Румын улсын Яси хотноо өнгөрсөн сарын сүүлээр зохион байгуулагдсан Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчин Д.Мөнхзул амжилттай оролцож, алтан медаль хүртсэн билээ. Түүний хувьд  оюуны спортыг дэмжигч Төрийн банкны элч тамирчин юм. Тэгвэл Сурагчдын ДАШТ-д амжилттай оролцсон тамирчнаа Төрийн банкны удирдлагууд өчигдөр /2017.05.09/ хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Энэ үеэр Д.Мөнхзул болон түүний аав Г.Даваахүүтэй цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө тэмцээндээ амжилттай оролцсонд баяр хүргэе? Тэмцээнд оролцож байх үеийнхээ сэтгэгдлийг хуваалцаач?

  
-Маш их баярлалаа. Тэмцээнд оролцож байхад юм бодогддоггүй. Шатраа л сайн тоглоно л гэж боддог.
 
-Саяхан оролцсон тэмцээнийхээ талаар сонирхуулаач, өрсөлдөгч нар хэр хүчтэй байв, хэчнээн тамирчин өрсөлдсөн бэ?

  
-Г.Д: Румын улсын Яси хотноо дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд  тэмцээн болсон. Тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчин, 12 насны ангилалд 36 медалийн төлөө өрсөлдсөн. Ингээд Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа түрүүлсэн бол Узбекстан, Турк, Румын, Молдавын багууд удаах байруудад шалгарсан. Дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцсон манай шатарчдаас 11 нас хүртэлх ангилалд Төрийн банкны элч тамирчин Д.Мөнхзул амжилтаа бататгаж, дэлхийн хос алтан медальтан болоод байгаа.

 -Д.Мөнхзулын хувьд хэдэн наснаасаа шатрын спортоор хэдэн наснаасаа эхэлж хичээллэсэн бэ? Энэ хугацаанд олон улсын чанартай хэчнээн тэмцээнд оролцож, ямар амжилт үзүүлсэн бэ?


-Охины маань хувьд зургаан настайгаасаа эхэлж шатрын спортоор хичээллэсэн. Гэрээрээ эгч, дүү нартайгаа тоглож байгаад л шатарт дуртай болсон байсан. Ингээд энэ спортоор хичээллэж эхэлсэн. Дотоодын тэмцээн уралдаануудад ч амжилттай сайн оролцож эхэлсэн. Найман настайдаа улсын аваргад оролцоод тавдугаар байрт шалгарсан. Тэр ондоо олон улсын тэмцээнд оролцож 12-р байрт шалгарсан. Үүнээс хойш 2014 онд ААШТ-д оролцож алтан медаль, тухайн ондоо ӨАБНУ-д болсон  өсвөрийн ДАШТ-ээс алтан медаль, 2015 онд Төрийн банкны илч тамирчин  болоод АНЭУ-д болсон Олон улсын тэмцээнээс алтан медаль, Тайландын Паттаяа аралд болсон Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол өнгөрсөн жил Монгол Улсын Өсвөрийн аварга, 2016 онд Ази тивийн хошой аварга болсон.

 -Гадаад, дотоодын энэ олон тэмцээн уралдаанд оролцохдоо хичээл сургуулиа хэрхэн зохицуулдаг вэ?

 
-Мэргэжлийн спортоор хичээллэж, мэргэжлийн тамирчин болох замыг сонгосон хүнд бол хичээл хоёрдугаарт тавигддаг. Гэхдээ оюуны спортоор хичээллэдэг учраас хичээлээс хоцрох асуудал гардаггүй. Хоцорсон ч  хоцролтоо нөхөөд, сайн сурч чаддаг. Манай охин ангийнхаа онц сурдаг хүүхдүүдийн нэг.

 

-Шатрыг олон цаг сууж тоглодог учир хүүхдээс тэвчээр их шаарддаг уу?  

 
-Мэдээж тэгэлгүй яахав, олон цаг тоглоход ядрах, өлсөх залхах гээд олон бэрхшээл бий. Энэ бүхнийг  шатарт дуртай хүүхэд л давж ялалт байгуулдаг. Мөн сүүлийн үед хүүхдүүддээ “Цагаан доктор” эрүүл мэндийн ундаа өгч байгаа. Уураг ихтэй учраас хүүхдийг ядраахгүй, түүнчлэн тархины үйл ажиллагааг дэмжсэн олон төрлийн витамин агуулдаг

 

-Хамгийн ойрын ямар тэмцээн байгаа вэ?


-Ирэх зургадугаар сард Монгол улсад өсвөрийн шатарчдын зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээндээ бэлдэнэ. Саяхан тэмцээнд оролцоод ирсэн учраас долоо хоног амарчихаад бэлтгэлдээ орно.

 
-Олон улсын тэмцээнүүдэд оролцохдоо зардал мөнгөний асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ, тамирчдын хувьд санхүүгийн асуудал нэлээд тулгардаг нь нууц биш шүү дээ?

 
-Сүүлийн жилүүдэд өсвөрийн шатрын спорт  манай улсад нэлээд амжилттай хөгжиж байна. Үүнд шатрын спортыг дэмжигч  төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын дэмжлэг их нөлөөлсөн. Тухайлбал Төрийн банк Монголын шатрын холбоотой хамтарч ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд сая оролцсон Сурагчдын ДАШТ-д 25 хүүхэд явсан. Тэдний зардлын тодорхой хувийг гаргасан. Ер нь бол тамирчин хүнд ивээн тэтгэгч хамгийн чухал байдаг. Тэмцээн уралдаанд оролцох зардал мөнгөний асуудал маш чухал байдаг. Энэ бүхнээ ихэнхдээ хувиараа л зохицуулдаг. Харин оюуны спортыг дэмжигч Төрийн банк 2015 оноос эхлэн Д.Мөнхзулыг дэмжин ажиллаж байгаа. Энэ дашрамд Төрийн банкны удирдлага, хамт олонд талархлаа илэрхийлье. Ер нь Төрийн банкныхан дан ганц манай охиныг бус өсвөрийн  олон шатарчдыг дэмждэг.  
 
-Төрийн банкны элч тамирчин болсноор амжилтад нь хэрхэн нөлөөлсөн бэ?

-Би түрүүнд хэлсэн. Тамирчин хүнд ивээн тэтгэгч хамгийн чухал байдаг гэж. Манай гурван охин шатрын спортоор хичээллэдэг. Олон улсын тэмцээн уралдаанд авч явах зардал мөнгөний асуудал нэлээд тулгардаг байсан. Тэмцээнд явахынхаа нэг хоногийн өмнө банкнаас зээл аваад явж байсан  удаа ч бий.  Харин 2015 оноос Д.Мөнхзул охин маань Төрийн банкны элч тамирчин болсноор санхүүгийн асуудалгүй болсон. Мэдээж хэрэг санаа зовох зүйлгүй тэмцээнийхээ бэлтгэлийг хийдэг болсон. Олон улсын чансаа өндөртэй тэмцээн уралдаануудыг алгасахгүй орж, өрсөлдөгч тамирчнаа судалж мэдэх, туршлагажих гээд олон давуу талууд бий болсон. Мөн 2015 оноос хойш олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байгаа. Өсвөрийн болон, сурагчдын ДАШТ-д хоёуланд нь түрүүлсэн анхны тамирчин болсон гээд амжилт арвинтай байна.

 
Ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.

 

 

Б.Сансар