-Үе үеийн Засгийн газраас Тавантолгойн хувьцааг иргэдэд ашигтай байлгах тун ч олон хувилбар гаргаж ирдэг. Бодлого ч боловсруулдаг. Бүр хувьцааг амь оруулах үүрэг хүлээсэн баг хүртэл байж, цалин авч байгаа-


Ирэх зуны аагим халуун одоо төөнөж эхэллээ. Ноднингийн тэр нэг шатам халууныг өнгөрсөн өвлийн хүйтэн ч мартуулж чадаагүй. Гол нь тэр их халууныг дурсмагц л Тавантолгойгоос ард түмэнд оногдсон хишиг гэгдэх хувьцаагаа төрд зарж хэдэн төгрөг олохоор өдөржин дугаарлаж, наршиж, цангасан хүмүүс нүдэнд харагдах юм.
Сонгуулийн дуулиан, өрсөлдөгч нарын нэгнээ түлхэх элдэв оролдлогын хажуугаар гэнэтхэн л хувьцааны дуулиан гараад ирсэн. Уг нь Тавантолгойн ордыг уурхай болгоод, гадаад дотоодын олон компани тэнд ажиллаж, амь оруулаад ирэхийн цагт иргэн бүрт оногдсон 1072 хувьцаа чухам чулуу болно гэж хүн бүр л итгэж байсан. Гэвч хэзээ үнэд орох нь тодорхойгүй, бүр иргэдийн нэр дээр байгаа эсэх нь мэдэгдэхгүй байсан хувьцааг бэлэн мөнгөөр сольж эхэлсэн учраас хүмүүс цаашдын заяа төөргийг нь хөсөр хаяж шууд л худалдаж байлаа. Маш олон эдийн засагч, улстөрч үүнийг эсэргүүцэж “Хэсэг хүлээ” гэцгээсэн ч өдгөөг хүртэл бидний хувьцаа үхмэл хэвээр байсаар.
Үе үеийн Засгийн газраас Тавантолгойн хувьцааг иргэдэд ашигтай байлгах тун ч олон хувилбар гаргаж ирдэг. Бодлого ч боловсруулдаг. Бүр хувьцааг амь оруулах үүрэг хүлээсэн баг хүртэл байж, цалин авч байгаа. Гэсэн ч бидний хувьцаа ноднингийн аагим зуны халуунтай хамт хайлчихсан бололтой.
Хамгийн сүүлд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид өнгөрсөн сарын 28-нд хуралджээ. Ирц нь 100 хувиар бүртгэгдсэн гэнэ. Энэ үеэр компанийн санхүү, үйл ажиллагааны тайланг танилцуулсан юм байх. Нээлттэй байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ хамгийн гол нь “Эрдэнэс Таван толгой”-н ТУЗ-өөс “Тайлант хугацааны сүүлийн хагас жилд менежментийн оновчтой бодлого баримталж ажилласны үр дүнд Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг сэргээж, орлогоо нэмэгдүүлсэн” гэж мэдэгджээ. Түүгээр ч үл барам, “Цанхийн Зүүн уурхайг тогтвортой ажиллуулан “Чалко Трейдинг Хонг Конг” компанид төлөх төлбөрийн хэмжээг бууруулж, хөдөлмөрийн болон байгаль орчин, эрүүл ахуйн осол, аюулгүй ажилласан “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 2016 оны үйл ажиллагааны үг дүнг хангалттай” гэж дүгнэснээ зарласан. Үүнээс харвал иргэн бидний хувьцаа хэдийнэ амь ороод, тэр ч бүү хэл үнэд хүрээд эхэлчихсэн баймаар санагдах юм. Гэвч бодит байдал дээр иргэдэд хувьцааны ашиг гэх гарт баригдаж, нүдэнд харагдахаар зүйл ирсэнгүй. Уг нь Монголын ард түмэн “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 14 хувийг эзэмшдэг. Тиймээс компанийн ТУЗ олон нийтэд нээлттэй тайлан гаргаж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай. Статистик үзүүлэлтээс харахад, “Эрдэнэс-Таван Толгой” ХК 2011-2016 онд 15.7 сая тонн нүүрс экспортолжээ. Нэг жишээ татахад, Монгол Улс 2015 онд нийт 14.5 сая тонн нүүрс экспортолсон бол үүний 30 орчим хувийг “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн экспортолсон нүүрс эзэлж байжээ. Харин Монгол Улсын экспортолсон нийт нүүрсний хэмжээ БНХАУ-ын импортын 10 орчим хувийг эзэлж байна. Ингээд бодоод үзэхээр энэ компанийн зүгээс Чалкогийн гэрээ, эсвэл бусад зах зээлийн асуудал зэргийг байнга ярьж, гомдоллож байдаг нь хачирхалтай. Үнэт цаас, хувьцааны зах зээлийн тоглогчид, эдийн засагчид “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийг сул дорой байдлаасаа гарч, иргэдийн хувьцааг ашигтай байлгах тал дээр хэрхэн ажиллах талаар маш олон сонирхолтой санал санаачлагыг гаргасаар ирсэн. Тэдгээрийг нийтэд нь базвал “Нэгэнт компанийн үйл ажиллагаа явуулж байгаа бол цэвэр зах зээлийн зарчимд суурилсан, компанийн засаглалтай бодлого явуул” гэсэн санаа гарч ирдэг.
