Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр батлагдлаа
2017/05/25
Хоёр Засгийн газар дамнан яригдсан ОУВС-тай хийсэн Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээр батлагдлаа. Төсөв болон төлбөрийн тэнцлийн хос алдагдалд орсон манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд тавьсан шаардлагын дагуу Засгийн газар 2017 оны нэгдсэн төсөвт тодотгол хийж, УИХ-аар батлуулсан юм. Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдснаар нэн тэргүүнд 440 орчим сая ам.долларын зээлийн шугам нээгдэнэ. Энэхүү зээлийн хүү хоёр хувиас хэтрэхгүй бөгөөд хөвөгч хүүтэйгээр авахаар тохирсон. 36 сарын хугацаанд хэрэгжих дээрх хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах таатай нөхцөл үүсэж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцолсон удаатай. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк болон донор орнууд гурван тэрбум хүртэл ам.долларын төсвийн болон төслийн дэмжлэг үзүүлэхээ урьдчилсан байдлаар илэрхийлээд буй. Нийтдээ ирэх жилүүдэд 5.5 тэрбум ам.доллараар хэмжигдэх валютын урсгал Монголыг чиглэнэ. Эдийн засгийг тогтворжуулах “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсөв, мөнгөний бодлогыг чангатгаж, улмаар эдийн засгийн сахилга батыг сайжруулахаар зорьж байгаа юм. Ингэснээр долларын ноёрхол дуусаж, төгрөгийн уналт төгсөх цаг ирж байгааг эдийн засагчид онцолж буй.
Урьдчилсан байдлаар Олон улсын валютын сантай хийсэн яриа хэлэлцээрийн дараа Монголоор овоглосон олон улсын зах зээл дэх бондын ханш цойлж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 10 жилийн хугацаатай “Чингис” бондын ханш 5 хувиар өссөн дүнтэй байгаа. 89 нэгж байсан энэ үнэт цаас өдгөө 93 нэгжийг даваад байгаа юм. Богино хугацаанд огцом өсөлт үзүүлсэн нь зөвхөн энэ биш. Үүнээ гадна 96.8 нэгж байсан Монгол Улсын Засгийн газрын таван жилийн хугацаатай “Чингис” бондын ханш ч 100 нэгжийг шүргэж байгаа юм. Ингээд зогсохгүй хөгжиж буй орнуудын бондын өсөлтийг Монголын бондууд хошуулчилсныг “Reuters” уламжилсан удаатай. Дахиад нэг сайн мэдээ. Монгол Улсын Засгийн газрын гадаад зах зээлд шинээр гаргасан "Хуралдай" бондын хоёрдогч зах зээлд дуудагдах үнэ өсөж, 108 ам.долларт хүрч тогтсон. Өөрөөр хэлбэл, шинэ гаргасан “Хуралдай” бонд хөрөнгө оруулагчдын сонирхлыг богино хугацаанд татсан. Энэ бол Хөгжлийн банкны хугацаа нь дуусаж байгаа евро бондыг эзэмшигчдэд шинэ бондыг солих санал тавьж, нийт 600 сая ам.долларын хэмжээтэй, нэг бүр нь 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй, 8.75 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай гаргасан шинэ бонд юм. Хөгжлийн банкны евро бондын нийт хэмжээ 580 сая ам.доллар байсан бөгөөд үүнээс 82 хувь буюу 476 сая ам.долларын хэмжээтэй бонд эзэмшигчид Монгол Улсын Засгийн газрын шинэ бондоор солих саналыг хүлээн зөвшөөрч бодит ажил хэрэг болгосон. Товчхондоо, евро бондын төлбөрийг шинэ бондоор солих замаар хойшлуулах хэлцэл ийнхүү амжилттай болж хэрэгжсэн юм. Энэ үеэр олон улсын санхүүгийн зах зээлийн хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам.долларын бонд худалдаж авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Эдийн засаг дахь дээрх эерэг дохионууд хэдхэн сарын өмнө зээл авч чадахгүйдээ тулаад байсан Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэсний нотолгоо юм. Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсан тохиолдолд 2017 оны төгсгөл, ирэх оны эхний улирлуудад хувийн секторын нөхцөл байдал сайжирч, эдийн засаг эмчилгээнээс гарах нөхцөл бүрдэнэ гэдгийг эдийн засагчид онцолж байгаа юм.
Б.Даваа
www.shuum.mn