Монгол улсын засгийн газраас урт хугацааны зээлийг гадаадын улс орнуудаас авч байгаа.  Энэ удаад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газраас 5 сая еврогийн нэмэлт зээл авахаар болсон байна. Тодруулбал  дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж судалгааны дүнд тогтоовол Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар нь Монгол Улсын Засгийн газарт “Эрчим хүчний үр ашиг хөтөлбөр” төсөлд 5 000 000 (үсгээр: таван сая) хүртэлх еврогийн зээлийг Сэргээн босголтын зээлийн банк (KfW)-наас авах боломжтой болох аж.  Энэ асуудлыг өчигдөр ЭЗБХ хэлэлцэж дэмжив

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улсын хооронд тогтсон найрсаг харилцааны үзэл санаанд тулгуурлан, энэхүү найрсаг харилцааг түншилсэн Санхүүгийн хамтын ажиллагаагаар бэхжүүлэн, гүнзгийрүүлэхийг эрмэлзэж, уг харилцааг хэвээр хадгалах нь энэхүү хэлэлцээрийн үндсийг бүрдүүлнэ гэдгийг ухамсарлан, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд байгаль орчны тогтвортой байдалд тулгуурлан хувь нэмэр оруулах зорилгоор, хоёр орны Засгийн газар хоорондын 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийн протоколыг үндэслэн 5 00 000  еврогийн нэмэлт зээл олгохоор болсон байна. Зээл авахдаа заавал УИХ-аас албан ёсоор зөвшөөрөл авах ёстой. Асуудлыг УИХ-аар хэлэлцэхээс өмнө байнгын хороогоор хэлэлцдэг. Тиймээс, , 2017 оны тавдугаар сарын 29-ний өдөр Засгийн газраас ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг өчигдөр ЭЗБХ хэлэлцлээ. 

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Эрчим хүчний үр ашиг 1” хөтөлбөрийн хүрээнд Дарханы ДЦС-ын турбиныг шинэчлэх ажлыг 2012 оноос эхлэн хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа аж.  Төслийн анхны хөрөнгө оруулалт 13.35 сая евро бөгөөд барилгын гүйцэтгэлийн 12 сая еврогийн өртөг бүхий гэрээг ОХУ-ын компанитай, 1.35 сая еврогийн зөвлөх үйлчилгээний гэрээг ХБНГУ-ын компанитай тус тус байгуулжээ. Төслийн анхны ТЭЗҮ-д нийт төсөвт өртгийг багаар тооцож гэрээ байгуулснаас төслийн гүйцэтгэлд хүндрэл учирсан байна. Нэмэлт санхүүжилтийн асуудлыг Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2014 оны хэлэлцээ, 2015 оны зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэн уг төсөлд шаардлагатай 11 сая еврогийн 4.5 сая еврог ХБНГУ-ын Засгийн газрын нэмэлт санхүүжилтээр шийдвэрлэж, холбогдох гэрээг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 2016 онд байгуулжээ. Энэхүү төслийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай 11 сая еврогийн нэмэлт санхүүжилтийн Монголын талын хөрөнгө оруулалт 6.5 сая евро байснаас 1.5 сая евро буюу 3.45 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт Эрчим хүчний сайдын багцад тусгасан байна. Монгол Улсын төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдал, Монголын талын хүсэлтийг харгалзан үлдэх 5 сая еврогийн санхүүжилтийг ХБНГУ-ын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны Засгийн газар хоорондын хэлэлцээний үеэр тохиролцсон байна. Энэхүү нэмэлт зээлийн санхүүжилтийн зээлийн хүү жилийн 2.0 хувь, хугацаа 30 жил,  үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 36.7 хувь байх аж.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх болно. Дэмжих нь тодорхой. Ингэснээр Монгол улсын Засгийн газар ХБНГУ-ын Засгийн газраас 5 00 000  еврогийн нэмэлт зээл авах юм.