Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Танайд хандаж өөрийнхөө өмьдралын талаар бага сага зүйл бичиж, зөвлөгөө авмаар санагдлаа. Би энэ жил 29 настай, урьд нь гэр бүл зохиож байгаагүй эмэгтэй. Мэргэжлээ дээшлүүлэхээр Япон улсад 2 дох жилдээ суралцаж байна.

Монголд байхдаа найз залуу энэ тэр гээд сүйд болсон зүйл нээх байгаагүй. Ганц хоёр уулздаг учирдаг залуус байсан ч, одоо бол бүгд өөр өөрсдийн гэр бүлтэй болцгоосон. Би өөрийгөө гэр бүлийн хүмүүжил сайтай, боловсролтой, гадаад төрхөөрөө ч хүнд гологдохооргүй эмэгтэй гэж боддог. За гол асуудалдаа ороё.

Юу вэ гэхээр би өнгөрсөн 8-р сард Токиод нэг байгууллага дээр дадлага хийж яваад нэг аятайхан залуутай танилцсан юм. Надаас 2 насаар ах. Урьд нь гэр бүл зохиож байгаагүй. Энд ер нь угаасаа эрчүүд нь их орой гэрлэдэг. Япончууд гайхалтай хөдөлмөрч, нямбай, бүх зүйлийг яг таг бэлдэж байж л гэрлэх талаар боддог. Тэр хүн маань танилцсан цагаасаа эхлээд л намайг болзоонд урьж, би ч энэ хүндээ их дасах боллоо. Гэхдээ одоо болтол унтаж хэвтсэн зүйл байхгүй. Гэр бүлийн хүмүүжил гэж үнэхээр гайхамшигтай хүн бий. Надад маш их халамжтай, байгууллага хамт олондоо нэр хүндтэй.

Саяхнаас бид хоёр ирээдүйн амьдралын тухай их ярилцдаг боллоо. Саяхан надаас нэг чухал зүйл асууна гэж өглөө мессеж бичихдээ хэлсэн байсан. Би бодохдоо гэрлэх санал тавих гэж байгаа болов уу л гэж таамаглаж байна. Өөр юу байхав дээ угаасаа бодоод байхад. Би өөрөө аавгүй, ээж, эмээ, 2 эгчтэйгээ өссөн. Манайхан ч намайг өөрөө амьдралаа шийд л гэдэг. Надад бол болохгүй юм байхгүй л санагддаг. Гэхдээ Монголчуудын хандлагыг хараад байхад их л монгол цус, монгол угсаа ярьсан хүмүүс байх юм. Найз нөхөд, таньдаг хүмүүс маань үзэн ядаад бүр сүйд болдгийн бол уу?

Гэхдээ миний л амьдрал болохоор бусдад хамаагүй шүү дээ уг нь. Интернэтээр дүүрэн л Вьетнамуудтай явалдсан охидуудаа хараасан зүхсэн байх юм. Япон хүнтэй суувал бас л хараалгадгын бол уу? Би Монгол залуусаа голж байгаа юм биш. Манай Монголын залуус их сайхан болцгоосон, мэдлэг боловсрол, бие хаа гээд л. Харин миний хувьд бол Монголд намайг хүлээж байгаа ямар ч залуу байхгүй. Та нар минь зөвлөөч. Өөр гадаад хүмүүстэй гэр бүл болсон хүмүүс туршлагаасаа хуваалцаач…

http://www.cekc.mn