Бүх албан ёсны бичиг баримт, төлбөрийнх нь тооцоогоо улсын бүртгэлд байхгүй нэрээр хөтөлж, баримт гэхэд хэцүүхэн зүйлээр сурагчдын ар гэрээс бэлэн сая саяар нь мөнгө аван татвараас зугтаж, хууль зөрчиж гэхээсээ илүүтэй гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаа явуулаад байгаа энэ сургуулийг төдийгөөс өдий хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яам, харъяа газрууд нь яагаад байлгаад байгаа нь хачирхалтай-

Хамт ажиллагсдын маань хүүхдүүд хувийн сургуульд сурдаг. Цэцэрлэгийн насны хүүхэдтэй нь ч хувьсгалынхаас илүүд хувийг үздэг. Тэд хүүхдээ томрохоор нь олныхоо жишгийг дагаад болж өгвөл хувийн сургуулиар хүүхэддээ боловсрол эзэмшүүлэх сонирхолтой. Үүнийгээ зөвтгөхөд адаглаад цөөн сурагчидтай учраас багш нь хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг… Чадварлаг багш нарыг хувийн сургуулиуд цалингаар цохиод авчихсан. Төрийн сургуульд тааруухан багш нар ажилладаг, сургалт муутай гэхчилэн цааш хөвөрч өгнө.

Тэдэнд өндөр төлбөр нь асуудал ч хорвоог орхин орхитлоо үр, хүүхдээ гэх монголчуудын  сэтгэлзүйн даван туулах ёстой нэгэн төрлийн шалгуур. Энэ нь эцэстээ хүлцэнгүй байдал, агуу их тэвчихүй рүү хөтөлнө. Бүр зарим овжин этгээдэд олз олох арга хэрэгсэл болсныг яана. “Хүүг минь чангалаад унана…”, “Хүүхдийн нүүр улалзуулаад юу гэх вэ…”  гэх болгоомжлолоор эцэг, эхчүүд сайн эсхүл муугаас үл хамаараад хүүхдийнхээ багшид үргэлжийн мөнхөд найр тавьж, сургуулийнх нь хэлсэн төлбөрийг тушаах албадлагад хүргэнэ. “Арай даварч байна. Дуртай тоогоо хэлээд төлбөр авдаг боллоо. Хүүхдээ өөр сургуульд оруулъя гэхээр хичээл, сурлага нь муудчих болов уу гээд хэлснийг нь өгөөд явж байна” гэж аргаа барсан “Эрэл” дунд сургуулийн сурагчийн аав хэллээ. Тэр “хүүхдийг нь ад үзнэ” гэсэн нөгөөх л сэтэхүйгээсээ болоод нэрээ нууцалж, хохирч яваа нэгэн.

Ер нь бид хүүхдээ чанартай боловсрол эзэмшүүлж, амьдралаа аваад явчих чадварлаг хувь хүн болгохын тулд эрвийх дэрвийхээрээ зүтгэж, хуруу, хумсаа хугалах шахан байж олсон хэдээрээ тэнгэрт хадсан үнэтэй хувийн сургуульд сургадаг болж. Орон гэргүй түрээсийн өрөө хөлсөлдөг хэрнээ байр авчих мөнгөөр хүүхдээ сургах нь энгийн үзэгдэл. Хүүхдээсээ юугаа ч харамлахгүй гэсэн философи дээр нь дөрөөлөөд дунд сургуулиуд ч борооны дараах мөөг шиг олширчээ.

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 111, хувийн хэвшлийн 109  дунд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Цаашид хоёр дахь нь буюу хувийн өмчит сургууль нэмэгдэх нь зайлшгүй. Гэхдээ тэд чанартай сургалттай болоод нэмэгдээд байна уу эсвэл хүүхдээ элит болгох гэсэн монголчуудын мөрөөдөлд дөрөөлөн өндийсөөр өдий зэрэгт хүрсэн үү?!

