Эдийн засгаа сэргээхийн тулд Монгол улсын Засгийн газар Польш, Хятад, Герман, Энэтхэг,  Бүгд Найрамдах Солонгос Улс болон Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас манай улс зээл, снахүүжилт авахаар хэлэлцээрүүд хийгдсэн. Урт хугацааны эдгээр зээл, санхүүжилтийг эхнээс нь УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж зээл авах зөвшөөрлийг Засгийн газарт олголоо. Тодруулбал өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар дараах гурван "санхүүгийн дэмжлэг" авахыг зөвшөөрлөө. 

 Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төслийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийг 2011-2017 оны хооронд хэрэгжүүлсэн бөгөөд уг төслийн хүрээнд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгаас сонгож авсан 89 сум хамрагдаж, нийтдээ 120 бэлчээрийн малчны бүлэг, 455 эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт дэмжлэг үзүүлсэн байна.

Төслийн эхний үр дүнд үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр төслийг цаашид үргэлжлүүлж бусад аймаг, сумдыг хамруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс төслийн нэмэлт санхүүжилт болох 9,06  сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Төслийн нэмэлт санхүүжилт нь жилийн 1.25 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэлийн хэмжээ нь 0,7 хувь бөгөөд эргэн төлөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. Энэхүү төсөл нь төсөлд хамрагдсан аймаг, сумдад нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж, ядуурлыг бууруулах үндсэн зорилготой гэлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулсан.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр нар асуулт асууж хариулт авсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өмнө нь хэрэгжсэн төслийн зээлийн хүү арай бага байсан, энэ удаагийнх 1.25 хувийн хүү болон нэмэгдсэн байна. Ингэж нэмэгдсэний шалтгаан нь юу вэ хэмээн лавласан. Хүнс, хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, өмнөх зээлийг авч байхад амьжиргааны түвшин доогуур байсан учир зээлийн хүү 0.75 хувь байсан. Энэ удаад амьжиргааны түвшин дээшилсэн гэсэн судалгаа гарсан учир зээлийн хүүг 1.25 хувь болгох шийдвэрийг Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан гаргасан гэдгээ бидэнд мэдэгдсэн гэсэн хариултыг өгсөн. Ингээд хуулийн төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.

 

 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импортын банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг  2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр УИХ-аар соёрхон баталсан. Өмнө нь Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Засгийн газар, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх нөхцөлтэй байсныг өөрчлөх талаар яриа хэлэлцээ хийсний үр дүнд БНХАУ-ын Засгийн газраас санхүүжүүлэх хэмжээг 95 хувь болгож нэмэгдүүлэхээр талууд тохиролцжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий сайдын 81 дүгээр захирамжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтөд тавдугаар сарын 04-ний өдөр гарын үсэг зурж байгуулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан. Хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо үзжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд, Д.Тэрбишдагва, З.Нарантуяа, Н.Энхболд, Т.Аюурсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

 

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.   Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Польш Улсад 2013 онд хийсэн айлчлал болон хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт, яриа хэлэлцээг үндэслэн Польш Улсын Засгийн газраас 50 (тавин) сая еврогийн экспортын зээлийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын “нөхцөлт тусламж” /tied aid/ буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэжээ. Энэхүү экспортын зээл нь 50 сая еврогийн хэмжээтэй, жилийн 0,15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5 жил юм байна. Дээрх зээлийн нөхцөл нь 2014 онд тохиролцсон нөхцөлөөс сайжирсан бөгөөд зээлийн хугацаа 25 жил байсныг 28 жил, төслийн гэрээний үнийн дүнгийн 95 хувийг санхүүжүүлнэ гэснийг 100 хувь зээлээр санхүүжүүлэхээр тохиролцож хэлэлцээрийн төсөлд тусгажээ.

Хуулийн төслийг хэлэлцэн батлахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Д.Тэрбишдагва, Х.Баделхан, Д.Эрдэнэбат, Н.Цэрэнбат, Х.Болорчулуун, Д.Дамба-Очир, Д.Даваасүрэн, Б.Баттөмөр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин хуулийг баталлаа.