Ахиад л нэг сургаалийг сануулмаар санагдаж байна. Энэ сургаалийг бүр Чингис хаанаас өөрөөс нь гаралтай гэж зарим эрдэмтэд баталдаг. Тэрэнд бол би дуртайяа итгэнэ. Бараг хоосоноос дэлхийн талыг захирсан их гүрнийг босгосон хүн дараагийн хойч үедээ юу хамгийн чухал гэдгийг гэрээсэлж үлдээх нь түүний амьдралын утга учир бүр үүрэг нь байсан юм гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй. Чингис хааны байгуулсан “Монголын их гүрэн” нь чухам түүнийг ямар хүн байсныг юуг зорьж ирсэний хөдлөшгүй баталгаа юм. 

 

Чингис хааныг одоогийн дарга нар шиг хувиа хичээсэн дов жалганы үзэлтэй хүн байсан гэж төсөөлж бодоод үздээ. Ийм хүн тэр үеийн улс түмэн үндэстэн ястангуудын итгэлийг авч зангидсан гар шиг удирдаж Монголын их гүрнийг байгуулж чадах байсан уу? судлаач Ганаагийн хэлдэгээр үгүй л байхгүй юу. 

Харамсалтай нь Чингис хааны дараа дараагийн хаадын үеэс түүний энэ гол сургаалийн утга учир алдагдаж “Монголын их гүрэн” мөхсөн юм. Ингээд бодоход энэ ганцхан сургааль ямар их утга учиртай, бүхэл бүтэн гүрний орших эсэхийг зааж урьдчилан харж чадсан бөгөөд, хамгийн чухал нь энэ сургаалийн үнэ цэнэ, утга учир нь одоо ч гэсэн алдагдаагүй байгаа юм. 

 

“Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” 

Ахиад хэлье. “Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул”. 

Орчин үеийн хэллэгээр бол “Их хүссэн хүнийг том ч жижиг ч дарга бүү болго” гэж хэлж болно. 1990 он хүртэл дарга нарыг томилдог түүнээс хойш намайг дарга болгооч би тэгнэ, ингэ нь гэж амалдаг, түүндээ мөнгө ихээр хаядаг болсон байна. Ингэж сонгогдсон том жижиг дарга нар улс орон, аймаг, сумыг яаж удирдан ард түмнийг ядууруулж, хамаг баялагаа гадагшаа зарж, Ч.Мөнхбаярын 2017.01.06 –нд www.sonin.mn Популист гэж хэн бэ? андуураад байх юм гэсэн нийтлэлд зөв бичсэнээр:

-Байгалийн баялагыг ард түмний өмч болгоно, сайн сайханы тусын тулд зориулна гэж амалчихаад, улам харийн саварт гүн бат атгуулж, өөрөө үртэс үүрэмгийг нь долоон баяжиж байна.

 

“Их хүссэн хүнийг том ч жижиг ч дарга бүү болго” гэсэн Чингис хааны энэ үнэт сургаалийг бага ч болов ухаарах гэж дараах гаргалгааг хийлээ. Эхлээд дарга гэдэг албан тушаалыг задлаж үзье. Дарга гэдэг бол юуны түрүүнд их ажил үүрэг хариуцлага, нөгөө талаар эрх ямба, тансаглал, төрийн хөрөнгийг хулгайлан баяжиж болох үүд хаалга. Тэгэхээр зөв сэтгэлтэй эх оронч /сайн/ хүн, би тэр сонгогчдынхоо амьдралыг дээшлүүлэх цаашлаад улс орны бүтэн байдал миний ажил үйлийн алхам бүрээс шалтгаална гэдгийг ухамсарлаж, энэ их хариуцлагыг надаас чадалтай хүн илүү даана гэж өөрийгөө голдог учир түүнийг энэ үүргийг хүлээн аваач гэж ятгууллаж мөн тэр хэмжээгээр хяналт ирнэ гэдгийг ойлгож суудаг юмаа. 

 

Энэ мөчид түүнд буруу бодвол ирэх эрх ямба, хулгай хийх боломж тийм их ач холбогдол байхгүй. Гэтэл би дарга болно гэж гүйж байгаа нөхдүүдэд сонгогчдын хүлээлгэж байгаа эх орны ирээдүйг бүрдүүлэх ажил үйл, хариуцлага, хяналт ямар ч ач холбогдолгүй. Хяналтыг мөнгө хаяаад аргалчихна, би болон миний хамаатан садан баяжиж байвал боллоо гэсэн зорилготой. Тэр байтугай түүний ач, гуч эх оронтой байх уу гэдэг ч түүнд сонин биш. Хэрвээ Монгол хүн биш бол бүүрч хамаагүй. 

Иймд дарга болох гэж том амлаж байгаа нөхдүүдээс сайн юм горьдоод ямар ч хэрэг байхгүй. Ер нь төрийн байгууллагаас дарга гэдэг нэрийг халж, ард түмэндээ үйлчлэх үүргийг нь сануулсан гүйцэтгэгч, зохион байгуулагч гэх мэтийн нэр өгмөөр байна. 

 

Эндээс харахад зөв хүний нэрийг өөрсдөө дэвшүүлж сонгох хэрэгтэй. Зөв хүнээ сонгохын тулд тэр хүнээ удам судараар нь сайн мэддэг байх, тэгэхээр өөрсдийн дундаас орон нутгаасаа зөв хүнээ олж чадна. Ингэж сонголт хийх боломжийг одоогийн үндсэн хууль хаачихаад байна. Үүнийг би 2017.05.03-нд www.sonin.mn–д “Үндсэн хуулийн үүрэг” (www.sonin.mn/news/politics-economy/77354)  гэсэн нийтлэл дээр бичсэн. Эндээс үндсэн хуулийг өөрчлөх шаардлага харагдана. 

