Н.Номтойбаяр: Тэтгэврийг 2018 оноос нэмнэ
2017/06/14
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны харилцан тохиролцсон зарим асуудлын биелэлтийг хангаж ажиллах талаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасныг танилцуулсан юм.
“2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар санхүү эдийн засгийн хувьд хямралтай, маш хүнд нөхцөл байдалтай улс орныг хүлээж аваад ажилласан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс тодорхой шийдвэрүүдийг гаргаж, шаардлагатай арга хэмжээг авсны үр дүнд эерэг үзүүлэлтүүд гарч эхэлсэн. Төсвийн орлого өмнөх дөрвөн жилийнхтэй харьцуулахад нэлээд нэмэгдлээ. Хэдийгээр бид ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж байгаа боловч тооцоолж байсан эдийн засгийн үзүүлэлтүүд маань эергээр гарсан.
Эдийн засаг тэлж, төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр хамгийн чухлаар хөндөгддөг асуудал бол тэтгэвэр, тэтгэмж, цалингийн нэмэгдлийн тухай. Өнгөрсөн даваа гарагт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын хэлэлцээрийн үндэсний хороо хуралдсан. Уг хурлын өмнөхөн Ерөнхий сайдаас чиглэл авч Үндэсний гурван талт зөвшилцөлөөр тохиролцсон хэд хэдэн зүйл заалтын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг байгуулсан. Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 1 гэхэд тэтгэврийг нэмэх, ингэхдээ бага тэтгэвэр авдаг иргэдийг өндөр хувиар нэмэх, өндөр тэтгэвэр авч буй иргэдийнхийг харьцангуй бага хувиар нэмэх зарчмаар ажиллах ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсэгт Засгийн газар Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгсдэн холбоо тус тус ороод ажиллаж байна.
Яамны зүгээс 600 мянган айл өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлж дууссан. Тэгэхээр бид хэд хэдэн ангиллаар шугам татаж таарна. Үүний дараа судалгааны хэсэг маань хэдэн хувийг бага тэтгэвэр авч байгаа иргэдэд зориулах вэ, өндөр тэтгэвэр авч байгаа хэдэн ахмадад хэдий хэр мөнгө нэмэгдэх вэ гэдэг нь гарах юм. Энэ бүгдийг хийх боломж маань 150 тэрбум төгрөг.
Үүнийг шийдвэрлэх процедур маш тодорхой. Улсын төсөв цаг хугацаатай, хуультай. Засгийн газар удахгүй 2018 оны төсвөө хэлэлцэж эхэлнэ. УИХ, Байнгын хороогоороо оруулаад шийдвэр гарна. Харин бид үүнээс өмнө Засгийн газарт тодорхой болгоод оруулах юм. Үүнийгээ бид дангаараа шийдэхгүй. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны санал, байр суурийг харгалзаж шийдвэрлэх зохицуулалттай” гэж танилцуулсан юм.
ррр · 2017/06/15
Илүү хөдөлмөрлөж илүү татвар төлснийхөө хэрээр илүү тэтгэвэр авах ёстой Соц үеийн шиг бүх зүйлийг тэгштгэнэ гэж юу байдгийн Тэгээд ч 2018 оноос тэтгэвэр нэмж харагдаарай Хөгшчүүдийн санал авах гэсэн заль хөгийн МАН
MAXH · 2017/06/14
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.