Эхнэр нь их хэмжээний мөнгөний асуудалд холбогдож, өөрөө бусдыг дарамталсан гэдэг хэл аманд өртөөд байгаа БСШУ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр дахин албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдож эхлэв. Энэ удаа тэрээр төрийн өмчит Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг УИХ-ын гишүүн Занданшатарт бэлэглэсэн хэрэгт холбогдож эхэллээ. Гэхдээ төрийн өмчийг хувийн болгож хувиргах энэ ажил нилээд дээрээс эхэлсэн бололтой. Одоогоос гурван жилийн өмнө төрийн өмчийн их, дээд сургуулиудад бүтцийн өөрчлөлт хийхээр Засгийн газрын хуралдаанаар шийдэж байсан. Тухайн үед их, дээд сургуулийн тоо хэт олширсон нь төрөөс оруулж байгаа хөрөнгө оруулалт тарамдах, сургалтын чанар доголдох  зэрэг олон сөрөг талтай  байна хэмээн БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр мэдээлж,  МУИС-д Улаанбаатар их сургууль, Гааль-эдийн засгийн дээд сургууль, Худалдаа, үйлдвэрийн дээд сургуулийг, нэгтгэж байгаагаа зарлаж байсан. Тэр үед Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль МУИС-ын бүрэлдхүүнд орж, улам л өргөжиж  тэлэх байх гэж зарим хүн горьдож байсан нь дамжиггүй. Гэвч сахил хүртээд шал дордохын л үлгэр болжээ. 1924 оны 11-р сарын 01-нд байгуулагдсанаас хойш худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийтийн хоолны салбарын 40 мянга гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсэн туршлагатай энэ том сургуулийг МУИС-тай нэгтгэх ажлыг эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй байсан. Гэвч Засгийн газрын 15 тоот тогтоолоор түрий барин хүчээр нэгтгэх  ажиллагааг  тэр үеийн МУИС-ийн удирдлага С.Төмөр-очир, ХҮС-ийн захирал Б.Батсайхан  нар хэрэгжүүлсэн. Б.Батсайхан сургуулийнхаа бүхэл бүтэн корпусыг хөрөнгийнх нь хамт  ГГС-д “бэлэглэж” ,  бренд  хөтөлбөрүүдийг нууцаар найр тавин өгснийг  хамт олон нь эсэргүүцсэн ч  ноёнтой заргалдвал толгойгүй гэгч болоод өнгөрсөн.   


Энэ бүх бусармаг үйлдлийг  БСШЯ-ын яамныхан мэдсэн ч  нүдэн балай, чих нь дүлий царайлж байлаа. Засгийн газрын 2010 оны 15-р тогтоолоор МУИС-д нэгдэхээс өмнө манай сургууль хичээлийн 2 байр, Баянхонгор  аймагт  салбар сургууль, мөн 350 оюутны дотуур байр, оюутны дадлагын бааз болох “Харзтай” амралтын газар,  “Хөвсгөл усан зам” ХК-нд хувь эзэмшиж байсан бөгөөд зах зээлд хамгийн их эрэлттэй 14 мэргэжлийн хөтөлбөртэй, 3000 гаруй оюутан, 250 гаруй хүний нөөцтэй, эрдэм шинжилгээний болон оюутанд зориулсан номын сангийн 3 танхим, мөн онлайн номын сан, багш судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэх зорилготой эрдэм шинжилгээ судалгааны төвтэйгээр  үйл ажиллагаагаа явуулж байв. Тэгвэл өнгөрсөн гурван жилийн дотор тус сургуулийн оюутнуудын тоо хоёр дахин буурч 2165 байснаа 2013 онд 1011  болжээ. МУИС-тай нэгдэхээсээ өмнө  4.5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 3.2 тэрбум төгрөгийн орлоготой, төрөөс ямарч татаас дэмжлэг авдаггүй, өөрийгөө бүрэн санхүүжүүлдэг, мэргэжил-сургалт нь төлөвшсөн энэ том сургуулийн багш оюутнуудыг шилжүүлж, үндсэн хөрөнгийг нь ч бас МУИС өөртөө татаж авчээ. МУИС-ийн өмнөх удирдлага тус сургуулийн бэлтгэж байсан  хамгийн эрэлт ихтэй мэргэжлийн 8 хөтөлбөрийг ЭЗС, МКС, ГХСС, ГГС руу мэргэжлийн багш болон оюутнуудынх нь хамт шилжүүлж, “Манлай” лицей сургуулийг  “Байгаль эх ” лицей сургуультай нэгтгэж, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг гэрлийн хурдаар тарааж, хэдэн оюутнуудыг нь нааш цааш гүйлгэж, хөрөнгө хогшлыг нь орвонгоор нь эргүүлээд хаячих нь тэр. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх нэртэй том дээрэм тус сургууль дээр болсон гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Ихээхэн хөрөнгө, хүч зарцуулан байгуулсан кабинет лаборатори болон нэг цэгийн үйлчилгээ, тестийн төв, оюутны бие даалтын болон уулзалт хурлын танхим, эрдмийн өргөө, сургуулийн музейг  устгаж, 300 оюутны багтаамжтай  лекцийн танхим, соёл урлагийн заалыг Геологи газарзүйн сургуульд шилжүүлжээ. Гэхдээ энэ дээрмийн толгойлогч нь Монголын боловсролын салбарыг удирдаж суусан Ё.Отгонбаяр байсан нь бүүр ч харамсалтай.

