Орон орны хамгийн амттай, хамгийн их хүмүүсийн таашаадаг хоолыг та ч бас гэртээ хийж идэх боломжтой юм шүү. Шинэ сонирхолтой,  эрүүл мэндэд сайн хоолны жоруудыг хүргэхээр бэлдлээ.

Удон гоймонтой шөл /Taiwanese beef noodle soup/

Энэхүү шөлөнд олон төрлийн өвөрмөц амтлагч ордог. Олдоц ихтэйгээр нь Хуа Жиао болон синамоноор амтлаад гэртээ хийж идвэл зохимжтой.

Орц:
  • Үхрийн мах 500-600 гр
  • Лууван 200 гр
  • Улаан лооль 2 ширхэг /том/
  • Амтат бор мөөг 3-6 ширхэг /өөрсдийн идэх хэмжээгээр, огт хийхгүй байсан ч болно/
  • Юуцай 4-5 булцуу
  • Бөөрөнхий сонгино 2 ширхэг, ногоон сонгино 4 ширхэг
  • Сармис 6 хумс
  • Цагаан гаа 40 гр
  • Яншуй хүссэн хэмжээгээр
  • Синамон 1 ширхэг
  • Жижиг халуун улаан чинжүү 4 ширхэг /хатаасан байж болно/
  • Хятадын Хуа Жиао амтлагч 1 х/х /Sichuan pepper corns, Chinese prickly ash pepper/
  • Соя соус 8 х/х
  • Ургамлын тос эсвэл оливын тос 2 х/х

 

Хийх арга:

  1. Үхрийн махыг хүйтэн усаар сайтар угаагаад жижиглэж хуваалгүй бүтнээр нь буцалж буй усанд хийж 5 минут чанаад чанасан усаа асгаад булчин махаа гуляшных шиг том том дөрвөлжин хэрчинэ.
  2. 1 ширхэг бөөрөнхий сонгиныг арилгаад 4 хуваана, саримсаа арилгаад голоор нь 1 хуваана, цагаан гааг арилгаад нимгэн хавтгай хэрчинэ. Хайруулын тавагт халаасан тосонд дээрх хэрчиж бэлдсэн зүйлсээ жижиг халуун улаан чинжүү, синамон болон Хуа Жиао амтлагчтай хамт хуурна.
  3. Лууванг арилгаад 6 хуваана, 1 ширхэг бөөрөнхий сонгиноо арилгаад 4 хуваана, 4 ширхэг ногоон сонгиноо голоор нь 1 хуваана, улаан лоолио 4 хуваана. Эдгээрийг бүгдийг нь хэрчсэн үхрийн булчин махтай хамт хоол хийх савандаа хийгээд дээр нь хуурсан амтлагчууд болон соя соус, усаа нэмээд буцалгана. Хэрвээ битүү чанагчинд хийх бол эхлээд хэрчсэн үхрийн булчин махаа бага зэрэг ус хийж 30 минут зөөлөртөл битүү чанагчиндаа болгоод дараа нь бусад бүх орцоо нэмээд 15-20 минут буцалгана. Хэрвээ энгийн саванд хийх бол бүх орцоо хийгээд 1 цаг гаран дунд зэргийн гал дээр махаа зөөлөртөл чанаарай. Давс огт орохгүй соя соус нь давсыг орлодог байгаа. Амсаж үзээд өөрсдийн амталгаанд тохируулаарай.
  4. Мах болоод эхлэхээр юуцайгаа дунд зэргийн хэмжээтэйг нь голоор нь 1 хуваагаад том хэмжээтэйг нь 3 юм уу 4 хуваагаад сайтар угаана. Мөөгөө угаана. Мөөг, юуцайгаа шөлөндөө хийж буцалгаад л авна.
  5. Удон гоймонгоо уутнаас нь гаргаж буцалж буй усанд хийж 2-3 минут буцалгаад шүүж аягалсан шөлөндөө хийгээд л амттай сайхан шөл маань зооглоход бэлэн боллоо. Хүсвэл ногоон сонгино жижиглэн хэрчиж нэмж хийж болно. Мөн өөрсдийн идэх дуртай нарийн ногоонуудаа нэмж хийж болно. 

