Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын хэрэг сонгуулийн шуугианд нам дарагдав!
2017/05/08
Хөгжлийн банкны хөрөнгийг зүй бусаар зарцуулсан гэгдэх улстөрчидтэй холбоотой хэргийн талаарх мэдээлэл сүүлийн үед нам жим талдаа боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд дөхөөд бүр ч чимээгүй болж байгаа биз. Гэхдээ хариуцлага хүлээх ёстой нөхдүүд бултаад байдаг байж болохгүй л дээ.
Гэвч бондын мөнгийг зүй бусаар зарцуулсан асуудалд холбогдон, шалгагдаж буй Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын тухайд хуулийн байгууллагаас ял зэм авна гэсэн айдас байхгүй янз эхнээсээ л гаргаж ирсэн. Б.Гарамгайбаатарын тухайд 14 хоногийн баривчилгааг тэсч дийлэхгүй байгаа юм чинь, хуулийнхны шалгаад байгаа гэм буруугийн асуудлаа биечлэн хүлээх дээрээ тулбал ер нь яах хүн бэ гэдэг асуултыг тавихад хүргэсэн бол Н.Батбаярын тухайд ч зүрхний өвчний улмаас удаан хоригдож чаддаггүй гээд батлан даалтаар гарчихсан, аль дээр. Гол нь өвчний улмаас хуулийн хариуцлага хүлээж чадахгүй гээд буй нөхдүүд маань улстөрийн үйл ажиллагаанд оролцоход бол асуудалгүй гэдгээ харуулсан л даа.
Б.Гарамгайбаатарын тухайд нэлээд асуудалтай. Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байх үед Хөгжлийн банкнаас Засгийн газарт шинээр зам тавих гэж байгаа гэх ойлголтыг өгч, тогтоол батлуулж, нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн байдаг. Гэтэл Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км хатуу хучилттай зам засах ажил 2008 оноос эхэлсэн байдаг. Зам засварын ажлыг БНХАУ-ын “Зам барилгын II анги” компани гүйцэтгэхээр 2008 онд тендерт шалгарч ажлаа эхэлсэн бөгөөд замын төсөвт өртөг 20 тэрбум төгрөг байхаар тухайн үед гэрээ байгуулсан байдаг. Улмаар гүйцэтгэгч компани замын 38 хувийг зассаны дараа санхүүгийн хүндрэл, инфляциас шалтгаалж ажлаа гүйцэтгэх боломжгүй болж гэрээгээ цуцалсан гэх мэдээлэл байгаа юм. Дараа нь 2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулахад тендерт “Монроуд” компани материалаа ирүүлж 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтойгоо мэдэгдэж байжээ.Түүнчлэн тендерт шалгарсан “Монроуд” компанийн материалыг Засгийн газрын хуралдаанаараа оруулж, Засгийн газар 2012 оны 110 дугаар тогтоолоо гаргаж Хөгжлийн банкны санхүүжилтээр Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн замын үлдсэн хэсгийг “Монроуд” компаниар гүйцэтгүүлэхээр болсон байдаг. Мэдээллээс үзэхэд, дээрх тогтоолоор замын төсөвт өртөг нь 37 тэрбум 231 сая 300 мянган төгрөг байх бөгөөд бүгдийг нь Хөгжлийн банк санхүүжүүлэх бөгөөд 2012 онд гурав, 2013 онд 32 тэрбум 369.7 сая, дараа жил нь нэг тэрбум 800 сая төгрөгийн санхүүжилт хийхээр болжээ. Харин үүнээс жилийн дараа буюу 2013 онд Хөгжлийн банк санхүүжилт хийх төслийнхөө талаар Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулга хийжээ. Ингэхдээ гүйцэтгэгч компани дээрх ажлыг анх тогтсон үнээрээ гүйцэтгэх боломжгүй гэж байгаа гэх асуудал яригджээ. Ийм асуудал яригдах үед Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Улмаар Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх замыг шинээр тавих талаар танилцуулж, санхүүжилт хийх хөрөнгө нь 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг байх тооцоо гаргасан бөгөөд тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын хуралдаанд оруулж 124 дүгээр тогтоолыг батлуулжээ.
Тогтоолд тусгаснаар Халзанбүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км замыг санхүүжүүлэх нийт дүнг 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг гэсэн байна. Түүнчлэн 2013 онд 23 тэрбум 177 сая 200 мянган төгрөгийн санхүүжилт хийхээр болсон байдаг. Тэгэхээр эдгээр мэдээллээс үзэхэд Хөгжлийн банкнаас 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг татахдаа Б.Гарамгайбаатар улстөрийн нөлөөлөл үзүүлж, шийдвэрлүүлсэн байх магадлал өндөр байдгийг дахиад хэлье.
иргэд · 2017/05/09
Тэр их хэмжээний мунгийг завшсан этгээдуудэд ял завшуулах эмгэнэлтэй байна!!!???
Зочин · 2017/05/08
Худлаа л байхгүй юу мангаруудыг жаахан хөөрөгдөж сенсацлаад МАН-д хамаатай болохоор нь дуугай болчихож дээ МАН-ынхан Хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан нь шалгалтаар тогтоогдсон шүү дээ