Дөнгөж сая  Ерөнхий сайд асан Р.Амаржаргал мэдээлэл хийлээ. Тэрбээр Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчиддээ хандан “Ринчиннямын Амаржаргал миний бие, өөрийн итгэл үнэмшил, Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийнхээ захиас даалгавараар Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулах намын дотоод санал асуулгад оролцох болсноо” мэдэгдэв. Энэ үеэр тэрбээр  улс төрийн өндөрлөгт хүрсэн амжилтаа Ардчилсан намтай холбон ойлгож байдаг тухайгаа хэлж “Миний хийсэн ажил, энгийн атлаа бүтэн нэртэй замнал минь намын эгэл жирийн журмын нөхдийнхөө нүүрийг улалзуулж байгаагүй гэдэгт би бүрэн итгэдэг” тухайгаа онцлон тэмдэглэлээ.Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах дотоод санал асуулгаа маргааш явуулах бөгөөд бүх гишүүдийн санал хураалтаар нэр дэвшигчээ тодруулах юм. Ингээд хэвлэлийн хурлын үеэр хийсэн түүний мэдэгдэл болон намтарыг хүргэж байна.

 

Мэдэгдэл

Ринчиннямын Амаржаргал миний бие, өөрийн итгэл үнэмшил болон ардчилсан намын гишүүд дэмжигчдийнхээ захиас даалгавраар Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах нам доторх санал асуулгад оролцох болсноо мэдэгдэж байна.

Өнгөрсөн жилүүдэд миний бие Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Гадаад Хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байлаа. Үүнийг миний гардан байгуулсан Ардчилсан намаас надад хүлээлгэсэн өндөр итгэл, үзэл санаандаа үнэнч Ардчилсан намын мянга мянган гишүүдийн маань нөр их зүтгэлийн үр дүн гэж үздэг.

Тийм ч учраас миний бие төрийн үйл хэрэгт чин сэтгэлээр зүтгэж, журмын нөхөд, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр чандлан биелүүлж, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан, эгэл жирийн журмын нөхөр Таны нүүрийг улалзуулалгүй ажиллаж ирсэн.

Миний ардчилсан үзэл баримтлал, түүний үнэт зүйлсийг сахин хадгалах, төрийн хар хүний байр суурийг сахих, шударга, зарчимтай улс төрийг тогтоох гэсэн чармайлтыг журмын олон нөхөд төдийгүй жирийн иргэд, сөрөг хүчний улс төрчид хүртэл мэднэ.

Журмын нөхөд өө,

Монголын өнөөгийн хямралт нөхцөл байдал нь олон учир шалтгаантай ч нэг зүйлийг онцлон хэлье.

Монголд байгаа намуудын учир утгагүй тэмцэл сөргөлдөөн хариуцлагагүй улс төр  нь муу муухай бүхний үүр уурхай болж байна. Тухайлбал, хариуцлагагүй улс төрөөс болж,

  • Эрх ашгийн эрэмбэ алдагдаж, улсынхаа жинхэнэ эзэн болсон ард түмний эрх хязгаарлагдаж байна.
  • Улс орон нам даган хагарч, монгол хүн улс төрийн сонголтынхоо төлөө хохирч байна.
  • Шударга ёсны үнэ цэнэ, үнэт зүйл алга болж мартагдахад хүрч байна.
  • Баялгийн тэгш хуваарилалт алдагдаж баян хоосны ялгаа нэмэгдэж байна.
  • Эдийн засгийн боломжоо алдаж, гадаадын хөрөнгө оруулалт бүдгэрч эх орноо хямралын тавцанд зогсоож ард түмнээ туйлдуулж байна.
  • Иргэдийн итгэл гундаж, хүн болгон улс төрөөс залхаж, үзэн ядалт ихсэж байна.
  • Монгол Улс олигархи засаглалын гарт орж байна.

Эдгээр нь Монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Энэ бол миний Ардчилсан нам дотроо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад оролцох шийдвэрийн үндэс болж байгаа юм.

Монгол Улс хараат бус, хүчирхэг эдийн засагтай, дэлхийн хөгжингүй орны тоонд багтах бүрэн боломж бий гэдэгт би итгэдэг. Учир нь, бидэнд эцэг өвгөдийн минь өвлүүлж үлдээсэн зарим улс орны хүсээд ч олж чадахгүй байгалийн асар их нөөц баялаг бүхий бүрэн эрхт тусгаар тогтносон эх орон, эрх чөлөөтэй хөдөлмөрч ард түмэн  минь байна.

Хамгийн гол нь монголчууд бидэнд зангидсан гар мэт эв нэгдэл, эрч хүч, монголын төрд чиглэсэн цэгцтэй бодлого, шударга ёс, чанд хатуу хяналтын тогтолцоо дутагдаж байна. Эв нэгдэл гэдгийг би өөрийнхөө болон бусдын өмнө үүрэг хариуцлагаа хүлээх чадвар гэж ойлгодог. Хариуцлага нэхсэн асуулт бүхэнд хууль журам, шударга ёс, Эв нэгдэл шаардсан асуулт бүхэнд эх оронч манлайлал, иргэдээ дээдэлсэн  монгол ухаан үгүйлэгдэж байна.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах нам доторх санал асуулгад олонхийн санал авч, нэр дэвших эрхээ авбал хийж  хэрэгжүүлэх хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж, улс төрийн өрсөлдөгч хүчний нэр дэвшигчидтэй зөвхөн бодлогоор өрсөлдөж амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна.

Би ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, шударга ёс, хариуцлагын манаанд тангараг өргөсөн цэргийн ёсоор үнэнч зогсоно гэдгээ итгэл төгс илэрхийлж, намын журмын нөхөд Та бүхнийг миний төлөө саналаа өгөхийг уриалж байна.

 

Монгол Улсын 21 дэхь Ерөнхий сайд Ринчиннямын Амаржаргалын намтар

Р.Амаржаргал нь 1982 онд ЗХУ-ын Москва хотноо Плехановын нэрэмжит Улс Ардын Аж Ахуйн Дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 1995 онд Их Британийн Брэдфордын их сургуулийг Макро эдийн засгийн шинжлэх ухааны магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.

Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцогч, Шинэ дэвшилт холбоо, Монголын үндэсний дэвшилийн намыг үүсгэн санаачлагч Р.Амаржаргал нь тухайн үед үзэл баримтлал ижил улс төрийн 5 хүчнийг нэгтгэх үйл явцад идэвхитэй оролцож, өнөөгийн Ардчилсан намыг үүсгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн.

Р.Амаржаргал 1982 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагчаар ажил мэргэжлийн гараагаа эхэлж, 1983 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн багш, 1991 онд Эдийн засгийн коллежийн захирал, 1998 онд Монгол Улсын гадаад харилцааны сайд, 1999 онд Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг албан тушаалд томилогдон ажилласан. Тэрээр 2000 оноос “Амаржаргал сан”-ийн тэргүүн, 1996-1999, 2004-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Тэрээр Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого, макро эдийн засаг, гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, зэвсэгт хүчин, боловсрол, даяаршилал, чөлөөт худалдаа зэрэг асуудлуудыг төрийн бодлогын түвшинд түлхүү анхаарч ажилладаг.