Шинэ парламентын хар “толбо”
2017/05/16
Д.Дамба-Очир хяналтынхны хараанаас мултарсангүй
Хэрэг хуучирдаггүй гэдэг. Түшмэлийн сэтэр зүүж, төрийн нөмөрт шургалаа ч хууль зөрчсөн хэргүүд нь сэдэрч, хяналтынхны хараанаас мултардаггүйг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир баталж байна. Парламентад хоёронтоо сонгогдоод буй энэ эрхэм зузаан гэгчийн хавтаст хэрэгтэй, хэд, хэдэн удаа хуулийн байгууллагын хаалга татсан намтартай. Өдгөө төрийн ордонд даналзаж яваа түүний талаар ихийг нуршилгүй, хийсэн хэргүүдийг нь баримт дэлгэн тоочъё.
ЛҮНГИЙН “ТАМ” БУЮУ НҮГЭЛ ХУРААСАН ҮЙЛ
Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замд 2009 оноос эхлээд аймшигт ослууд ар араасаа гарч, олныг цочроов. 106 километр энэ замыг Д.Дамба-Очирын толгойлсон “Очир төв” компани засахаар тендерт шалгарсан. Гэвч замын хатуу хучилтыг хуулж, хажууд нь овоолж орхиод олон сарын нүүр үзжээ. Энэ хугаацаанд шороо тоос бужигнаж, тэр хавийг бүрхэснээс үзэгдэх орчин хязгаарлагдсан. Улмаар энэ зам нь авто машины аваар, осол гарах үндсэн шалтгаан болсныг нутгийн иргэд халаглан ярьдаг. Битүү тоос манарсан зам дээр хоёр машин мөргөлдөж, 31-хэн настай залуу амиа алдаж байв. Энэ мэт нэрлээд байвал олон осол, аваар тэнд болсон. Ийнхүү олон жил хэл ам татаж, олон ч хүний амийг зольж байж Д.Дамба-Очир Лүнгийн замыг тавьсан. Гэвч өнөөх зам нь жил ч бололгүй тараа таниулсан юм. Уг замыг зураг төслийн дагуу бариагүйгээс өвөл хөдөлж, хавар хагарсаар хэдэн онгойсон нүхнүүд л үлджээ. Ингээд л энхэл донхол энэ зам хот хоорондын зорчигчдын аяны “там” болон хувирсан юм.
Лүнгийн зам дээр гарсан ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн тоо ч жилд хэдэн арваар нэмэгдсэн нь даана ч харамсмаар. Бүр тэр орчимд осол гаргасан жолооч нар нэгдэн, Д.Дамба-Очирын компанийг шүүхэд өгч байжээ. Бас “Очир төв”-ийн овоолж асгасан хайрган дээгүүр харайлган, осол гарсан автомашины жолооч Д.Дамба-Очирын компанийн эсрэг зарга үүсгэсэн байдаг. Баянгол дүүргийн XIII хорооны иргэн Бадамраагийн Болд 2010 оны наймдугаар 21-ний 23:00 цагийн үед 91-99 УНЕ улсын дугаартай Ланд Круйзер 105 маркийн автомашиныг жолоодож явахдаа Төв аймгийн Баянхангай нутагт “Очир төв” компанийн овоолж асгасан хайрган дээгүүр харайлган осол гаргажээ. Тиймээс хор хохиролд нь 9.3 сая төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 146.445 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүх хурал 2010 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, зарга үүсгэсэн иргэний талд шийдсэн юм. Хэдэн бор төгрөгний төлөөх Д.Дамба-Очирын хариуцлагагүй үйлдэл иргэдийн амь нас, эрүүл мэндээр зогсохгүй экологид хүртэл сүйрэл дагуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан.. Гэвч үүндээ тэр өчүүхэн ч хариуцлага хүлээсэнгүй, харин ч халаасаа түнтийлгэв. Бүр тухайн үеийн Засгийн газар өөрөө өр тавьж, түүнд 7.5 тэрбум төгрөгийн үнэт цаас олгохоор шийдсэн байдаг. Бас болоогүй дахиад 22 тэрбум төгрөг олгожээ. Ингэж Лүнгийн зам дээр иргэд “уйлж”, Д.Дамба-Очир төрийн мөнгөөр туйлсан түүхтэй. Татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан энэ эрхмээс Монголын ард түмэн одоо амь нэхэх эрхтэй.
