Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэднийг асардаг хүмүүсийн нийгмийн халамж нэмэгдэнэ
2017/05/29
Монгол улсад 101730 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 10 хувийг хүүхэд эзэлж байна. Тэдний 1658 хүүхэд нь Ерөнхий боловсролын дээрх тусгай сургуулиудад суралцаж, 402 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцаж байна.
Тодруулбал, орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг сургууль байдаггүй. Тиймээс хотод байгаа хүүхдүүд тусгай хэрэгцээт сургууль цэцэрлэгт сурдаг. Эсвэл орон нутгаас хүүхдээ авчирж хүүхдээ сургахаас өөр аргагүй. Өнөөдрийн байдлаар нийслэлд ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 25, 29, 55, 63, 70, 116 дугаар тусгай сургууль, 10, 186 дугаар цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа.
Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, тэдний тусгай хэрэгцээнд нийцсэн, тав тухтай орчин бүрдүүлэх, сургалтын байгууллагыг шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, багшлах боловсон хүчнийг бэлтгэх талаар төрөөс анхаарч Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байгаа.
Уг тогтоолын төсөл батлагдан хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудын зарим нь шийдвэрлэгдэж хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаарх эрх зүйн зохицуулалт сайжирч тэдэнд ээлтэй байх боломж бүрдэнэ. Тодруулбал,
1/“Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2022 он”-ийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
2/хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалж байгаа асран хамгаалагчийн асаргааны тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшинд хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих “Тусгай хэрэгцээт сан” байгуулах талаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулж 2017 оны намрын чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
3/цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, холбогдох байгууллага, албан тушаалтан хамтран сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойрогт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог нарийвчлан гаргаж, тэгш хамруулан сургах орчныг бүрдүүлэн ажиллах;
4/Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвөөр дамжуулан хэвтрийн, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бичиг үсгийн болон бага, суурь боловсрол эзэмшүүлэх ажлыг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байгаа орчинд суурилуулах, зайн сургалтын тоног төхөөрөмж худалдан авах, багшийн цалинг тооцож улсын төсөвт тусгах;
5/бүх шатны Засаг дарга хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, тухайн орон нутгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургууль, цэцэрлэгт хамруулах асуудлыг Засаг даргын үр дүнгийн гэрээнд тусгаж, үүрэгжүүлж ажиллуулах;
6/улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэн оношлоход шаардагдах оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээт сургуулийн сурагчдыг тээвэрлэх автобусаар тус тус хангах;
7/тусгай сургуульд ажиллаж байгаа багш, ажилтан, албан хаагчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох;
8/тусгай хэрэгцээт боловсролын байгууллагын багшлах боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах асуудлыг бодлогоор дэмжих;
9/иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг сунгахад тулгарч буй асуудлуудыг нягталж, өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх боломжийг бүрдүүлэх юм.
Тухайлбал, тусгай хэрэгцээт сургуульд ажиллаж байгаа багш, ажилтан, албан хаагчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох талаар үүрэг өгч байгаа юм. Одоогийн байдлаар 10-30 хувийн нэмэгдэл авдаг бөгөөд энэ нь маш бага байдаг нь судалгаанаас харагдаж байна. Хамгийн ихдээ 190000 төгрөг, багадаа 38000 төгрөг дунджаар 80000 орчим мянган төгрөгний нэмэгдэл авч байна. Энэ тэдний үндсэн цалин бага байгаатай холбоотой юм. Мөн асаргааны зардлыг амьжиргааны доод түвшинтэй уялдуулан шинэчлэн тогтоохыг үүрэг болгож байгаа бөгөөд одоогийн олгож байгаа асаргааны зардал дээр дунджаар 113000 төгрөг нэмэгдэх юм.
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бид эргэн мэдээлэх болно.