МАХН-ын дарга Н.Энхбаяр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөө  Өдрийн сонингоор дамжуулан албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуульд би хэрвээ оролцох юм бол жинхэнэ өрсөлдөөн бий болно, илүү шударга болно.

Ард түмэн үүнийг хүсч, ярьж байна. Юуны өмнө хэлэхэд одоогийн Үндсэн хуульд зөвхөн УИХ-д суудалтай намуудаас нэр дэвших эрхтэй гэж заасан нь шударга байж чадахгүй нь ойлгомжтой. Хуулиараа МАН, АН, МАХН гэсэн гурван намаас л нэр дэвшигчид өрсөлдөх нь.

 

Гэтэл нам бус боловч нэр дэвших чадамжтай, эх оронч, чадварлаг олон хүн хашаа хаалганы цаана үлдэж байна. Тэгвэл бидний боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төсөлд 50 мянган хүний гарын үсгийг цуглуулж чадсан хэн ч Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй гэж нээж өгсөн байгаа. Хэрвээ бидний боловсруулсан ийм шинэ зохицуулалт бүхий шинэ Үндсэн хуулийг ард иргэд хэлэлцэж дэмжин баталбал нөгөө ард түмний эрх мэдэл улам нэмэгдэнэ гэсэн үг, шударга тогтолцоо тогтох нөхцөл бүрдэнэ. Одоогийн гуравхан нам дэвших хязгаарлагдмал хүрээндээ хашчихсан байгаа дээрээ бас Энхбаярыг оруулахгүй юм шүү гэж Ардын нам, Ардчилсан нам хоёр хоёулаа зүтгэж байна.  Ялангуяа МАН-ынхан сонгуулийн дүнг урьдчилан гарган зурчихаад зурсан дүнгээ гаргах гэж улайрдаг байдал бий болоод удаж байна. Өнгөрсөн сонгуулиуд тийм байдлаар явагдсан учир хүмүүс шударга бус сонгууль болсон гэж шүүмжилж байгаа.

 

Хамгийн ойрын жишээ гэхэд ийм байдлаар ажилладаг нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа харагдсан шүү дээ. Манайд төр засаг нь эрх мэдлээ хэтрүүлж хориогүйг хийдэг, хувь хүн эрх мэдлээ хумиулж зөвшөөрснийг хийдэг эсрэг зохицуулалттай. Ийм нөхцөлд хувь хүн дандаа гэм буруутай, төр засаг дандаа гэм буруугүй, бас хариуцлагагүй байдаг. Бас амьдралын нэгэн алтан зарчим буюу хууль гэж байдаг. “Чи өөрөө надад ийм зүйл битгий тохиолдоосой гэж байгаа бол тэрийгээ бусдад зориулж битгий хий”. Гэтэл манай төр засгийнхан Энхбаярт зориулж ийм зүйл заалтыг нэмж оруулъя, ингэж тайлбарлаж болно, бидэнд болохоор энэ нь огт хамаагүй, ганцхан Энхбаярт үйлчлэх ёстой гэсэн байдлаар нэг хүнд зориулан хуульд өөрчлөлт оруулж байна.

 

Хууль шүүхийнхэн бараг бүгдээрээ миний эсрэг ажиллаж байна. УИХ надад зориулж Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж байна. Надад зориулж Сонгуулийн хуульд эргэлзээтэй заалтуудыг оруулж байна. Энэ бол Үндсэн хуулийн хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байгаа балмад ажиллагаа. Гэхдээ ийм заалтууд оруулаад ч би Үндсэн хуулийн дагуу нэр дэвших эрхтэй