“АНОД”-ЫН АМИЙГ ТАСАЛСАН НЬ
Д.Дамба-Очирын дагуулсан балаг үүгээр дуусахгүй. "Даварсаар даварсаар давгийн орон дээр" гэгчээр улам л улангасан шунажээ. Нэгэн цагт Монголын банкны системийн томоохон тоглогч байсан “Анод” банк хэдэн жилийн өмнө дампуурлаа зарласныг бид мэднэ. Үүнд бас л Д. Дамба- Очир оролцжээ. Оролцохдоо бүр “Анод”-ыг амьсгал хураахад хүргэсэн хүмүүсийн нэг гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Тухайн үед энэ хүнийг Мөрдөн байцаах газраас шунахайн сэдлээр мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо болон банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль зөрчсөн хэмээн үзэн, шалгасан байдаг. Тэрбээр “Анод” банкийг байгуулах үед дүрмийн санг нь нэмэгдүүлэх зорилгоор багагүй мөнгө төвлөрүүлсэн. Бас банкинд төвлөрүүлсэн хадгаламжаа эргүүлэн татсан, олон тэрбум төгрөгийн зээл авсан зэрэг нь банкны үйл ажиллагаанд нөлөөлсөн хэмээн буруутгагдаж байсан юм. Ингэж бохир гараа дүрээд зогсохгүй, “Анод”-ын амийг тасалсан хэмээн банкны захирлууд тухайн үед мэдэгдэж байсан ч яагаад ч юм нам дарагдсан.
“Анод” дампуурснаас болж банкны удирдлагууд хууль, шүүхийн хаалга татсан. Зарим нь бараг гурван жилийн ял сонсож, хорих газарт тарчилж байхад хамтран үйлдсэн Д.Дамба-Очир ард нь үлдэн, тарвалзаж явлаа. Өнөөх л сурсан зангаар уснаас хуурай гарч дөнгөжээ. Ер нь тэрбээр бүхнийг эхлүүлээд, ард нь үлдэхээ тун ч гарамгайг олон үйл явдлаас харж болно.
Тэр хууль зөрчигч үү, хувиа хичээгч үү. Эсхүл молиго үмхүүлэгч үү. Орхон аймгаас УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдсон энэ эрхэм “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн Зэс хайлуулах үйлдвэр барина, 2000 хүнийг ажлын байраар хангана гэж бараг 10 жил ярьж байна. Гэвч өнөөг хүртэл дэлгээд харуулчих нэг ч ажилгүй, Эрдэнэтийнхний чихэн дээр цэцэг ургуулсаар. Ингээд зогсохгүй өнөөх л төрийн мөнгөөр гараа угаадаг зангаараа Эрдэнэт хотод 250 гаруй байшин үнэгүй тараажээ. Эхлээд иргэдэд өндөр үнээр өгч байгаад сүүлдээ хөнгөлөлттэй үнээр буюу 300-800 мянган төгрөгөөр худалдсан байх юм. Эдгээр байшинг Д.Дамба-Очир өөрийн хөрөнгөөр барьсан гэж Орхон аймгийнхан ойлгодог. Гэтэл улсын хөрөнгөөр бариад, өөрийн юм шиг дур мэдэн ашиглажээ. Энэ нь ил болбол тэр дахиад л шүүхийн хаалга татна.
