Бодлогоор өрсөлддөг болъё
2017/05/08
Монголын Улсын аль ч шатны сонгуульд “хар пи-ар” гээчийн жор тунг нь хэтрүүлэн ашигладаг үзэгдэл бий болсоор удаж буй. Товчхондоо, хэн хэнийгээ хамгийн их харлуулж чадсан нь ард түмний баатар, эх оронч болчихдог сонин сонгууль хийгддэг болсон гэсэн үг. Уг нь сонгууль бол бодлогоор, мөрийн хөтөлбөрөөр өрсөлддөг байвал ард түмэнд хэрэгтэй. Ямар сайндаа л монголдоо л нэр хүндтэй нэгэн эрхэм “Монголчуудын сонгууль муухан хошин шогоос дээр шүү” хэмээн бичиж байх вэ дээ. Үнэнийг хэлэхэд хэн нэгнийг муулсан, харлуулсан зүйлээс ард түмэн, сонгогчид залхаж байна. Тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчид аль болох “хар пи-ар”-аас татгалзаж мөрийн хөтөлбөрөөрөө, бодлогын мэтгэлцээнээрээ өрсөлдвөл хэн нь хэн бэ гэдэг нь илүү товойж харагдана. Түүнээс биш амнаас ам дамжсан, бодитой биш яриагаар бие биенийгээ муулсан, маажсан мэдээнээс монголчууд залхаж байна. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд 3-5 удаагийн мэтгэлцээнийг зохион байгуулбал ард түмэн зөв сонголт хийж чадна.