Р.Саруул: О.Магнай өөрөө хууль зөрчсөн байх магадлалтай
2017/05/03
Өнгөрөгч амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд “Ийгл” телевизийн “Бүрэн зураглал” нэвтрүүлэгт УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд оролцсон. Тэгвэл АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад нэр дэвшигчийнхээ сурталчилгааг хийж, сонгуулийн хууль зөрчсөн” гэх мэдээлэл хийсэн юм. Энэ талаар Монгол Ардын Намын Хууль эрх зүйн газрын дарга Р.Саруулаас тодрууллаа.
-"Бүрэн зураглал" нэвтрүүлэгт УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд оролцсон нь Ерөнхийлөгчийн сурталчилгаагаа эхлүүлж, хууль зөрчсөн мэтээр АН-ын зүгээс мэдээлсэн. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Шуудхан хэлэхэд АН-ын нарийн бичгийн дарга нь тун хариуцлагагүй мэдээлэл хийсэнд харамсаж байна. Хамгийн эхлээд хууль зөрчсөн асуудлыг О.Магнай гэдэг хүн тогтоодог юм биш гэдгийг хэлье. Холбогдох хууль журмын дагуу хуулийн байгууллага шалгаж шүүхээр эцэслэн шийдвэр гарсны дараа нэр дэвшигчийг бүртгэх, эс бүртгэхээ Сонгуулийн ерөнхий хороо шийднэ. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд Хууль бус сурталчилгаа гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа шүү дээ. Нэр дэвшигчээ тодруулсан нам эвсэл, нэр дэвшигчтэй холбоотой 30 шахам заалт байдаг. Үүнээс найман заалт нь Сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс санал авах өдрийг дуустал, 20 гаруй заалт нь сурталчилгааны хугацаанд хориглох заалт бий. Энэ заалтууд дотор МАН-ын дарга М.Энхболдын оролцсон “Бүрэн зураглал” нэвтрүүлэгт хамаарах, хориглосон заалт нэг ч байхгүй. Тус нэвтрүүлгийг сурталчилгаа гэж үзэж байгаа О.Магнайгийн хувьд Сонгуулийн тухай хуулиа бүрэн гүйцэд судлаагүй, хуулийн мэдлэг дутмаг байгаа нь харагдаж байна. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.12-т “Нам эвслийн дарга сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш сонгуулийн санал хураах өдрийг дуустал хугацаанд сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэгт оролцохыг хориглох бөгөөд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн нэвтрүүлгийг нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн заалт л байдаг. Уг заалт нь сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө ямар нэгэн нэвтрүүлэгт орохыг хориглосон заалт биш шүү дээ. Тухайлсан хуулийн заалт дотроо тийм үг өгүүлбэр байхгүй. “Сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн” гэж өнгөрсөн цаг дээр тусгаж хуульчилсан нь хугацааны хувьд сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс санал хурааж дуусах хугацаанд хамаатуулсан заалт гэж ойлгоно. Харин ч эсрэгээрээ О.Магнай өөрөө хууль зөрчсөн байх магадлалтай.
- Үүнийгээ жаахан тодруулаач?
- Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд УИХ-д суудал бүхий нам дангаараа болон хамтарч оролцоно” гэсэн зохицуулалт бий. Энэ заалтаас харвал МАН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох субьектийн нэг мөн үү гэвэл мөн. Нөгөө талаасаа МАН 200 гаруй мянган гишүүнтэй, улстөрийн ууган хүчин. Уг өнцөгөөс харвал О.Магнай бүхэл бүтэн улстөрийн намын талаар сөрөг мэдээлэл нийгэмд түгээсэн. Үүнээс харвал Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөсний дараа аудитын байгууллагад сонгуульд зарцуулсан санхүүгийн тайлан мэдээгээ шалгуулсны дараа АН-ын нарийн бичгийн дарга О.Магнайд холбогдуулан шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргах үндэслэл бий. Сонгуулийн тухай хуулийн 70.8-д “Сонгуульд оролцогч нам эвсэл, нэр дэвшигчийн талаар хуурамч буюу худал мэдээ мэдээлэл тараасан, нийтэлсэн, цацсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол сонгуульд зарцуулсан хөрөнгийг гэм буруутай этгээд нөхөн төлнө” гэсэн заалт байдаг. Учир нь АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай гэдэг хүний байр суурь нь Монгол Улсын хуулиар, хуульд үндэслэгдэж шүүхээр тогтоогдоогүй байхад бусдын талаар худал мэдээлэл тараасан, хууль бус үйлдэл гэж харагдаж байгаа юм. Тиймээс АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай ёс зүйгээ барьж ард түмэн, МАН-ын гишүүд дэмжигчдээс уулчлал гуйх ёстой.
-Таны ярианаас МАН-аас М.Энхболд нэр дэвших нь тодорхой болсон гэж ойлгогдож байна?
-МАН-ын дарга М.Энхболд сонгуульд нэр дэвших эрхээ алдлаа гэдэг зүйлийг О.Магнайгийн зүгээс ярьсан асуудал. МАН-аас нэр дэвшигчээ тодруулах асуудал бол хуулийн хугацаандаа тавдугаар сарын 2-6-ны хооронд явагдаж дуусна. Үүгээрээ МАН Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, намын дүрмийн хүрээнд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулж Бага хурлаа хуралдуулж, гишүүдийн өгсөн олонхийн саналаар нэр дэвшигчээ тодруулна.
Д.Ган
Манкир · 2017/05/03
Энэ казак хүн үү