Сангийн сайд Б.Чойжилсүрэн гэсэн Фэйсбүүк хаягнаас өчигдөр 

"ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ДАРАА ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ДАМПУУРЛАА ЗАРЛАНА!!!

Худалдаа хөгжлийн банкны хувьд санхүүгийн байдал нь хүндэрсэн. Хүндрэх болсон гол шалтгаан гэвээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг оросуудаас авахын тулд ХХБ болон “Улаанбаатар” банкны хадгаламж эзэмшигчдийн 500 сая ам.долларыг гаргасан. Үүгээр зогсохгүй хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр “Хөтөл” шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, орд газрууд аваад зогсохгүй УИХ-ын сонгуулиар намуудад хандив өгч тэрбум ам.доллар үргүй зарцуулсан нь Монгол банкны шалгалтаар илэрсэн. Томоохон хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж, олон улсын банк санхүүгийн байгууллагаас бохир мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үнэлгээнд Худалдаа хөгжлийн банк орчихсон байна. Сангийн яамны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банкинд эрх хүлээн авагч томилох шаардлагатай. Монгол банк ХХБ-ны дампуурлыг долдугаар сарын эхний арав хоногт зарлана гэдгээ мэдэгдсэн. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн МАН-ын бүлгийн хааллтай хуралдаан дээр хэлсэн үгнээс... 2017.05.15" гэсэн пост бичжээ. 

Цахим орчинд асар их хандалт авсан уг постны талаар Сангийн яам энэ бол хуурамч хаягнаас ташаа мэдээлэл түгээж байна гэдгийг мэдэгдэв. 

Сонгууль дөхсөн үед нэгнээ гүтгэх, нэр хүндэд халдах нь хэрээс хэтэрдэг. Харин өнөө цагт цахим орчинд улстөрчдийн нэрийг ашиглан, хувийн нүүр хуудсаар нь худал мэдээлэл тараадаг явдал их гарах болжээ.

Б.Чойжилсүрэнгийн "Facebook" хаягийг ашиглан улс орны нэр хүнд, эдийн засагт хортой нөлөө учруулахуйц мэдээллүүдийг түгээсэн хэргийг ЭЦГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гарчээ.

Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад, “Нээгдээд сар ч болоогүй хуурамч аккаунт байсан. Сонгуулиар ашиглах зорилготой байж болзошгүй, бид хуулийн байгууллагад хандсан” гэдэг хариу өгсөн аж.

Монголд цахим орчны дарамтаас болж өсвөр насны охин амиа хорлосон хэрэг саяхан гарсан. Дэлхий дахинаа цахим халдлагаас хамгаалах үйл ажиллагаа эрчимжиж, “Facebook”-т хуурамч хаяг, гэмт хэргийн шинжтэй постыг хянах, устгах ажлыг хариуцдаг олон зуун хүний орон тоог шинээр бий болгосоор байна. Харин өнөө маргаашийн эрх ашиг, мөнгөний төлөө ийнхүү интернэт ашиглан гэмт хэрэг үйлдэгсэд мэр сэр байсаар байна.