“ТУСГАЛ-1”-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Тэрбээр өнгөрсөн онд “Тусгал-1” телевизийн тусгай зөвшөөрлийг хууль бусаар зарах гэж оролдон, ажилтнуудынх нь эрх ашгийг ноцтой зөрчсөн. Энэ увайгүй үйлдлийнх нь талаар “Хотын шуудан” сонины эрхлэгч Н.Мөнхтөр мэдээлэл хийж байсан. Энэ үеэр тэрбээр “Д.Дамба-Очир хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчдыг хохироож, 2016 оны долдугаар сараас эхлэн телевизийг эзэмших компанигүй, нийгмийн даатгалын харьяалалгүй болгосон. Эцэст нь энэ хуншгүй үйлдлийнх нь балагийг телевизийн уран бүтээлчид л үүрсэн. Ажилтнуудыг эмнэлэгт хүртэл үзүүлэх эрхгүй болгосон байдаг. Энэ талаар түүнээс шаардахад “Миний оруулсан 40-50 сая төгрөгийг төлөөд энэ телевизийг ав хэмээн шантаажилсан” хэмээн ярьсан юм.
Бараг жил хүрэхгүйн өмнө ингэж ичгүүргүй загнаж байсан тэрээр одоо УИХ-ын гишүүн болчихоод хөдөлмөрийн мөлжлөг, цалингүй ажиллахыг зогсоох талаар яриад явж байна. Тойргоо мартсан уу. Сүрхий царайлан, сээхэлзэж яваа энэ хүнд ер нь ичих нүүр гэж байна уу. Бас болоогүй телевизийн тусгай зөвшөөрлөөр бизнес хийх гэж хэсэгтээ оролдсон байгаа юм.
Өнгөрсөн сонгуулиар ч тэр шударга өрсөлдсөнгүй. Өнөөх л бохир дүрмээрээ тоглов. Түүнийг парламентын сонгуулиар мөнгө тараасныг орон нутгийн иргэд гэрчилдэг. Бүр мөнгө өгч, авалцаж байгаа нь батлагдаж, цагдаагийн байгуулагаас шалгаж байжээ. Орхон аймгийн цагдаа нар мөнгө өгсөн хүнийг тогтоож, байцаалт авахад, өнөөх хүн “Д.Дамба-Очирын сонгуулийн штабаас мөнгө тараа гэсэн даалгавар өгсөн” хэмээн мэдүүлжээ. Гэвч хууль зөрчсөн энэ хэрэг тэр даруй намжиж, мань хүн ч төрийн зөөлөн суудалд тухалсан. Хэрэв үүн дээрээ тулбал тэр эргэн татагдаж таарна.
Ийм нэг даам гарчихсэн, даварсан хүн Монголын төрд олон жил шигдэж, ард түмний дээр гишгэсээр. Хууль шүүхийн байгууллага ч түүний өмнө хүчин мөхөсдсөөр байна уу. Хууль зөрчсөн, хулхидсан хэргийн зузаан намтартай энэ эрхэм одоо шударга түшээгийн дүр эсгэн, сүрхий царайлж сууна. Угтаа одоогийн парламент нэр цэвэр гишүүн олонтой. Д.Дамба-Очир шиг шүүхийн хаалга татаж, бохир тоглоомд гаршсан түшээ цөөнтэй. Энэ нь ч энэ парламентын нэр хүнд, үнэлэмжийг тэр чинээгээр өсгөдөг. Гэвч нэг үхрийн эвэр дэлсэхэд, мянган үхрийнх доргидог гэдэг шиг нэг эрхэм энэ парламентад хараас хар толбо дусааж, увайгүйчуудын уурхай болгон харагдуулж байна. Гэхдээ түүний балаг дүүрэн хавтаст хэргүүдийг нь хууль хяналтынхан нүдээ аниад өнгөрүүлсэнгүй, анхаарал хандуулсныг ч эх сурвалж мэдээлж байна.
Засгийн Газрын Мэдээ сонин