Тэдгээр сургуу­лиуд амандаа багтсан үнэ төлбөрөө нэхдэгийн нэг жишээ нь, хувийн шил­дэг 20 хувийн сургуу­лиас эхний аравт нь багт­сан “Эрэл” дунд сургууль. Уг нь төлбөрийн хэм­жээг сургуулийн зөвлөл тогтооно.  Зөвлөл нь “багш, ажилтан, сургуулийн захиргаа, эцэг эхийн төлөөлөлтэй байна” гэж Боловсролын тухай хуульд заажээ. Гэтэл энэ удирдах зөвлөлд сургуулийн захирал Д.Төмөрхүү, захирал Грам Хил, үйл ажил­ла­гааны менежер С.Мөнхжаргал, нягтлан бодогч Отгонбавуу л багтдаг аж. Өөрөөр хэлбэл, хуульд заасан төлөөлөл болох эцэг, эхчүү­дийн төлөөлөл байхгүй гэсэн үг. Харин ийм төлөөлөлгүй бол төлбөрийн хэмжээг тогтоосон шийдвэр гаргахыг хориглоно гээд заачих­сан байх юм. Гэтэл сургуулийн захиргаа өнгөр­сөн жил 4,5 сая төгрөг байсан төлбөрөө энэ хичээлийн жилд 7,5 саяас дээш болгож, 2013-2014 оны хичээлийн жилийн сургалтын төл­бөрийн хагасыг өнгөрсөн хавар өгөхийг шаард­жээ. Ингээд маргаан дэгдэж Боловсролын яаманд мэдэгдсэн ч төлбөрөө нэмэхээ больсон гэнэ. Харин хууль бус зөвлөл нь есдүгээр сарын 4-нд хуралдан төлбөрийг шинэчлэн тогтоож,  1-5 дугаар ангийг 7 сая 550 мянга, 6-9 дүгээр ангийг 7 сая 750  мянга, 10-11 дүгээр ангийг 7 сая 950 мянган төгрөг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

Үүнийг нь эсэргүүцсэн эцэг, эхчүүдийг төлбөрөө бэлнээр тушаасны дараа гэрээгээ хийх эрх чинь үүснэ гэж амыг нь таглаж. Бэлнээр төлбөрөө тушаасны дараа байгуулах гэрээний 6,5-д “Сургалтын төлбөрийн 20 хувь нь ямар ч нөхцөлд буцаан олгогдохгүй”, 6,11-т “Сурагч нь сургуулийн дүрэм, дотоод журмыг зөрчсөний улмаас хасагдаж байгаа тохиолдолд сургуулийн захиргаа гэрээг дангаар цуцлах ба сургалтын ашиглагдаагүй үеийн төлбөрийг сурагчийн хууль ёсны төлөөлөгчид эргүүлэн олгохгүй” гээд заачих­­жээ. Нэг ёсны бэлэн мөнгө авч татвараас зуг­тахын дээр хэл, ам гаргавал хүүхдийг нь ялих­гүй шалт­гаанаар хөөгөөд мөнгийг нь аваад үлдэх  “дээр­мийн” гэрээг тулгаж. Хүүхэд мэдээж гэнэн томоогүй зан гаргаж салхилгагүйтэх бол энгийн үзэгдэл. Тэрнийг нь анаж байгаад л сургуу­лиасаа хасчихна. Өөр хувийн сургуульд оруулъя гэвэл төлбөрийг нь аваад үлдчихнэ. Дахин төлбөр төлж өөр сургуульд оруулахгүй бол төрийн сургуульд оруулах л зам эцэг, эхчүүдэд үлдэнэ гэсэн үг. Дараагийн хувийн сургууль үүнээс нэг их ялгаагүй гэрээг өмнөөс нь өгнө. Учир нь энэ нийтлэг жишээ. Аргаа барсан эцэг, эхчүүд О.Магнай даргын газарт хандаж. Шалгалтын явцад илэрсэн зөрчил, гэрээгээ өөрчилж, эцэг, эхийн төлөөллийг 50-аас доошгүй бүрэлдэхүүнтэй хуралдуулж удирдах зөвлөлдөө төлөөлөлтэй болго гэдэг актыг үйлдэн тус сургуульд хүргүүлжээ.

Харин сургуулийн захиргаа дахиад л башир арга хэрэглэх нь тэр. Эцэг, эхчүүд нь мэдээгүй хуралдаан гэгчийг хийж тэдний төлөөлөл гэх дөрвөн хүнийг удир­дах зөвлөлдөө оруул­жээ. Ингээд өөрсдийн тогтоосон төлбөрийг “зөв” гэх шийдвэрийг дахин гаргаж. Харин нэрээ хэлэхийг хүсээгүй эцэг, эхчүүд удир­дах зөвлөлд эцэг, эхийн төлөөл­лийг сонгох хурал хийх байтугай зар тараа­гаагүй гэдгийг баталж байна.