 Их, дээд сургуулийн тоо хэт олширсон байна хэмээн Засгийн газраар 15-р тогтоол гаргуулаад байсан БСШУ-ны сайд маань харин ар хударгаар нь шал өөр зүйл хийж байсан байх юм. Тэрээр 2012 оны долдугаар сарын 23-ны өдөр  А/427 тоот тушаал гаргажээ. Хамгийн сонирхолтой нь энэхүү тушаалд “Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль байгуулах тусгай зөвшөөрлийг үүсгэн байгуулагч Г.Занданшатар, М.Дэлгэржав, М.Оюундэлгэр нарт олгосугай. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд нягтлан бодох, менежмент, үйлдвэрлэлийн мэргэжлээр баклаварын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгон бүртгэл хийхийг Мэргэжлийн боловсролын газарт зөвшөөрсүгэй” хэмээн бичээд гарын үсгээ зурж, БСШУЯ-ны тамгыг дарсан байх юм.

 Их дээд сургууль олдоод байна гэж Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг МУИС-тай нэгтгэж, тус сургуулийг тарааж орхисон БСШУ-ны сайдаас энэхүү тушаалыг гаргуулж авсан хүмүүс нь бүүр ч их сонирхол татна. Ё.Отгонбаяр сайдын тушаалд нэр дурьдагдсан Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн үүсгэн байгуулагч Г.Занданшатар нь тухайн үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн. Харин М.Дэлгэржав нь МУИС-тай нэгдсэн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн тухайн үеийн захирал Б.Батсайханы эхнэр. Харин М.Оюундэлгэр нь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн Баянхонгор дахь салбар сургуулийн захирал. Хачирхалтай биш байна гэж үү. 90 жилийн түүхтэй Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг Ё.Отгонбаяр сайд сайндаа ч МУИС-тай нэгтгэсэнгүй. Энэ сургуулийн нэр, бас Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа салбар сургуулийнх нь хөрөнгө мөнгийг Г.Занданшатарт авч өгөх гэж Засгийн газраас 15 тоот тогтоол гаргуулсан гээд хэлчихэд буруудахгүй.  Энэ тогтоолынхоо хүрээнд Баянхонгор аймаг дахь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг татан буулгажээ.  Үүнийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн захирал асан Батсайхан  гардан хийжээ. Тэрээр шинээр байгуулагдах Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн үүсгэн байгуулагчаар эхнэр М.Дэлгэржавыгаа оруулсан байх юм. Үүнийхээ шанд  тэрээр өнөөдөр МУИС-ийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн бланснаас Баянхонгор аймаг дахь сургуулийн хөрөнгө мөнгийг хассан байх юм. М.Оюундэлгэр  гэгч  Баянхонгор дахь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн захирал эмэгтэйг шинээр байгуулах Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийнхаа үүсгэн байгуулагчаар оруулж ирсэн бололтой. Засгийн газрын нэг тогтоол, Ё.Отгонбаярын нэг тушаалын хүчээр Г.Занданшатар, экс захирал Батсайхан, Оюундэлгэр гэгч энэ гурван хүн Баянхонгор аймгийн төв дээр байрлах тэрбум гаруй төгрөгийн үнэтэй гурван давхар том байшинтай, анги танхим, лабораторитой, олон зуун саяар үнэлэгдэх хөрөнгөтэй том сургуулийг хувьдаа авч, бас Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн үүсгэн байгуулагч болж хувирав. Харин үүний цаана улсад хичнээн хэмжээний хохирол учирч, хичнээн оюутнууд хохирч үзснийг тооцох арга алга. Ё.Отгонбаяр, Г.Занданшатар, Батсайхан нар  нэг салбар сургуулийн барилга байшин, тусгай зөвшөөрөл нэрэнд шунасандаа Монголын Их дээд боловсролын салбараар тоглож, хөрөнгө мөнгийг нь гүйлгэж, бөөн бужигнаан үүсгэж орхисон байна. Энэ гурван хүн нэг сургуультай болохын тулд нэг салбараар тоглож орхисон нь энэ. Г.Занданшатарын хувьд Баянхонгор аймгаас УИХ-д гарч ирсэн улс төрч. Тэрээр аймагтаа том хөрөнгөтэй, тэр хөрөнгө нь улс төрийн хувьд ашигтай байхыг тооцооолж энэ луйварт нэгдсэн нь тодорхой. Шударга байна, үнэн байна, эх оронч байна гэж өөрсдийгөө рекламддаг манай томчууд иймэрхүү л маапаантай зүйл хийж, хувийнхаа ашиг сонирхлын төлөө нүдээ ч ухаад өгөхөөс буцахгүй байна.