 удон гоймонтой шөл.jpg

Итали зоог бидний ширээг чимж эхлээд удаж байгаа. Итали гэхээр юуны түрүүнд танд паста бодогддог болов уу? Хийхэд амар бөгөөд энгийн, гэхдээ амттай. Хийхэд цаг зарцуулаад байхгүй тийм пастаны жор орууллаа.

Тахианы махтай халуун паста

Орц:
  • Тахианы цээж мах – 2 ш
  • Фетучини – ½ боодол
  • Амтат чинжүү – 2 ш
  • Дунд зэргийн улаан сонгино – ½
  • Сармис – 2 хумс
  • Дунд зэргийн улаан лооль – 4 ш
  • Сүү – 1 стакан
  • Оливийн тос
  • Хар перец
  • Улаан перец
  • Терияки соус
  • Шинэ ногооны амтлагчууд

Хийх арга:

Тахианы цээж махаа дөрвөлжин хэрчиж улаан чинжүүгээр чимнэ. Хайруулын тавганд тосоо халааж тахианы махаа шарна. Махаа тавганд гаргана. Тахианы мах шарсан хайруулын тавганд жижиглэн хэрчсэн ногоогоо хийж 30-40 секунд шарж гаргана. Мах гаргасан тавгандаа ногоогоо хийнэ Зааврын дагуу пастаг чанана. Болохоор нь бүх усыг асгалгүй нэг стакан орчим устай нь үлдээнэ. Хайруулын тавганд гоймонгоо үлдсэн усаа хийж сүү нэмнэ. Хэдэн халбага терияки соус, хар перец хийж амтална. Соусаа хутгасаар байх бөгөөд буцлангуут нь дээрээс нь ногоогоо хийж хутгана. Пастагаа ногоон дээрээ хийж хутгаад 5-7 минут жигнэнэ. Бэлэн болсон паста дээр ногоон амтлагчуудаа цацаж таваглан зооглоорой.

 итали паста-405486-edited.jpg

Тайланд: Пхат тхай

1930-аад оны үед гарсан цагаасаа эхлэн улс орон даяар хүмүүсийн идэх дуртай хоолны нэг болжээ. Цагаан будааны нимгэн хэрчсэн гурилыг дүфү, сам хорхойтой шарж, элсэн чихэр, тамаринд, уксус, халуун чинжүү, загасны соусаар амтална. Харахад ч тэр хазахад ч тэр маш амттай энэ хоолыг очсон жуулчин бүр сонирхдог бөгөөд дээрх орцуудыг самрын тос болон ургамлын тосоор шарж дуртай амтлагчуудаа хуурч бэлэн болгоод иддэг байна.

Гахайн мах, өндөгтэй гоймон

Ази шөлнүүд бол хамгийн баялаг орц найрлагатай, гайхалтай өвөрмөц амттай байдаг. Тэднээс хамгийн амттай нь Японоос гаралтай раменууд бөгөөд өтгөн шөл, уламжлалт амтыг шингээснээрээ онцлог билээ. 

Орц:     

  • Ургамлын тос 1 халбага
  • Гахайн мах 250 гр
  • Ногоон сонгино
  • Цагаан гаа
  • Тахианы шөл 6 аяга
  • Урт гоймон (бэлэн гоймон байсан ч болно) 120 г
  • Лууван 1 ширхэг
  • Өндөг 2 ширхэг

 

Хийх арга:

Гахайн махаа хайруулын тавганд сонгино, жан, болон бусад дуртай амтлагчаараа амтлаад болтол нь хуурна. Энэ хооронд гоймонгоо чанаад, усыг нь шүүнэ. Дараа нь гоймон дээрээ тахианы шөлөө хийгээд, гахайн махаа хийгээд, түүнчлэн чанасан өндгөө 2 хувааж хийгээд л амтат рамен бэлэн боллоо.

 япон өнпөгтэй шөл-552003-edited.jpg

Хятад маягаар хийсэн гоймонтой хуурга

ОРЦ:

  • 250 гр шпагетти гоймон
  • 1 ц/х гүнждийн тос
  • 1 х/х үхрийн мах амтлагч
  • 3 х/х сой соус
  • 2 х/х бор элсэн чихэр
  • Ургамлын тос
  • 500 гр үхрийн мах
  • 2 ш лууван
  • 2 аяга цэцэгт байцаа
  • 1 ш бөөрөнхий сонгино
  • 4 хумс сармис

ХИЙХ АРГА:

Гоймонгоо чанаж болгоод хүйтэн усанд сайтар шүүсний дараа багахан хэмжээний гүнждийн тос хийгээд холино.