Гэхдээ МАН-ын хийж байгаа шиг тохиолдолын журмаар гэж хэдэн хүн цуглуулчихаад тэдэндээ хичээл заачихаад шалгалт авч байгаа юм шиг өөрсдийн бэлдсэн хэдэн асуулт өгчихөөд тэрнийхээ хүссэн хариуг ард түмний санал гэж тунхаглаж өөрсдийн эрх ашигт тохируулан үндсэн хууль өөрчлөөд улс оронд ашигтай ямар ч үр дүнд хүрэхгүй. Гэтэл улс эх орныхоо төлөө үргэлж санаа тавьдаг улс төрчид, эрдэмтэд, судлаачид зохиолчидийг яагаад оролцуулахгүй байгаа юм. Доктор Баярхүү, судлаач Ганаа, эдийн засагч Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан улс төрч, Уянга, УИХ-ын гишүүн асан Д.Энхбат, өмгөөлөгч Бат-Ялалт, зохиолч Номинчимэд, БНН дарга Б.Жаргалсайхан гэх мэт. 

 

“Сайнууд дуугүй байвал, муунууд яллаа” (Wenn die Guten schweigen, haben die Schlechten gewonnen) гэсэн Германы зүйр үг байдаг. Энэ утгаар бид сайн хүмүүсээ дуу оруулах хэрэгтэй байна. Хот аймаг, сум дүүрэг бүрт сайнуудын зөвлөл байгуулж ажиллуулая. Ахиад л нэг зөвлөл гэж зарим хүмүүс дургүйцэх байх. Гэтэл бидний үндсэн хуулийн дагуу гэх бидэнд тохирохгүй зарчимаар нaмын шугамаар сонгосон засаг дарга ИТХ үүргээ биелүүлж чадахгүй байгаа учир тэднийг хянадаг зөвөлдөг намын шугамаар биш, бизнес эрхлэгч биш тухайн нутгийн оршин суугчдаас та орооч гэж гуйлгасан нэр хүндтэй багш эмч бусад, өндөр настангуудаас бүрдсэн зөвлөл байж болох юмаа. Та нар хараарай тэр зөвлөлд орж байгаа сайн хүмүүс цалин мөнгө ч шаардахгүй дээ. 

 

Африкийн тосгон болгонд хөгшчүүлийн зөвлөл гэж тосгоныхоо амьдралыг залаад явдаг байхад яагаад Монголын нэг суманд болохгүй гэж. Тэр сайны зөвлөлд тус орон нутагт болж байгаа чухал асуудал болгоныг мэдэх хянах эрхийг нь өгөх ёстой. Ингэж ажлаад эхлэхээр үүргээ биелүүлэхгүй байгаа 4 жилд намын шугамаар сонгогддог, иргэдийн хурал гэдэг бүлэглэл хэрэггүй болно. Ингэж байж л  үндсэн хуульд зааснаар төрийн эрх жинхэнэ утгаараа ард түмний гарт очино. Энэ далимд хэлэхэд Монголын ард түмэн та бүхэнд би бэлэн гаргалгаа гаргаж өгөөд тулгах гэсэн юм байхгүй. Үүнд миний мэдлэг, чадвар хүрэхгүй, зөвхөн ард түмний ядуурал Монгол орныхоо оршин тогтнолд санаа зовж явдагтаа өөрийн санаа бодолоо хуваалцах гэсэн юм. Манай ард түмний ихэнх нь ялангуяа хөдөө орон нутагт амьдарч байгаа нь үнэн зөв мэдээлэл авах боломж бага учир яахаа мэдэхгүй хүний ам хараад шаналаад явж байна.

 

Йимд манай эрдэмтэн мэргэд,сэхээтэнүүд мэдээлэлтэй хүмүүс мөн олгарих гэж шүүмжлүүлээд яваа хүмүүс (та нар тэр үедээ манай улсын сэхээтэнүүд байсан шүү дэ) санаа бодолоо илэрхийлж эх орноо өөдөн татах цаг болсоныг анхааруулах гэсэн юм. УИХ-н гишүүн Н.Энхболд “Өнгөцхөн ойлгосон ардчилал, өөрийн үзэл санаа, хэтийн зорилгогүй нийгэм”; судлаач проф. Д.Чулуунжавын “Засаглалын өөр хувилбарыг туршаад үзье”; М.Мөнхцэцэг “М.Тулгат: Өнөөдөр 30 гишүүнийг 30 тэрбумаар худалдаж авахад л хүссэн шийдвэрээ гаргуулах нөхцөл байдал бүрдчихээд байна”,

”Нүднээс далд бүхэн худалын эхлэл”; 

доктор В.Алзахгүй “Ард түмний хүлээж буй ерөнхийлөгч”; 

доктор Р.Нямдорж “Намгүй сонголт”; 

Э.Мягмардорж “Ардчилсан хөдөлгөөний анхдагч Э.Бат-Үүл Монголд ардчилал байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрлөө” зэрэг нийтлэлүүдийг sonin.mn, zaluu.com, news.mn сайтуудаас уншихийг зөвлөж байна.   

 

“Нээлттэй засаглал” ТББ-ын тэргүүн: П.Галбадрах