Өнгөрсөн сарын статистик мэдээллээс харвал, 1009.3 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Мөн чанаргүй зээл ч нэг их хол зөрүүгүй байгаа юм. Үүнийг дурдсаны учир нь “хар данс”-тай иргэдийн хувьд дахин зээл авна гэдэг давахгүй даваа. Яагаад гэвэл, зээлийн мэдээллийн сангийн лавлагааг үндэслэн арилжааны банкууд зээл олгодог зарчимтай. Сүүлийн хоёр жилийн хугацаанд банкны чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өссөөр байна. Энэ нь эдийн засгийн чадавх муу байгаатай холбоотой гэдгийг эдийн засагчид тайлбарладаг.

 

Иргэдийн хүсэлт, гомдлыг харгалзан Төвбанкны зээлийн мэдээллийн сангийн “хар данс”-нд байгаа зарим хүмүүсийн мэдээллийг “цагаан” болгох шийдвэр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нийг хүртэл зээлээ төлсөн иргэдийг хэвийн болгосон гэсэн үг. Гэвч энэ нь төдийлөн олон нийтэд хүртээлтэй байж чадаагүй талаар хүмүүс ярьж байна. Тухайлбал, зээлийн гэрээний хугацаанд хугацаа хэтрүүлж төлдөг байсан нэгэн зээлдэгч дахин зээл авахаар банкинд ханджээ. Гэтэл “хар данс” нь гарч ирснээр “найдваргүй зээлдэгч” хэвээр байгаагаа мэдсэн аж.

 

Тэгвэл зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-аас хасагдан хэрхэн “цагаан” болох вэ гэдэг асуулт урган гарна. Одоогоор 25621 хүнийг “цагаан” болгосон албан мэдээ байна. Мөн энэхүү журам зарим аж ахуйн нэгжид ч үйлчилсэн гэдгийг эх сурвалж хэллээ.

 

Ингээд мэдээллийг шинэчлэх явцад алдаа гаргасан байж болох эсэхийг Төвбанкнаас тодруулсан юм. Харин техникээс шалтгаалан зарим тохиолдолд орхигдсон байж болно. Гэхдээ маш нарийн системээр хийсэн учраас алдаа гарах учиргүй гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм. Харин арилжааны банкууд Төвбанкнаас гаргасан журмыг баримтлан зээлийн сөрөг түүхийг хэвийн болгох шаардлага хангасан хүмүүсийн мэдээллийг орхигдуулаагүй гэдгээ учирлав. Өөрөөр хэлбэл, тухайн зээлдэгч нь цалингийн доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй зээл буюу гурван сая төгрөгийг нэг жилийн хугацаатай авсан байх. Ингээд зээлийн эргэн төлөлт хийх явцдаа ганцхан удаа хугацаа хэтэрсэн байх ёстой аж.

 

Уг нь зээлийн сөрөг түүхтэй зээлдэгчид зээл олгохыг хориглосон хуулийн заалт байхгүй. Гэвч банкууд эрсдлээ тооцоолон найдваргүй зээлдэгчид мөнгө гаргахыг төвддөггүй. Үүнийг ч бас буруутгах аргагүй. Бас нөгөө талдаа хуримтлал үүсгэх боломжгүй байгаа энэ үед хэрэглээгээ лизингээр хангахыг зорьж байгаа нь ч буруу биш. Тиймээс уян хатан зарчим зарим талдаа үгүйлэгдэж байгааг энэ дашрамд дуулгая.

 

Д.Оюунчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин