Сүүлийн үед хар тамхи хэрэглэсэн, зөөвөрлөсөн, худалдаалсан гэх хэрэгт монголчууд холбогдсон тухай байнга сонсдох болжээ. Ямар нэг байдлаар хар тамхи хэрэглэгчдийн тоо 10.000 орчимд хүрсэн гэсэн  судалгаа байдаг.

Энэ нь цөөхөн монголчууд бидний хувьд дэндүү ахадсан тоо юм. Хар тамхи гэгч уураг тархи, мэдрэлийн системд нөлөөлдөг химийн болон ургамлын гаралтай мансууруулах бодисонд  донтогсодын дийлэнх нь өсвөр насны залуус болон дунд сургуулийн хүүхдүүд байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. 9-11 дүгээр сарын хооронд мансууруулах бодис хэрэглэж байгаад цагдаад баригдсан хүүхэд залуусын тоо 20-д хүрчээ. Хамгийн сүүлд 15, 16 насны хүүхдүүд олсны төрлийн ургамал татаж байгаад цагдаагийн ажилтнуудад баригдаж саатуулагдсан бөгөөд хэргийг УМБГ-т шалгаж байна. Хуулинд энэ төрлийн бодисыг зарсан болон худалдан авсан хүнийг олон жилээр хорих заалттай байдаг. Хар тамхины өөрийн өртөг өндөр, хэрэглэсэн гэх хэрэгт ихэвчлэн “томчуудын” болон боломжийн амьдралтай айлын хүүхдүүд холбогдсон гэх дуулиан дэгддэгээс үүдээд “Энэ бол “тансаг” хэрэглээтэй хүмүүсийн л оролддог зүйл. Ядуу нэгэнд бол хүртээлгүй” гэсэн ойлголт нийгэмд хэдийн бий болжээ. Тэгвэл хар тамхитай холбогдсон хүмүүс хэн ч байсан ялгаагүй эрүүл мэнд, эд хөрөнгө, хүн чанар гээд өөрт байсан хамгийн үнэтэй бүхнээ, эцэст нь амь насаа алдах аюул таныг хүлээж байгаа гэдгийг сануулах үүднээс хар тамхи хэрэглээд олон жилийн нүүр үзэж байгаа хоёр хүнтэй ярилцсанаа хүргэе.

- Та яагаад энэ зуршилд автагдчихав аа?

- Намайг Зоригоо гэдэг. Сүүлдээ “морфин” гэдэг нэртэй болж байх шиг байна. Нас 50 гарлаа. Арав гаруй жилийн өмнө осолд орсон юм. Хэд хэдэн хүнд хагалгаа хийлгэсэн. Тухайн үед эмчийн заалтаар өвчин намдаах зорилгоор морфин тариулж байсан. Тариа гарахаар л хамаг бие шархирч өвдөөд маш хэцүү байлаа. Тэгээд эмнэлгээс гарсны дараа өвчин намдаах тариа хийлгэсээр байсан л даа. Тэр үеэс хойш тариулахгүй л бол бие өвдөөд тогтмол морфин хэрэглэх болсон.

- Ямар тунгаар хэрэглэдэг вэ. Морфин эмчийн жоргүйгээр олгох ёсгүй,  хориотой эмийн жагсаалтад байдаг. Хаанаас авдаг юм, байнга хийж өгөөд байх эмнэлэг байх юм уу?

-   Өвчнөө дарах гэж бага багаар тунг нь нэмсээр байгаад одоо өглөө 10 ампул, орой 10 ампул морфин тарихгүй л бол амь тэмцэж бие шархираад хагас ухаантай амьтан л болно шүү дээ. Барс захын ойролцоох эмийн сангаас тариагаа авдаг. Олон жил үйлчлүүлж байгаа болохоор жор нэхэж зовоогоод байдаггүй. Группын хэдэн төгрөгнөөс өөр орлогогүй учир зээлээр авах үе ч байдаг. Харин тариагаа хийж биеэ гайгүй болгочихоод өдөрт нь зээлээ төлчихдөг найдвартай түнш гэж болно. Өөрөө өөрийгөө тарьчихдаг юмаа.

- Та ажил хийдэггүй. Группын мөнгө чинь тариандаа хангалттай хүрдэг үү. Ар гэрийнхэн чинь яаж ханддаг вэ?

-Эхнэр хүүхдүүд мэднээ. Чадах ядахаараа л авч өгдөг байсан. Харин тун нь нэмэгдээд, тарианы үнэ өсөөд ирэхээр би тэдэндээ дарамт бололгүй аль болох өөрийгөө болгохоор шийдсэн, болгож ч байгаа.

- Яаж?

- Үнэнийг хэлэхэд энд тэнд эзэнгүй удаахан зогсож байгаа япон машинуудыг харж байгаад толь, гэрэл гээд авч болох зүйлийг нь авчихдаг. Цаашаа өгөхөд овоо үнэ хүрдэг юм. Авто плазад байнга аваачиж өгдөг лангуунуудтай. Өдрийн тарианыхаа 40-50 мянган төгрөгийг ингэж л олж байна даа.

