Фэйсбүүк, твиттерийг зөв зүйлд ашиглая
2017/05/31
Монголд цахим ертөнц хурдацтай хөгжиж, толгойтой бүхэн фэйсбүүктэй болж байгаа гэхэд болно. Улмаар цахим хуудсыг мэдээлэл түгээх, эсвэл реклам сурталчилгаа хийх, бүр бусдыг муулах хэрэгсэл ч болгож байгаа. Гэхдээ фэйсбүүк, твиттерийг сайн сайхан зүйлд ашиглаж, хэрэгтэй ажилд уриалбал бас ч гэж газар авч байгаа жишээ олон байна. Бусдыг ад, “од” болгохоосоо илүүтэй нийгэмд хандсан сайн зүйлд урилбал шүү дээ.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Газар чөлөөлье” нэртэй уриалга байлаа. Хүн бүр л өөр өөрсдийн амьдарч байгаа газрын ойролцоо явган хүний замыг хааж барилга барьсан, өргөтгөл хийсэн газруудын зургийг оруулж, “Газар чөлөөл” хэмээн уриалсан
Энэхүү уриалга үр дүнгээ өгч, цөөнгүй хэдэн газрын замыг чөлөөлж, талбайгаа хэтрүүлж өргөтгөл барьсан байгууллагууд барилгаа нурааж, буулгасан тохиолдол ч гарсан билээ. Ерөнхийдөө энэхүү уриалгын ачаар иргэд цөөнгүй газар тайван алхах боломжтой болсон.
Энэ бол фэйсбүүк, твиттерийг зөв зүйлд ашиглаж, уриалбал бид нийгмийг хүртэл өөрчилж болохоор байна гэдгийг харууллаа. “Зам чөлөөл” уриалгийг ингээд орхиж болохгүй. Улаанбаатар хотын хаа сайгүй явган хүний зам руу хэт тулгаж өргөтгөл хийсэн, орц, гарцыг хааж байшин барилга барьсан, ТҮЦ тавьсан нь бий. Тэр болгонтой иргэд тэмцмээр байна.
Тухайлбал, ГССҮТ- ийн үүд хавьд баахан ТҮЦ тавьчихсан, иргэд машинтайгаа очоод ороход хүндрэлтэй болчихсон л байгаа. Энэ асуудлыг нийслэлийн удирдлагууд анхаармаар байна. Иргэд ч гэсэн “Зам чөлөөл” уриалгад тэр хавийн зургийг оруулж, эрх баригчдад хүргэх хэрэгтэй байна.
Таны амьдарч байгаа газрын ойролцоо ямар байгууллага зай талбайгаа хэтрүүлж, явган хүн алхах ч замгүй болгочихсон байвал зургийг нь оруулаад, уриалаад байя.
Энэ мэт хэрэгтэй уриалгийг зогсоож боломгүй байна. Одоогийн хотын удирдлагууд чадлаараа л ажиллаж байгаа байх. Гэхдээ тэдэнд байнга сануулаад, хэлээд, хийх ажлыг нь заагаад өгчихвөл хийгээд байж магадгүй нь. Ер нь бол энэ нийгэмд засах, залруулах зүйл маш их байна. Хэлэхээс нааш хөдөлж өгдөггүй албан тушаалтнуудад ч гэсэн байнга хэлж, сануулж байхгүй болохгүй нь.
Одоо бол Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд, элдэв янзын хар, цагаан пи ар нь ихдээд, “Зам чөлөөл” уриалга хүртэл дарагдаж байх шиг байна. Гэхдээ сонгууль ямар мөнхийн болоод байх биш. Ирэх сард бужигнаад л өнгөрнө. Харин амьдрал, асуудал үргэлжлээд л өрнөнө. Тийм болохоор фэйсбүүк, твиттерээ зөв зүйлд ашиглая. Ядаж л нийслэл хотоо өнгө үзэмжтэй, амьдрахад таатай байхад чиглэсэн олон шинэлэг уриалгийг гаргаж баймаар байна. Яг “Зам чөлөөл” гэдэг шиг.
Нэг хэсэг газрын иргэд өөрсдийнхөө асуудлыг шийдэхийн тулд сошиалаар “бөмбөгдөж” ч болж байна шүү дээ. Тухайлбал, Гандан хавийн иргэд одоо болтол төвийн шугамд байшин, барилгаа холбуулж чадаагүй л байна. 21 дүгээр зуун, 2017 он болчихоод байхад Улаанбаатар хотын хамгийн төв хэсэг төвийн шугамд холбогдоогүй л байгаа шүү дээ. Тэгвэл тэр хавийн иргэд бөөнөөрөө уриалга гаргаад, дайрвал эрх баригчид, мэдэлтнүүд харж, сонсч, мэдэрнэ шүү дээ. Энэ мэтээр гэрэл цахилгаангүй, худаг усгүй, зам харгуйгүй байгаа газрын иргэд ч гэсэн санал санаачилга, урилга гаргаад дайрмаар байна. Нийтийн сайн сайхны төлөөх үйлсэд, уриалгад бол иргэд оролцоно, дэмжинэ. Магадгүй хэдхэн хүн гараад талбайд жагссан дүр үзүүлснээс сошиал ертөнц ашиглаад, хэвлэлийнхний дэмжлэгийг багахан аваад дайрвал илүү үр дүнд хүрч ч болох байх. Тиймээс л фэйсбүүк, твиттерийг зөв зүйлд ашиглая. Яг л “Зам чөлөөл” шиг.
Эх сурвалж: MMINFO.MN
Н.Пунцагболд
irgen · 2017/05/31
Harin tiimee zuv ,zuv ymnd ashiglah heregtei demjij bna zarim ued arai l denduu ym bichih ym umnuus ni nuur hiih gzargui boltloo ichih ym er em 2 bugs,buur,tegej huraad ingej araar taviaf tegej untaj hevteed geel heruul hurtel bichih ym ene zaluus bas buduuleg ymaa bie bieteigee hereldtsgeej uguh ym