Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Чингис бонд”-ын хөрөнгөөр хөдөө аж ахуйн салбарын үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийг Голомт банкаар дамжуулан олгож байгаа бөгөөд тус төслийн хүрээнд “Монгол Улсын үйлдвэржилт хөгжлийн төв”-тэй Голомт банк хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар “Монгол Улсын үйлдвэржилт хөгжлийн төв” нь “Чингис бонд”-ын төслийн санхүүжилтэд хамрагдахаар материалаа ирүүлээд буй үйлдвэрлэгчдийн техник, тоног төхөөрөмжийн түвшин, иж бүрдэл байдал, тоног төхөөрөмжийн хүчин чадал болон бусад шаардлагатай үзүүлэлтүүд болон үнэ ханшийн талаарх бодит мэдээллээр Голомт банкийг ханган ажиллах юм байна.
 
Ингэснээр Голомт банк Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд, шаардлагатай санхүүжилт хамгийн ихээр хэрэгцээтэй байгаа үйлдвэрлэгчдэд нь зээлийг хурдан шуурхай хүргэхэд чухал алхам болж байгаа ажээ. 
 
Дашрамд дурдахад “Чингис бонд”-ын хөрөнгөөс одоогийн байдлаар 40 гаруй үндэсний үйлдвэрлэгчид хэрэгцээт санхүүжилтээ аваад буй бөгөөд төслийн зээлд хамрагдсан үйлдвэрлэгчид тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хийснээр шинээр ажлын байрууд бий болох, бараа бүтээгдэхүүний чанар сайжрах, өрсөлдөх чадвар нэмэгдэх, үйлдвэрлэлийн бүтээмж өсөх зэрэг олон эерэг үр дүнг харуулж эхлээд байна.