АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ 10 гаруй хүн илэрхийлээд байсан ч албан ёсоор зургаан хүн бүртгүүлсэн. Бүртгүүлээгүй хүмүүсийн дотор Хотын дарга асан  Э.Бат-Үүл, Баабар нар байгаа юм. Дөнгөж сая Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ. Тэрбээр “Юуны өмнө та бүхэн Хэвлэлийн эрх чөлөөний баярын мэнд хүргэе. Хэвлэлийн эрх чөлөөг Монголд төлөвшүүлэхэд миний оруулсан хувь нэмэр багагүй. Тиймээс та бүхэндээ баярын мэнд хүргэх эрхтэй хүн гэж бодож байна” хэмээн хэвлэлийн бага хурлаа эхэлсэн юм. хурлын эхэнд Э.Бат-Үүл “Өнөөдөр гэр хороололд тун удахгүй хэрэгжүүлэх луйврын талаар мэдээлэл хийхээр ирлээ.

 

 

Луйврыг нь илчилнэ гэдгийг мэдэж байгаа учраас зориуд надруу дайрч байна

 

 Өчигдөр АН-ын байран дээр гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэд цуглаан хийснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ цуглаан дээр төрийн албаны ажилтнууд байсан. Тэр дундаа энэ ажлыг хийх ёстой ажилтнууд нь байсан. Энэ хэрэгтэй холбогдуулан гүтгэн, гүжирдэж байгаагийн цаад зорилго нь бидний эхлүүлсэн үйл ажиллагааг мушгиж, гадны хөрөнгө оруулалттай луйвар хийх гэж байна. Үүнийг нь илчилнэ гэдгийг мэдэж байгаа учраас над руу дайрч байна. Тэд иргэдийг төөрөгдүүлж байна. Би 2016 онд ажлаа өгөхөөс өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтийг дуусгахаар 76,5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Би энэ хөрөнгийг 40 тэрбумыг бэлэн болгосон байсан. 10 хувиас дээш гүйцэтгэлтэй барилгын үйл ажиллагааг дуусгахаар төлөвлөсөн. Энэ мөнгөөр 25 барилга дуусгахаар төлөвлөсөн. Ингэснээр 1200 иргэн намар нь орон сууцанд орох байсан. Дээр нь 1800 шинээр орон сууцтай болох байсан. Гэтэл С.Батболд Засаг дарга болонгуутаа 20 тэрбум төгрөгийн үгүй хийсэн. 10 хувиас дээш бүх гүйцэтгэлтэй барилгын үйл ажиллагааг зогсоосон. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон барилгуудаас байр авбал 5 хувийн хүүтэй зээл өгөхөөр болсон ч үүнийг бас л зогсоосон.

 

Гэтэл үүний борлуулалтыг өөрсдөө авахаар санаархаж гэж байна. Газрыг нь маш хямдаар авах гэж байна. Үүнийгээ хаацайлахын надруу зохион байгуулалттай дайрч байна. Би гэр хорооллынхоо иргэдтэй уулзана. Луйврыг илчилнэ, үүний эсрэг тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна.

 

 

Төрийн эрхийг хууль бусаар авна, мөнгө тараах ажиллагаа  өмнө нь байгаагүйгээр өргөн цар хүрээтэй явагдана

 

Би намын гишүүддээ Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлох уриалга гаргасан. Яг үнэндээ санал худалдаж авах бэлтгэл үндсэндээ хангагдсан. Өөрөөр хэлбэл хууль бусаар төрийн эрх авах ажиллагаа үндсэндээ хангагдсан. С.Эрдэнэ хүртэл "Өнгөрсөн жил 50 мянганаар санал худалдаж авсан. Энэ жил нэмэгдэх байх. Гэхдээ мөнгийг аваад саналаа өөрийн итгэл үнэмшилээрээ сонголтоо хийгээрэй" гэж учирлаж байхав.