Буцалсан халуун усан дээрээ үхрийн мах амтлагчаа хийгээд дээр нь бор элсэн чихрээ хийн уустал нь сайтар хутгана. Үүн дээрээ сой соусаа хийгээд хутгана.

Хайруулын тавганд үхрийн махаа бүхлээр нь шарах бөгөөд ингэхдээ хоёр талаар нь эргүүлж шаргалттал нь шарна. Болсон махаа таваглан хөргөсний дараа хуруу шиг урт нарийн хэрчиж бэлтгэнэ.

Жижиглэж хэрчсэн үхрийн махаа дахин бага зэрэг шарах бөгөөд дээр нь бэлтгэсэн соусаа хийн минут хэртэй зөөлөн гал дээр байлгана.

Лууван, сонгино, саримс, цэцэгт байцаа зэргээ хэрчиж бэлтгэнэ. Үхрийн махаа соусласан хайруулын тавгаа угаалгүйгээр сонгиноо хийгээд бага зэрэг хуурна. Үүнийгээ гал дээрээс аваад хайруулын тавгаа угааж цэвэрлээд бага хэмжээний ургамлын тос хийн халаана. Үүн дээр цэцэгт байцаа, лууван зэргээ хийгээд зөөлөртөл нь 3-5 минут хэртэй хуурна. Үүн дээрээ саримсаа хийгээд бага зэрэг хуураад гал дээрээс авна.

Ингээд хуурч бэлтгэсэн ногоо, соусласан үхрийн мах болон гоймонгоо нэг саванд бүгдийг нь хийгээд сайтар холино.

Ингээд нэг төрлийн гоймонтой хуурга бэлэн болно. Тавтай сайхан зооглоорой.

 хятад гоймонтой хоол.jpg

Ази халуун гоймонгийн салат


Хэл ирвэгнүүлсэн атлаа, шаржигнуур амттай, энэ хялбар салат гэрийн эзэгтэй нарын хамгийн дуртай хачир болох болно.

Орц :
• 100гр шпагетти гоймон
• 3 цайны халбага лемоны шүүс
• 2, 1/2 хоолны халбага чихэрлэг чилийн соус
• 1 аяга жижиглэсэн кимчиний байцаа 
• 1 лууванг үрж бэлтгэнэ 
• 1/4 аяга вандуй
• 1 аяга хэрчсэн шарсан тахиа

Хийх арга:
1. Гоймонгоо буцалж буй усанд хийж зааврын дагуу болгоно. 
2. Гоймонгоо буцлах хоорондуур чилийн соусаа, лимоны шүүс хоёроо хольж саванд хийн тусад нь тавина. Өөр нэг саванд байцаа, лууван, вандуй, тахиагаа хийж холино.
3. Болсон гоймон дээрээ чилийн холимог, байцаатай холимог хоёроо хийж хутгаад хөрөхөөс нь өмнө таваглана.

ази халуун ногоотой хоол.jpg

Бяслаг, ногоотой соба гоймон

Орц:

  • Амтат чинжүү- 2 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Соба гоймон- 200 гр
  • Бяслаг- 100 гр
  • Гүнжидийн үр- 2 халбага
  • Шар буурцагны соус- 4-5 халбага
  • Давс, перец

Хийх арга:
Ногоонуудаа хальслан урт шулуун хэрчинэ. Гоймонгоо давстай усанд чанаж аваарай. Сайтар халаасан хайруулын тавганд сонгиноо хийж 2 минут хуураад, амтат чинжүү нэмж, сайтар шарна. Үүндээ шар буурцагны соусаа нэмээд 4-5 минут чанах байна шүү. Мэдээж гоймонгоо үүндээ хольж, бяслагаа үйрүүлж өгөхөөс гадна гүнжидийн үрээ цацахаа мартуузай.

бяслаг ногоотой гоймон.jpeg

Та бүүр их амтат хоолны жор мэдэж авахыг хүсвэл дараах цахим номоо үнэгүй татаарай. 

гоймонтой хоолны жор татах