Өнгөрсөн хоёрдугаар сард Хэвлэлийн хүрээлэнд “Эрдэнэс Таван толгой (ЭТТ) ХК-ийн хувьцааг хөдөлгөх арга замууд” сэдэвт хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны мэргэжилтэн ““Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны ашгийг хүртэхийн тулд хэд хэдэн өөрчлөлт хиймээр байна. Гэхдээ юун түрүүнд энэ компанийг улс төрийн ашиг сонирхлоос хол байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, компанийн дүрмээр байх ёстой гэвэл компани шиг үйл ажиллагаа явуулах ёстой. Улс төрөөс ангид, мэргэжлийн баг энэ компанийг удирдаж байж хувьцаа ашигтай байх болно. Энэ компани улс төрөөс асар их хамааралтай учраас үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Иргэд зургаан жилийн турш хувьцаатай ч юм шиг, хувьцаагүй ч юм шиг л байсаар ирсэн. Энэ хувьцааг худалдах, худалдаж авах, өвлөх эрх иргэдэд байхгүй. Улс төрийн оролцоог хазаарлахгүй бол энэ байдал оршин тогтносоор л байна” гэсэн юм.
Одоо бол иргэдийн нэр дээр 1072, 536, 772 гэх мэтээр харилцан адилгүй хэмжээтэй хувьцаа байгаа. Бид хувьцааны өгөөжөө хүртэх урьдчилсан нөхцөл нь ЭТТ компанийн ашигт ажиллагаа. ЭТТ-н санхүүгийн үзүүлэлтүүдийг харвал тус компани Чалкод 76 сая ам.доллар, Хөгжлийн банкинд 200 сая ам.доллар тус тус төлөх ёстой. 2010 онд компанийг анх байгуулахад толгой компани болох “Эрдэнэс Монгол” багахан хэмжээний хөрөнгө нийлүүлжээ. Иймд компанийн үйл ажиллагааг эхлэхийн тулд арилжааны банкуудаас зээл авч, тэр зээлээ өртөг багатай, Хөгжлийн банкны зээлээр орлуулжээ. 200 сая ам.долларын зээлийг ямар нэг төсөл хөтөлбөрт зарцуулаагүй. Ажилчдын цалин, олборлолт зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангахад ашигласан аж.
Чалкогоос авсан 300 сая ам.долларын зарцуулалтыг харахад сонгуулийн амлалтын биелэлт нэрээр иргэдэд бэлэн мөнгө болгон тараачихсан. Ийм учраас л “Эрдэнэс Таван толгой”-г нээлттэй компани болгож, улс төрөөс ангид байлгавал, Чалкогийн түүхийг дахин давтахгүй гэж мэргэжлийн холбоо тайлбарлаж байсан.
Дээр дурдсан ерөнхий санааны үндсэн утга нь ердөө л энэ ажээ. Компани бол компани. Харин төрийн өмчийн нэр дээр байдаг бол энэ нь улс төрийн намуудын гол бай, Засгийн газруудын зардлыг нөхөх нөхөөс төдийхөн л байна гэсэн үг.