа хуваалцаж, уулзаж учирч, хайртай дуртай гэж явж явчихаад адаг сүүлд нь араас хутга шааж, хэлсэн ярьсан бүх зүйлийг нь надад ирж хэлсэн нь тэр хүн ямар хүн чанартай, ямар хүн болохыг харуулсаан. Ингээд бодохоор азгүй, аз жаргалгүй хүн л хамгийн адгийн, хамгийн хүн чанаргүй байдаг юм байна. Бас эхнэр нөхрөө хуурсан энэ харилцаа хэчнээн хэврэг, ашиг хонжоо харсан, амиа бодсон адгийн харилцаа байдгийг, энэ бүхэн яаж шившигтэйгээр нуран унадагийг, хүний зовлонгоор жаргал хийсэн гутамшигт үйлдэл байдгийг хоёр нүдээрээ харлаа.

Урт удаан хугацаанд үргэлжилсэн харьцаа болохоор бие биедээ, ялангуяа эмэгтэй нь нэлээн дассан байх л даа. Ер нь ийм харьцааг мэдвэл эртхэн арга хэмжээ авч, зогсоох юм уу цаашид яахаа дор нь шийдэж байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосоон.

БУРУУД ХАТУУ ОРЧЛОНД ЗӨВ АМЬДРААРАЙ ГЭЖ ЗАЛУУСТАА ЗАХЬЯ…

http://www.cekc.mn