Дуучин Адель “Оскар”-ын наадмын шагнал гардуулах ёслолын үеэр анх удаа "Skyfall"-ын дууг олон нийтийн өмнө дуулна гэж кино академийн төлөөлөгч мэдэгджээ. "Skyfall" дуу нь тус наадмын шилдэг киноны дуунд нэр дэвшиж байгаа юм.
 
Энэхүү бүтээл нь саяхан болж өнгөрсөн “Алтан бөмбөрцөг” кино наадмын киноны шилдэг дуунд нэр дэвшиж ялалт байгуулж, дуучин бүсгүй анх удаа тус наадмаас шагнал гардсан билээ. 

Ирэх сарын 24-нд Лос-Анжелест болох шагнал гардуулах ёслолын үеэр Адель уран бүтээлээ толилуулах нь “Оскар”-ын киноны шилдэг дууны ялагчийг тодруулахад нөлөөлөхгүй гэж 85 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын продюссер Крэйг Задан, Нэйл Мерон нар мэдэгдсэн байна.

Крэйг ярихдаа “Тэр бол дэлхийн хэмжээний дуучин. Түүнд бид урилга илгээсэн. Тэр Дольби театрт болон телевизээр дэлхий дахинд "Skyfall" дууг хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Адель өнгөрсөн оны аравдугаар сард нярайлсан бөгөөд түүнээс хойш энэ сард анх улаан хивсний ёслолд оролцсон юм. Тэрбээр нэлээд жин нэмсэн. “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр уламжлалт хар даашинзаа өмсөх болов уу гэж TMZ сайтад бичжээ.
 
Т.Арьяа