ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Маргарет Чаны албан ёсны айлчлал эхэллээ
2013/08/10
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ерөнхий захирал Др Маргарет Чаны манай улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. Түүнийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, дэд сайд Ж.Амарсанаа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа нар угтан авлаа.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал хатагтай Чаныг нарлаг Монгол оронд тавтай морилохыг уриад нүүдлийн соёл иргэншилтэй оронд орчин үеийн эрүүл мэндийн техник, технологийг яаж хэрэгжүүлж байгааг харах сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр цааш үргэлжүүлэн эрүүл мэндийн салбарын бодлого, чиглэлийн талаар товч танилцуулсан юм.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал, “Шинэчлэлийн Засгийн газраас эрүүл мэндийн чиглэлээр “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд даатгалын тогтолцоог шинэчлэх, эх орондоо чанартай эмчилгээ, оношлогоо хийлгэх, импортын чанартай эм, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг хэд хэдэн зорилтыг дэвшүүлсэн. Улсын төсвөөс 300 орчим тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт төсөвлөсөн ч үүний дийлэнхийг эмнэлгийн тусламжид зарцуулж байна. Цаашид энэ байдлыг өөрчилж, урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд түлхүү хуваарилах бодлого баримтлахаар төлөвлөж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудыг чадавхжуулах асуудал манай улсад тулгамдаж байгаа. Энэ асуудалд ДЭМБ-ын туршлага, хамтын ажиллагаа хэрэгтэй байна” хэмээлээ.
Хатагтай Чан хэлэхдээ, “ Таны урилгыг хүлээн аваад танай сайхан оронд ирэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Наашаа ирэхийн өмнө Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоо, шинэчлэлийн талаар багагүй зүйл судалсан. Эрүүл мэндийн шинэчлэл зөв явагдаж байна гэж хэлмээр байна. Анхан шатны тусламжийн шинэчлэлийг хийхээр зорьж байгааг харахад таатай байна. Анхан шат, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн уялдаа холбоог сайжруулах нь чухал. Танай улсын хувьд эдийн засгийн өсөлт эрчимтэй явагдаж байна. Тэр хирээрээ эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэх байх. Гэхдээ хамгийн гол нь үр дүнтэй зарцуулалт. Миний хувьд эрүүл мэндийн салбарт их хөрөнгө оруулж, анхаарал тавьж байгаа Засгийн газрыг хамгийн сайн Засгийн газар гэж боддог. Айчлалын хүрээнд би эрүүл мэндийн бусад түншлэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзана. Тэр үеэр Монголын эрүүл мэндийн салбарыг илүү тодорхой мэдэж авна гэдэгт итгэлтэй байна. Төрийн байгууллага, олон улсын байгууллагуудын үндсэн зарчим нь улс орны хөгжлийн бодлогыг дэмжих хамтын хөтөлбөр юм. Монгол улс тун удахгүй эдийн засгийн өсөлт хөгжлөө дагаад эрүүл мэндийн шинэчлэлээ өөрийн хөрөнгөөр хийх цаг ирнэ. Тэр үед эрүүл мэндийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангахад хүндрэл гарч мэднэ. Олон оронд ийм тохиолдол гарч байсан. Гэхдээ Монгол улсыг тийм биш байна гэдэгт найдаж байгаагаа хэлье. Эрүүл мэнд гэдэг зөвхөн нэг яамны хариуцах асуудал биш. Шат шатны байгууллагын удирдлага, иргэдийн оролцоо чухал байдаг. Яам бодлогоо зөв тодорхойлох, харин орон нутгийн удирдах байгууллагууд төсөв хөрөнгөө зөв зарцуулах, иргэд эрүүл мэндийн талаарх боловсролоо нэмэгдүүлэх гээд цогц арга хэмжээг авах хэрэгтэй. Анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг хэдий чинээ сайн хөгжүүлнэ төдий чинээгээр үр дүн сайжирна гэдгийг дахин онцолмоор байна“ гэлээ.
Мөн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Монголын нийгэм, эрүүл мэндийн салбарын талаар, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар тус тус танилцуулах илтгэл тавьсан юм. Үүний дараагаар хатагтай Чан Эрүүл мэндийн яамны хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.