Ж.Бат-Эрдэнэ: Монголбанкны үнэ тогтворжуулах хөтөлбөр цөөн тооны компанийг дэмжих хэрэгсэл байжээ
2017/05/30
-Монголбанкинд шалгалт хийх явцад олон зөрчил илэрсний нэг нь уламжлалт бус алдаатай бодлогын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн. Уламжлалт бус арга хэмжээ гэдэгт Үнэ тогтворжуулах хөтөлбөр, сонгуулийн өмнө хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөр орж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэчнээн төгрөгийн алдагдал хүлээсэн бэ?
-2011 онд Монголбанк ашигтай ажиллаж байсан. Харин 2012-2016 онд он дараалан алдагдалтай ажилласаар хуримтлагдсан нийт алдагдал гурван их наяд төгрөг болсон нь шалгалтаар илэрсэн. Гурван их наяд төгрөг бол 1500 сургууль, цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө шүү дээ. Төв банкны тухай хуульд зааснаар Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршдог. Харин ямар нэгэн хэлбэрээр зээл олгох болон улсын төсөвтэй адилтгах үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Гэтэл Монголбанк, Засгийн газартай хамтран 2012 оны 10 дугаар сараас эхлэн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-т 4.8 их наяд, Засгийн газрын “Сайн” хөтөлбөрүүдэд 500 гаруй тэрбум төгрөг, АСЕМ-ын бэлтгэл ажилд 230 орчим тэрбум төгрөгийг тус тус арилжааны банкуудаар дамжуулан хувийн компаниудыг маш бага хүүтэй зээлээр санхүүжүүлж, өөртөө их хэмжээний алдагдлыг бий болгожээ. Эдгээр нь уламжлалт бус алдаатай бодлогын арга хэмжээнүүд юм. Зөвхөн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 2013-2015 онд мөнгөний уламжлалт бус арга хэрэгслүүдээр эдийн засагт их хэмжээний төгрөг хэвлэж нийлүүлсэн нь тухайн үед төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг 40 гаруй хувиар сулруулсан байдаг.
-Тухайн үед Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд шатахуун болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжлоо, буурлаа гэх мэтээр их сурталчилж байсан. Шалгалтын дүнгээс үзвэл буурах бус харин ч эсрэгээрээ нэмэгдэх нөхцөл бүрдүүлсэн гэжээ. Энэ талаар?
-Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд олон дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлж 4,2 орчим их наяд төгрөгийн маш бага хүүтэй зээлийг компаниудад олгосон байдаг. Тухайлбал, Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах, Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах, барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах зэрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор их хэмжээний төгрөгийг хэвлэж нийлүүлсэн нь төгрөгийн ханшийг сулруулж, валютын ханшийг тогтмол өсгөж байсан нь бараа, бүтээгдэхүүний үнийг буурах бус нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн бор зүрхээрээ явж байгаа аж ахуйн нэгжүүд арилжааны банкнаас жилийн 24 хувийн хүүтэй зээл авч байхад, улстөрчдийн эрх ашиг орсон компаниуд жилийн 3,8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг Монголбанкнаас авч ашиглан бизнесийн шударга бус өрсөлдөөнийг бий болгож байсан нь шалгалтаар тогтоогдсон.
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан компаниудыг яаж сонгон шалгаруулж байсан юм бол?
-Хөтөлбөрт хамрагдах аж ахуйн нэгжүүдийг Засгийн газар сонгон шалгаруулж байсан. Монголбанк 2012 оны 11 дүгээр сараас эхлэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон аж ахуйн нэгж, байгууллагуудад арилжааны банкуудаар дамжуулан зээл олгож байсан. Эдгээр зээлийн нөхцөл болон хугацааг Засгийн газар тодорхойлдог байсан ба оролцогч банкууд бие даан зээлийн нөхцөлийг тодорхойлох боломжгүй байсан.
Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төв банкны тухай хуульд заасан Монголбанкны үйл ажиллагаанд хориглох зүйл заалтыг зөрчсөн байна. Тухайлбал, мөн хуулийн 23.1.3 /Засгийн газар болон банк, Хадгаламжийн даатгалын болон Ирээдүйн өв сан корпорациас бусад хуулийн этгээд, иргэний мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах,төлбөр тооцоо хийх, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно/ дахь заалтыг зөрчиж зээл авах компаниудын нэр, зээлийн хэмжээ зэргийг зааж өгсөн байна. Тус хуулийн 23.1.7 /улсын төсөвт тусгагдаж Улсын Их Хурлаар батлагдсан, энэ хуулиар зөвшөөрснөөс бусад, хуулийн этгээд, иргэний эдийн засгийн буюу арилжааны үйл ажиллагааг дэмжсэн тэнцлийн болон тэнцлийн гадуурх аливаа гүйлгээ хийхийг хориглоно/ дахь заалтыг зөрчиж компаниудад үзүүлэх валютын ханшийн хөнгөлөлтийг тогтоож өгчээ. Хууль бус сонгон шалгаруулалт явуулсан, компаниуд авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан зэрэг зөрчлүүд олон гарсныг баримтаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, үнэ тогтворжуулах хөтөлбөр нь улстөрчдийн хувийн компаниа дэмжих хэрэгсэл байсан гэсэн үг.
-Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд Монголбанк хэдий хэмжээний алдагдал хүлээсэн бэ?
-Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ харьцангуй тогтвортой бөгөөд ирээдүйд буурах хандлагатай байсан үед уг дэд хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн байдаг. Монголбанк энэхүү дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зээлийн хүүгийн бодит бус алдагдалд 54,2 тэрбум, валют арилжааны ханшаас бодитоор 354,3 тэрбум, нийт 408,4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Нефть бүтээгдэхүүн импортлогч сонгогдсон компаниудад ам.долларыг зах зээлийн ханшаас 300 төгрөгөөр хямдаар өгч байсан. Үүнээс үзэхэд дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед ажиллаж байсан Монголбанк, Уул уурхайн яамны холбогдох удирдлагууд газрын тосны дэлхийн зах зээлийн үнийн бодит судалгаа, цаашдын хандлага болон эдийн засгийн зөв тооцоо судалгаанд үндэслэлгүйгээр шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Уг дэд хөтөлбөр иргэдэд бус нефть бүтээгдэхүүн импортлогч сонгогдсон компаниудад ашигтай байжээ.
-Хөтөлбөрт хууль бусаар шалгарсан болон зээлийг зориулалт бусаар зарцуулсан хэчнээн аж ахуйн нэгж байгаа вэ?
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээл авахдаа хууль бусаар шалгарсан болон зээлийг зориулалт бусаар зарцуулсан нийт 45 аж ахуйн нэгжийн мэдээллийг ажлын хэсгээс гаргасан. Үндэсний Аудитын газраас “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт”-д хийсэн 2016 оны нийцлийн аудитын тайлангийн дүгнэлтэд яамд дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа холбогдох хууль, эрх зүйн актыг мөрдөж ажиллаагүй, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг хангалтгүй зохион байгуулснаас хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулсан байна гэж дүгнэсэн. Бараа, бүтээгдэхүүний үнийг хямдруулах зориулалттай хөнгөлөлттэй зээлээр урьд авсан зээлээ дарж, хувийн хэрэгцээндээ зарцуулсан байгаа нь шударга бус юм. Энгийн үгээр хэлбэл их хэмжээний зээлийг маш бага хүүтэйгээр авч, түүнийгээ арилжааны банкуудад өндөр хүүтэй байршуулах зэргээр мөнгө хүүлж ашиг олж байсан зөрчлүүд илэрсэн гэсэн үг.
-Валютын ханшийн өсөлт Монголбанкны алдаатай үйл ажиллагаатай холбоотой юу. Улсыг их хэмжээний алдагдалд оруулсан, эдийн засаг хямрах нөхцөл байдалд хүргэсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой иргэд үзэж байна. Ажлын хэсэг ямар арга хэмжээ авах санал оруулсан бэ?
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг санхүүжүүлэх болон бусад зорилгоор мөнгөний нийлүүлэлт 2012-2016 онд огцом нэмэгдэж 7,6 их наядаас 12,1 их наяд болсон нь ам.долларын эсрэг төгрөгийн ханшийг нийтдээ 80 хувиар сулруулжээ. Нэг ам.доллар 2012 онд 1393 төгрөгтэй тэнцэж байсан бол 2015 онд 1992 төгрөг, 2016 онд 2490 төгрөг болж нэмэгдсэн. Эндээс үзэхэд Монголбанк өөрт нь хуулиар оногдсон үндсэн зорилго болох үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүргээ биелүүлж чадаагүй байна. Тиймээс тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг хууль хяналтын байгууллагад шалгуулах ёстой. Монголбанкны бодлогын хүүнээс хэд дахин бага хүүтэй их хэмжээний зээлийг хөтөлбөр нэрийн дор тооцоо судалгаагүйгээр олгож, төрд онц их хэмжээний хохирол учирсан тул хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг дүгнэсэн. Мөн Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
-Дээрх алдаатай бодлогын улмаас их хэмжээний хохирол учирч байхад яагаад хянаж чадсангүй вэ?
-Улсын Их Хурал Монголбанкинд хяналт тавьдаг, Монголбанк нь УИХ-д ажлаа хариуцдаг. Мөн Монголбанкны Хяналтын зөвлөл УИХ-аас томилогдон ажилладаг, Аудитын газраас хянадаг ч тэд хяналтаа тавилгүй, явж ирсэн нь ийм нөхцөл байдалд хүрэх нэг шалтгаан болсон. Нэг үгээр хэлбэл өмнөх эрх баригчид хяналт тавилгүй, харин ч үгсэн хуйвалдаж, эдийн засгаа хорлож, улсыг хохироосон нь ил болж байна. Тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгээс Монголбанкны алдаатай бодлогын талаар удаа дараа сануулсан байдаг. Гэвч өмнөх эрх баригчид бодит мэдээллийг нуусаар ирсэн. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын тушаалаар Монголбанкны мэдээллийг нууцалсан журмыг баталсан байдаг. Хууль давсан журам баталж, холбогдох материалтай танилцахын тулд заавал Тагнуулын байгууллагаас зөвшөөрөл авах зохицуулалтыг хийж өгсөн. Ингэж л алдаа завхралаа үйлдэж, нуун дарагдуулж байсан нь шалгалтаар илэрсэн.
О.Анир
www.tovchoo.mn
Zochin · 2017/05/30
huulia changatgaj ene ulsiig orond oruulsan ym nariig bugdiig ni tseerluulj shiitgeh heregtei
Zochin · 2017/05/30
Muu ym hiisen hun zaaval hariugaa hurtnee. Tenger nudtei shuu dee. Battulga chi zalhaan tseerluuleerei
Zochin · 2017/05/30
Ene dundaas Battulga bolon tuunii companyd l hojson shuudee. Getel ard tumen medehgui demjeed yavdag arai l bish shu
Зочин · 2017/05/30
Одоо ч эдийн засаг овоо сэргэж байна даа, та бүхэнд баярлалаа
Зочин · 2017/05/30
Энэ АН нам бүтэхгүйэ, одоо бүр болих хэрэгтэй
Зочин · 2017/05/30
Мэдээж шүү дээ, Женкогийн хэдэн банкуудад л ашигтай байсан байгаа шдээ