Хамгийн хачирхалтай нь энэ сургуулийн тусгай зөвшөөрөл ч ихээхэн эргэлзээтэй. Нийслэлийн Боловсролын газраас “Эрэл ESM” нэрээр тусгай зөвшөөрөл авсан боловч хуулийн этгээдийн бүртгэлд “Эрэл” дунд сургууль гэсэн бүртгэлтэй байна. Харин албан бичгийн толгой болохоор “EREL” SECONDARY SCHOOL гэж бичдэг аж. Дээр нь, “The English of Mongolia” гэх нэрийг улсын бүртгэлд бүргүүлж, тусгай зөвшөөрөл аваагүйгээр ашигладаг аж. Бүх баримт, бичгийнх нь толгой улсын бүртгэлд бүртгүүлээгүй, тусгай зөвшөөрөл аваагүй нэрээр үйлдэгдэж байна гэдэг нь энэ сургууль зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Хамгийн нэр хүндтэй гэгддэг сургуулиудынх нь нэг нь тусгай зөвшөөрөлгүй байж үйл ажиллагаа явуулдаг гээд хэлсэн ч нэг их хол зөрөхгүй.

Бүх албан ёсны бичиг баримт, төлбөрийнх нь тооцоогоо улсын бүртгэлд байхгүй нэрээр хөтөлж, баримт гэхэд хэцүүхэн зүйлээр сурагчдын ар гэрээс сая саяар нь бэлэн мөнгө аван татвараас зугтаж, хууль зөрчиж гэхээсээ илүүтэй гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаа явуулаад байгаа энэ сургуулийг төдийгөөс өдий хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яам, харъяа газрууд нь яагаад байлгаад байгаа нь хачирхалтай. Тэдний дээрмийн аргаар шахуу олсон мөнгөнөөс авлига аваад амаа үдүүлчихдэг юм биш биз дээ. Манай хууль, хяналтынхан яагаад ийм байгууллагад үйл ажиллагаа явуулаад байх боломжийг олгоод байгаа нь ч сонин.

Ер нь 109 хувийн сургуулийн хэд нь албан ёсоор зөвшөөрөл авсан нэрэндээ үйл ажиллагаа явуулж байна вэ. Тэд “Эрэл” дунд сургууль шиг үйл ажиллагаа явуулаагүй гэх баталгааг хэн өгөх вэ. Төлбөртөө таарсан чанартай сургалт явуулж байна уу гэдгийг хянаж, тогтоодог байгууллага энэ улсад бий юу. Бид амар хялбараар мөнгө олох шуналд хөтлөгдсөн сувдаг сэтгэлтнүүдэд үр, хүүхдээ даатгаад байгаа юм биш биз дээ.

…Ажлын маань залууг охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөхөд багш нь их дуртай. Харин эхнэрийг нь аваачаад өгөхөөр ширэв татах нь энүүхэнд. Учир нь манай хүн очихдоо багшид нь набор, чихэр, жигнэмэг сэлтийг аваачаад өгчихнө. Хүүхдээ бодоод багшийг аргалж байгаа нь тэр. Тэр энэ үйлдэлдээ сэтгэл хангалуун явдаг. Тэгсний ачаар хүүхдээ төрийн цэцэрлэгт явуулж байгаа ч хувийнхаас илүү халамжилдаг гэсэн. Энэ жил хүүхэд нь сургуульд орно.

Харин түүнд багш нарынх нь гарыг хүндрүүлэх эсвэл төлбөрийнх нь дүнд найдаад хувийн сургуульд оруулах хоёр сонголт бий. Эхнийх нь арай бага зардал гаргана. Тааруухан гэгддэг сургалттай. Бас буух эзэнтэй улсын сургууль. Хоёр дахь нь тохилог орчин, илүү чанартай сургалттай гэсэн батлагдаагүй ч гэлээ итгэл үнэмшилтэй, амьдарч байгаа хашаа байшингаа зараад ч дийлэхгүй төлбөр нэхэж мэдэх эрсдэлтэй. Харин алинд нь өгвөл хүүхдээ аятайхан хүн болгох бол гэсэн бодлын хариулт бүх зүйл дууссан хойно харж болох хөзөр…






Л.НАРАНТӨГС

Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №039