Өмнө нь МоАХ-ы дарга Х.Баттулгыг "шунал нь барагдахгүй хүн, Түгжил аятай хажуу хавирга руугаа хутга ш..даг ..." хэмээн тодорхойлж байсан УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшихтэй зэрэгцэн, нам нэгтнүүдээс нь шүүмжилж байр сууриа илэрхийлсэн анхны улс төрч боллоо. Тодруулбал Х.Тэмүүжин Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихгүй гэдгээ "Үндэсний шуудан" сонинд өгсөн ярилцлагадаа тун тодорхой илэрхийлсэн юм. Тэрээр Х.Баттулгыг : "Түгжил гэдэг нэр хэнд хам­гийн их очиж наалдаж байна. Хэн хамгийн их мөнгийг намынхнаа намнахад зарцуулав. Ардын намтай үзээгүй өрсөлдөөнийг нам дотроо үзэн ядалтын хэмжээнд хийсэн гэх тэр хүн бусдын нүдэнд ил байгаа." гэж тодорхойлжээ. Мөн АН-ын хагарлыг ч бодитой гэж үзэхийн сацуу бүрэн арилна гэдэгт ч эргэлзэж буйгаа : "Үгүй яах вэ, эвлэхийг эрмэлзээд л, тэгэх байх гэж найдаад л явж байх шиг. Үр дүн яаж гарахыг би хэлж мэдэхгүй. Өнгөрсөн дөрвөн жил эрх мэдэлтэй байхдаа зарим хүн мөнхөд тийм байх юм шиг хэтэрхий их дээрэнгүй, харалганаар хажуудахаа намнаж түгжилдсэн байна. Нэг намынх мөртлөө намынхаа нөхдөд гүжирдлэгийн хар толбо, үгийн том сорви үлдээсэн байна. Зарим нь одоо ч аньж амжаагүй байна. Тэр сорви дээр нь давс үрэх сонирхолтой хүмүүс ч байх шиг байна. Энэ байдлаасаа болж зарим талаараа бүрэн эвлэлдэж, ойлголцож чадаж байна уу гэдэгт эргэлзээ бий. Өнгөрсөн дөрвөн жилийн зөрчилдөөн бодлогын шинжтэй байсан бол аль эрт илаарших байсан. Гэвч зарим талаараа хэт гэр бүл, үр хүүхэд, хувийн амьдралынх нь шинжтэй байсан учраас тэр зөрчилдөөн хурдан анихад төвөгтэй байх." гэж томьёолсон байна. Мөн хэрэв Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдож, хуулийн салбарыг удирдаж эхэлвэл юу болохыг
"Хамгийн аймшигтай нь шүүгчид аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хаах эрх өгөхөөр нөгөө хийсвэр эх орончид эрх мэдэл, хуулийн байгууллагын толгойд гараад ирэх юм бол Монголд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг бүх компани эрхээ хасуулах байх. Эсвэл хэт “шударга”, популист маягийн нөхөр яваад ирэх юм бол архидалттай тэмцэж байна гээд баар, рестораныг бүгдийг нь хаах байх. Цаашаа их дургүйгээ хүргэвэл улс төрийн намыг ч хааж мэднэ. Хуулийн этгээд л юм чинь таалагдахгүй байгаа улс төрийн намаа тас цохих боломжтой гэсэн үг" хэмээсэн байна.
АН-ын гишүүдийн дунд УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинг намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн эсрэг байр сууриа илэрхийлсэнд шүүмжлэлтэй хандаж буй хэсэг дийлэнхи олонхи нь байгаа аж.

Ч.Явуу

sonin.mn