Ардчилсан Нам өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүсэлтэй нэр бүхий зургаан гишүүнээ бүртгэсэн билээ. Өнөөдөр АН-ын нийт гишүүдийн дунд санал хураалт явагдаж, улмаар хамгийн их санал авсан нэр дэвшигчийг намын их хурлаараа батламжлах учиртай.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшихээр Ерөнхий сайд, Тэргүүн Шадар сайд, АН-ын дарга, Сангийн Сайд, Хөдөө Аж ахуй үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Шадар сайд, Хууль Зүйн Сайд, Батлан Хамгаалахын Сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Сайд, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал, Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав, Ерөнхий сайд, Гадаад Харилцааны Сайд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Зам Тээвэр, Барилга Хот байгуулалтын Сайд, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайд, УИХ-ын гишүүн асан,  Монголын Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч, МоАХ-ы дарга, "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн зургийн дарга, хөтлөгч Х.Баттулга, Гадаад Харилцааны Сайд, Батлан Хамгаалахын Сайд, Ашигт Малтмал, Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газрын Дарга асан, УИХ-ын гишүүн Л.Болд, Үйлдвэр Худалдааны Сайд, УИХ-ын гишүүн, БНН-ын дарга асан, "Буян" компаний Захирал Б.Жаргалсайхан нар нэр дэвшсэн юм. Эдгээрээс Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг л цор ганцаараа нэр дэвшигчээр бүртгүүлэхийнхээ өмнөх өдөр өөрийгөө сурталчилж, телевизийн шууд ярилцлагад оролцов. 
 
Энэ үеэрээ тэрээр гагцхүү сайн сайхны төлөө шинэчлэл хийх гэж байхад нь л түүнийг огцруулсан, бонд буюу гадаад зах зээлээс их хэмжээний валют босгож маш их бүтээн байгуулалт хийсэн гэх мэтчилэн өөрийгөө бүтэн цаг шахам магтав. Түүнийхээр зам тавьж, 888 төсөл гэгчид бондны мөнгийг зарцуулж байсан нь аугаа сайн үйлс юм гэнэ. Үнэндээ тэрээр ямар Ерөнхий сайд байсныг хамтдаа санацгаая л даа. Н.Алтанхуяг үнэндээ  " Саяхан 300 төгрөгөөр худалдаагдаж байсан өндөг нэг ширхэг нь 500 төгрөг болжээ. Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн хаана байна вэ” гэх сэтгүүлчийн асуултад “Өндөг 500 төгрөг болсныг үнэ өссөн гэдэггүй.
 
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хувцас зэрэг 230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж нэг сагсанд хийгээд дундаж үнийг тооцоолж гаргадаг. 230 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах ямар ч боломжгүй. Гарын таван хуруунд багтах мах, гурил, шатахуун, цементийн үнийг тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжсэн.  Бүх юмны үнийг  тогтвортой байлгадаг Засгийн газар хаа ч байхгүй. Будааны үнэ өндөр байгаа бол гурил идчих хэрэгтэй шүү дээ”  гэж хариулдаг Ерөнхий сайд байлаа. 
 
Мөн өөрийнх нь эгчийн охинтой үерхдэг залууг шууд өөрийнхөө удирдлагад буюу Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дэд даргаар томилж, сонирхлын зөрчил үүсгэж байсан анхны Ерөнхий сайд байлаа.
 
Сэтгүүлч Б.Ганчимэгийн бичсэн баримт бүхий өөрийг нь  төсвийн мөнгөнөөс эхнэр хүүхэдтэйгээ Солонгос улсаар аялсан гэх мэдээллийг үгүйсгэж, шүүхэд ханддаггүй л Ерөнхий сайд байлаа.
 
Ууланд аялж, төөрч, ажлын өдөр алддаг Ерөнхий сайд байлаа.
Хөрш орнуудынхаа төрийн тэргүүний уулзалтыг "Хоёр хүн уулзаа л биз дээ, ямар хамаатай юм" гэж томьёолдог Ерөнхий сайд байлаа.
 
Мөн өөрийнх нь зөвлөх шоронд хоригдоход Хууль Зүйн сайдаа дагуулж очоод шууд уулзчихдаг л Ерөнхий Сайд байв.
 
Намынхаа дүрмийг зөрчин, МАХН-тай олон жилийн хамтын ажиллагааны гэрээг дур мэдээд л зурчихдаг АН-ын дарга байсныг ч гишүүд нь мартаагүй биз.
 
Өөрийнх нь хэлсэн шиг хууль, цагдаа, тагнуултай огт холбоогүй мундаг ёс зүйтэй хүн биш,  дотны найз, татварын албаар мэргэшсэн Б.Ариунсангаа Тагнуулын Ерөнхий Газрын Даргаар томилчихдог л Ерөнхий Сайд байлаа.
 
Өөрийнх нь баталж буйгаар ямар ч бүлэглэлд байж үзээгүй гэх авч үнэндээ МАНАН-гийн хамтарсан Засгийн Газрын Тэргүүн Шадар Сайд ч хийж явсан улс төрч байлаа. МАН, АН-ын гишүүдээс бүрдсэн "Алтан гадас" ассиоцацийн ч тэргүүнээр ажиллаж байлаа.
 
Мөн л өөрийнх нь хэлсэн шиг гоншигнодоггүй эр хүн  байгаагүй гэдгийг Ерөнхий сайд байхдаа МАН-ынханд хандан хэлсэн "Би та нарын баасыг цэвэрлэж байна.. Та нар яасан их хууль мөрддөг юм" гэх мэт дүрс бичлэгт үлдсэн алдарт үгс нь нотолно.
Одоо  Ерөнхий сайдын ажлаа авбал ав гэж хэлсэн эр хүн мэт ярих болсон ч өөрийг нь огцруулах сургаар Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийж, нөхдөө золиход ч ойрхон байсныг 2014 оны намрын халуун өдрүүдийн хуучраагүй түүх нотолдог.
 
Эцэст нь хэлэхэд Н.Алтанхуяг даргаа  та одоо болилдоо. Ард түмнээр тохуурхаж ханаагүй юу? Таны бахархан ярих дуртай өндөр үнэээр барьсан замаар яваа иргэдийн гар дээрх төгрөгийн ханш 2012 онтой харьцуулахад бараг 60 хувиар унажээ.Уг нь таныг Ерөнхий сайд болох үед нэг америк доллар 1200 Монгол төгрөгтэй тэнцдэг байв. Богд уулын сайхан замтай болсон манай улсын гадаад өр ч зөвхөн  2016 оны 4-р улирлын байдлаар гэхэд л 24 264 сая ам долларт хүрчээ.  Агаарт байгаа нарыг алгаараа хааж болдоггүйтэй адил  таны удирдсан Засгийн Газрын бодлоготой шууд холбоотойгоор өнөөдөр бий болсон эдийн засгийн сэтгэл сэрдхийлгэм байдал, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, төгрөгийн ханшны 60 орчим хувийн уналт, ажилгүйдэл, Монгол залуусын үй олноороо Солонгос руу дүрвэж буй зэргийг харахад  Шинэчлэлийн Засгийн Газар мундаг шинэчлэл хийсэн гэдэг бол ч таны хэлдгээр ёстой  "Худлаа, Худлаа" л байна даа.
 
Э.Мягмар
sonin.mn