Ерөнхийлөгчийн сонгуулийн далд сурталчилгаа хэдийнэ эхэлж, нэр дэвшихээр горилогчдийн өрсөлдөөн ширүүсчээ. Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль зургадугаар сарын 26-нд болно.

Хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана гэж заасан байдаг. Тиймээс намууд энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ өнөөдрөөс эхлэн тодруулж, Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 2-6-ны өдрүүдэд нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэж авах юм.

 

 

Ийнхүү сонгуулийн чимээ ойртсон үед нэр дэвшигчдийн далд өрсөлдөөн ширүүсч, зарим нь сонгуульд өрсөлдөх эрхтэй, эрхгүйгээ хүртэл ярьж эхэллээ. Тодруулбал МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр хэвлэлд ярилцлага өгч, сонгуульд нэр дэвшинэ гэдгээ дуулгасан. Тэрбээр энэ талаараа “Ерөнхийлөгчийн сонгуульд би хэрвээ оролцох юм бол жинхэнэ өрсөлдөөн бий болно, илүү шударга болно. Ард түмэн үүнийг хүсч, ярьж байна. Юуны өмнө хэлэхэд одоогийн Үндсэн хуульд зөвхөн УИХ-д суудалтай намуудаас нэр дэвших эрхтэй гэж заасан нь шударга байж чадахгүй нь ойлгомжтой. Хуулиараа МАН, АН, МАХН гэсэн гурван намаас л нэр дэвшигчид өрсөлдөх нь.

 

 Гэтэл нам бус боловч нэр дэвших чадамжтай, эх оронч, чадварлаг олон хүн хашаа хаалганы цаана үлдэж байна. Тэгвэл бидний боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төсөлд 50 мянган хүний гарын үсгийг цуглуулж чадсан хэн ч Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй гэж нээж өгсөн байгаа. Хэрвээ бидний боловсруулсан ийм шинэ зохицуулалт бүхий шинэ Үндсэн хуулийг ард иргэд хэлэлцэж дэмжин баталбал нөгөө ард түмний эрх мэдэл улам нэмэгдэнэ гэсэн үг, шударга тогтолцоо тогтох нөхцөл бүрдэнэ. Одоогийн гуравхан нам дэвших хязгаарлагдмал хүрээндээ хашчихсан байгаа дээрээ бас Энхбаярыг оруулахгүй юм шүү гэж Ардын нам, Ардчилсан нам хоёр хоёулаа зүтгэж байна.  Ялангуяа МАН-ынхан сонгуулийн дүнг урьдчилан гарган зурчихаад зурсан дүнгээ гаргах гэж улайрдаг байдал бий болоод удаж байна. Өнгөрсөн сонгуулиуд тийм байдлаар явагдсан учир хүмүүс шударга бус сонгууль болсон гэж шүүмжилж байгаа.

 

Хамгийн ойрын жишээ гэхэд ийм байдлаар ажилладаг нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа харагдсан шүү дээ. Манайд төр засаг нь эрх мэдлээ хэтрүүлж хориогүйг хийдэг, хувь хүн эрх мэдлээ хумиулж зөвшөөрснийг хийдэг эсрэг зохицуулалттай. Ийм нөхцөлд хувь хүн дандаа гэм буруутай, төр засаг дандаа гэм буруугүй, бас хариуцлагагүй байдаг. Бас амьдралын нэгэн алтан зарчим буюу хууль гэж байдаг. “Чи өөрөө надад ийм зүйл битгий тохиолдоосой гэж байгаа бол тэрийгээ бусдад зориулж битгий хий”. Гэтэл манай төр засгийнхан Н.Энхбаярт зориулж ийм зүйл заалтыг нэмж оруулъя, ингэж тайлбарлаж болно, бидэнд болохоор энэ нь огт хамаагүй, ганцхан Н.Энхбаярт үйлчлэх ёстой гэсэн байдлаар нэг хүнд зориулан хуульд өөрчлөлт оруулж байна.

 

Хууль шүүхийнхэн бараг бүгдээрээ миний эсрэг ажиллаж байна. УИХ надад зориулж Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж байна. Надад зориулж Сонгуулийн хуульд эргэлзээтэй заалтуудыг оруулж байна. Энэ бол Үндсэн хуулийн хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байгаа балмад ажиллагаа. Гэхдээ ийм заалтууд оруулаад ч би Үндсэн хуулийн дагуу нэр дэвших эрхтэй" хэмээн мэдэгдсэн билээ.

 

Тэгвэл энэхүү мэдээллийн дуулиан намжиж амжаагүй байхад зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэж үзсэн бөгөөд энэ талаар Сүхбаатар дүүргийн шүүхээс шийдвэр гаргаж, түүнд хүргүүлсэн учир энэхүү шийдвэрийг ил болохоос өмнө урьтаж, Н.Энхбаяр мэдэгдэл хийж, хэвлэлд ярилцлага өгсөн” гэх мэдээлэл гарсан.


Энэ талаар бид МАХН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон өөрөөр хэлбэл намдаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг атгаж ирсэн О.Баасанхүү гишүүнээс Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эсэх, үнэхээр шүүхээс түүнд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй гэх шийдвэрийг шүүхээс гаргаж, түүнд хүргүүлсэн эсэхийг тодруулахад “Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчид нэр дэвших бүрэн боломжтой, эрхтэй, үүрэгтэй хүн. Өршөөлийн хуулиар
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 78 дугаар заалтыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учир ямар нэгэн ял, шийтгэл байхгүй. Гэтэл байхгүй хуулийн зүйл заалтаар хүнийг яллаж, хэд хэдэн удаа сонгуульд өрсөлдөх эрхийг нь хассан. Харин энэ удаа ийм зүйл болохгүй гэж найдаж байна. Шүүхээс ямар нэгэн шийдвэр гаргаж, Н.Энхбаяр даргад хүргүүлсэн зүйл байхгүй. Энэ бол манай намын даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялалт байгуулчихвий гэж айсан хүмүүсийн явуулж байгаа ажиллагаа” гэх тайлбарыг өгсөн юм.


Тиймээс бид Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 20-ний өдөр
Н.Энхбаярын өмгөөлөгч н.Дуламжав нь түүнийг хугацааны өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлт ирүүлсэн байна. Харин шүүх уг асуудлыг шийдвэрлэж албан ёсны хариу гаргаагүй байгаа” гэх мэдээллийг өгөв.

 


Дээрх мэдээллээс үзэхэд Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй гэх шүүхийн шийдвэр гаргаагүй нь бололтой. Харин түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй талаарх шүүхээс шийдвэр гарсан гэх мэдээлэл нь өнөөх нь өрсөлдөгч нарынх нь сонгуулийн далд сурталчилгаа, О.Баасанхүү гишүүний өгүүлсэнчлэн Н.Энхбаярыг ялалт байгуулчихвий гэж айсан хүмүүсийн далд явуулга байсныг үгүйсгэхгүй юм.    
 
Ямартай ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас хэн нэгэн нэр дэвшиж, өрсөлдөх нь гарцаагүй. Харин тэр хүн Н.Энхбаяр байх эсэх нь хэдхэн хоногийн дараа ил болох буй за.

 

Б.Энхжин 

24tsag.mn