 

Орлого багатай иргэдийн 70 орчим хувь нь мөнгөөр саналаа өгнө гэсэн судалгаа гарсан. Үүнийг таслан зогсоохгүй бол тайван замаар дарангуйллын систем рүү орж байна. Өнөөдөр төр нь авлигын машин болчихсон  энэ үед босоо удирдлага бий болгохоор санаархлаа. Ерөнхий сайд нь сумын Засаг даргыг томилдог болгох гэж байна. Үүнийг Үндсэн хуульд өөрчлөлтөөр оруулж байна. АН санал худалдаж, хууль бус үйлдэл хийнэ гэдгийг мэдсээр байж сонгуульд оролцвол хамтран оролцогч болно гэсэн үг. Ийм байж болохгүй. Бусад улс төрийн намуудтай хамтраад бүх нийтээрээ бойкот хийх ёстой. Энэ талаараа АН-ын даргадаа хэлсэн. Луйвар болно гэдгийг мэдсээр байж тоглоомд оролцчихоод дараа нь луйвар боллоо гэж хашгирах шиг утгагүй юм. Чадаагүй луйварчин болж харагдана. Санал худалдан авалт урьд өмнө нь байгаагүй өргөн цар хүрээтэйгээр болно.

 

Өмнө нь хэзээ ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа хүн ингэж хэтэвчээ харуулж байгаагүй

 

Сая “Бүрэн зураглал”-аар Монголын хамгийн том компаниудын захирал М.Энхболдыг Ерөнхийлөгч болчихоод ингэж ажиллаарай гэж байна. МАН-ын даргад хууль зөрчих бол юу ч биш болж. Улаан цайм хууль зөрчиж байна. Өмнө нь хэзээ ч ийм зүйл болж байгаагүй. Ерөнхийлөгчинй сонгуульд өрсөлдөх гэж байгаа хүн өөрийнхөө хэтэвчийг хэзээ ч ингэж харуулж байгаагүй. Улс төрийн эрсдэлээс цэрвэдэг бизнес эрхлэгчид хүртэл Ерөнхийлөгч болох нь тодорхой, тэгж ажиллаарай хэзээ ч ингэж ил ярьж байгаагүй юм. Би энэ талаар АН-ын Их хурал дээр хэлнэ.  С.Эрдэнэ дарга надад эргээд хариу өгье гэсэн боловч хариуг өгөөгүй байна. Би энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нь ч дэмжихгүй. Би Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй, гэр хороолол руугаа явна.

 

Манай намын нэр дэвшигч яллаа гэхэд энэ 65 хүлээж авахгүй. Баянзүрх шиг болно. Би өөрөө бойкот хийнэ гэж уриалчихаад нэр дэвших нь утгагүй юм. Би Баабартай санал нэг байна.  Манай намыхан өнөөдөр горьдлогод хөтлөгдөөд байна. Өмнө нь бид ингэж хууртсан. Маш том алдаа руу орсон. Та бүхэндээ 2016 оны сонгуулийн дүн гарсны дараа цочирдсон шүү.

 

Миний хүү аавынхаа ажилд л тус болох гэсэн

 

Миний хүүг эцэс төгсгөлгүйгээр гүтгэж байна. Бүр ёслолын буудлага буудаж байна. Б.Чулуудай ямар ч тенерт оролцоогүй. Тухайн үед гэр хорооллын иргэдтэй хамгийн өндөр дүнгээр тохирсон байсан. Нэг үгийг мянга давтахаар үнэн болж хувирч байна. Ямар ч оффшор дансгүй гэдгийг хэлээд байхад л Оффшорчин болгож байна. Миний хүү аавынхаа ажилд л тус болох гэсэн. Аав, хүү хоёрыг хуулийн байгууллагад хандахад авахгүй байна. Санаатай ийм гүтгэлэг хийж байна. Зориуд хийж байгаа ажил шүү.