Энэ жил эдийн засгийн өсөлтийг аварсан нь яах аргагүй үл хөдлөх хөрөнгийн салбар. Тэр дундаа орон сууцны зах зээл байсан гэдэгтэй маргах хүнгүй.
Энэ хандлага цаашдаа ч үргэлжилнэ. Улаанбаатар хот 2012-2020 онд барилгын салбарын эрчимтэй хөгжлийн суурь бүс байх юм. Түүнээс гадна үл хөдлөх хөрөнгийн хамгийн том сан болох болно гэдгийг үл хөдлөх хөрөнгө зуучийн “Мастер групп”-ын судлаач Л.Болормаа хэлсэн юм. Статистик тоо мэдээллээс харахад өнгөрсөн онд 11’349 айлын орон сууц нийслэлд шинээр ашиглалтанд орсон. Энэ оны төгсгөл гэхэд 19’390 айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байна. Үүнээс өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-ний байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38,311 айлын шинэ орон сууц борлуулагджээ. Эдгээр тоон үзүүлэлтээс гадна Монголбанк, Дэлхийн банкны гаргасан судалгаагаар барилгын салбар энэ жил 125 хувиар огцом өссөн байна. Эдийн засгийн уналтын шинж илэрсэн энэ жил барилгын салбарын өсөлт эрчээ авсны гол учиг нь өнөөх найман хувийн зээл юм. 
 
Сул тал 
 
Ганцхан жилийн өмнө орон сууцны зээлийн хүү жилийн 15 хувь, дунджаар 15 жилийн хугацаатай байсан.  Харин одоогийн найман хувийн хүүтэйд нь хамрагдвал 30 хувийн урьдчилгаагаа өгөөд 20 жилээр зээлээ төлөх боломжтой. Ингэснээр дундаж буюу метр/кв нь 1,6 сая төгрөгний үнэтэй  50метр/кв байрыг найман хувийн хүүтэй зээлээр худалдан авахад сард дунджаар 669’754 төгрөг төлж байгаа аж. Харин өмнө нь монголчууд1’120’677 төгрөг төлдөг байжээ.  Энэ таатай боломжийг алдахыг хүсээгүй хүн олон. Цаашдаа ч найман хувийн зээлд хамрагдагсдын тоо өсөх нь дамжиггүй. Учир нь өрхийн байх ёстой орлого өмнө 2,5 сая төгрөг байсан бол одоо 1,4 сая төгрөгний орлоготой л байхад зээлд хамрагдах боломжтой юм. Тиймээс дундаж орлогтой иргэдийн олонх нь энэ зээлийн зүг хошуурсан. Гэтэл хямд хүүтэй орон сууцны зээлийн сургаар байрны үнэ өсч өдгөө хөөстэй үнэ тогтсон гэдгийг хэлэх хүн олон. Тоон үзүүлэлтээс харахад орон сууцны метр/кв-ийн үнэ сүүлийн хоёр жил дараалан огцом өсөлттэй гарчээ. Дээрээс нь албан бус мэдээгээр энэ удаагийн үнийн өсөлтөд орон сууцны ченжүүд гэж нэрлэгдэх хүмүүс хөнгөлөлттэй зээлээр олон байр худалдан авсан нь их нөлөөлсөн аж. Дэлгэрэнгүйг графикаас харна уу.  
 
 
Ирэх онд үнэ буурна
 
Албан бус худалдаачдыг зохицуулах хууль эрх зүйн орчин манайд байхгүй тул ченжүүд зоргоороо аашлахад нь зогсоох зүйл ховор. Гэхдээ ченжүүд ирэх онд орон сууцны үнэ буурахад тус болж магадгүй. “Мастер групп”-ын ахлах судлаач Н.Батзориг “Энэ хүмүүс эргээд зах зээлд худалдан авсан орон сууцаа зарж эхэлснээр нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлнө. Тиймээс ирэх оноос нийлүүлэлтийн чанартай орон сууцны үнийн өсөлт тогтворжих хандлагатай байгаа. Мөн Монголбанкнаас хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан аж ажуйн нэгжүүд “хөөстэй” үнээр орон сууцаа борлуулахгүй гэсэн амлалттай учраас орон сууцны үнэ ирэх жил хямдарна” гэв. Түүнчлэн орон сууцны нийлүүлэлтийн талаас ирэх онд нийслэлийн хэмжээнд нийт 19-20 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орно. Тиймээс нийлүүлэлтийн гаралтай үнэ 2014 онд өсөхгүй гэх. Мөн иргэдийн хувьд найман хувийн зээл урт удаан хугацаанд тогтвортой үргэлжлэх юм байна гэдэг хүлээлттэй болсон цаашид эрэлтийн талаас хамааралтай үнийн өсөлт ч бараг гарахгүй гэдгийг “Мастер пропертис” компанийн шинжээчид хэлж байна. Гэхдээ орон сууцны зах зээл урт хугацаандаа үнийн өсөлтөө хадгалахаар байгаа аж.
 
 
Э.Зоригт