- Та ТББ-д бүртгэлтэй гэсэн, та нарт ямар нэгэн туслалцаа үзүүлдэг үү?

- Яахав, биднийг цуглуулж сэтгэл санаагаар дэмжих талын юм ярьж л байдаг юм. Цуглах бүрд нэг хайрцаг бэлгэвч, хэдэн тариур өгдөг. Түүнийг нь эмийн сангуудад хэр таарсан үнээр өгч тариандаа нэмэрлэдэг. Уг нь сар бүр гадаадаас хэдэн мянган долларын санхүүжилт орж ирдэг л юм гэсэн.

- Энэ төрлийн бодисыг сонирхоод байгаа хүүхэд залууст хандаж юу хэлмээр байна?

-  Нэг их сайхан намтартай хүн биш, юу хэлэх вэ дээ? Гэхдээ өвчин зовлонгийн эрхээр энэ зам руу хальтарсан болохоор хар тамхи сонирхоод байгаа хүүхэд залуусын өмнөөс үнэхээр харамсдаг. Ер нь амьдралгүй л болгож дуусгадаг эд шүү дээ гэснээр бидний яриа өндөрлөлөө.

Харин хоёр дахь танил маань мөн л морфин гэх тодотголтой 40 хүрч яваа Урнаа гэдэг эмэгтэй.

- Морфин хэрэглээд удаж байна уу?

- Анх 20 гаруйхан настайдаа манай улсад ажиллаж байсан америк залуутай танилцаад нэг хэсэг хамт амьдарсан юм. Түүнийг дагаад ганц нэг хэрэглэж үзсэн. Тэр залуу маань нутагтаа очоод ирнэ гэж яваад таг чиг боллоо. Тэгээд л нэг их хаягдаж гансарсан хүн “өнөөдөр л ганцыг” гэсээр байгаад сүүлдээ гарч чадахаа байсан даа.

-  Ажил хийдэг үү. Ямар тунгаар хэрэглэдэг юм?

- Миний хувьд харин ч гайгүй, өдөрт 10 ампулыг л хэрэглэдэг. Өдөр бүр морфин хэрэглээд яг л согтуу хүн шиг манараад байгаа хүнийг хаана ажилд авах вэ дээ. Ар гэрийнхэн маань уг нь боломжийн амьдралтай хүмүүс байдаг. Гэхдээ ажил төрөл хийхгүй, болох болохгүй хүмүүстэй нийлж дэмий тэнээд байна гэж загнан байж заримдаа мөнгө өгнө, өгөхдөө овоо ахиухан юм өгдөг юм. Хүмүүс хоол унааныхаа мөнгийг яаж дараагийн цалин хүртлээ хуваарилж зохицуулдаг билээ, түүн шиг л тариагаа таслахгүйн тулд хоол ундаа хасаад л гүрийнэ шүү дээ. Мөнгө олохын тулд зарж болох зүйлсээсээ зараад дуусч байна. Яаж ийгээд л мөнгө олдог. Бүр аргагүйдсэн үедээ энд тэндэхийн барилга дээр ажиллаж байгаа хятадууд дээр очиж биеэ үнэлдэг. Сахиулаас нь өөр төдийлөн хүн ирж очоод байдаггүй нэг албан газрын хашаа “нүдэнд тусаад” байхаар нь хашаанд нь байсан чингэлгийг зуучлаад зарчихсан тохиолдол ч байгаа. Машин хөлсөлж очоод зүгээр л өөрийнхөө юмыг авч байгаа юм шиг ачуулчихсан чинь сахиул нь жаахан гайхаж байгаад л явуулчихсан шүү.

- Цаашид яах бодолтой байна?

- Үнэндээ өөрөөсөө ч айдаг боллоо. Тарианыхаа мөнгийг л олж байвал яасан ч яахав гэсэн бодол тээгээд удаж байна. Хань ижил, үр хүүхэд ч үгүй, байгаа байдалдаа гутардаг ч одоо л ёстой болъё гэсэн бодолтойгоор өдөр бүр тариагаа хийсээр л байна гэсэн юм.

Дээрх хоёр хүний ярианаас та бүхэн нэгийг бодно биз ээ. Таны, миний үр хүүхэд, найз нөхөд, танил хэн нэг маань энэ аймшигт замыг сонирхож байгаа юм биш байгаа…?  Уг нь хар тамхи, мансууруулах бодист автахаас сэргийлэх, донтсон хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, хор хөнөөлийг нь ойлгуулж хорт зуршлаас нь салгах зорилготой хэд хэдэн ТББ бий. Гэвч дорвитой ажил хийдэггүйгээс мансуурагчдын тоо ихсэн, аюулын харанга дэлдэж байгаа бус уу?

  Б. Чулуун