Монголбанкны   Мөнгөний бодлогын зөвлөл ээлжит хуралдаанаараа бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулж 12 хувь болгосноо зарлав.

 

Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилготойгоор бодлогын хүүг нэмэгдүүлж байсан нь саяхан. Аливаа улс орны  Төвбанк бодлогын хүүг тогтоож барьдаг. Бодлогын хүү хэдэн хувь байхаас арилжааны банкуудын зээлийн хүү хэр өндөр байх нь шууд хамаардаг. Ингэснээр арилжааны банкуудаас зах зээлд зээл хэлбэрээр нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ багасдаг жамтай. Энэ нь инфляц буурах нөхцлийг бүрдүүлдэг хэмээн эдийн засагчид тайлбарладаг. Мөн Төвбанкнаас бодлогын хүүг нэмэгдүүлэх нь эргээд бодит эдийн засагтаа дарамт болдгийг ч эдийн засагчид мөн  хэлдэг. Харин шинжээчид бэлэн мөнгөний урсгал багасах эсвэл зээлийн хүү нэмэгдэх нь аж ахуйн нэгжүүдийн хувьд тийм ч таатай бус хэмээн үздэг. Энэ нь ч мөн л амьдрал дээр нотлогдсон зарчим.

 

Бид хоёр оронтой тоогоор хэмжигдэх инфляцитай, огцом өсөлттэй эдийн засагтай сагсуурч явсан үе бий. Эдийн засгийн уналтын үед Төвбанкнаас баримталсан зарчим, хэрэгжүүлсэн бодлогын  нөлөөгөөр инфляц гэх “Хадны мангаа”  нэг оронтой тоонд орж номхорсон нь ард түмэнд таатай мэдээ байсан юм. Тиймдээ ч өнөөдөр  инфялц хэрхэн савлаж эсвэл сагсуурч  байгаа нь өнөөдрийн сэдэв байхаа болж,  салбарын хүрээнд ч  төдийлөн ярихаа больсон билээ. Өөрөөр хэлбэл, Төвбанк ийнхүү  “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд инфляцийг нам дарах ажлыг  эхлүүлсэн нь амжилттай хэрэгжсэн гэж болно. Хэдийгээр    энэ хөтөлбөр саяхнаас  сонгуульжсан уур амьсгал дунд муучлуулах болсон  ч үндсэн үүргээ гүйцэтгэсэн гэдгийг зарим эдийн засагч  тэмдэглэж  байгаа билээ.

 

Инфляц зохистой төвшинд байх нь өрхийн эдийн засгаас улсын төсөвт ч эерэг нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх тусам эдийн засгийн өсөлт өрхийн амьжиргаанд бодитой нөлөөлнө. Ингэхдээ  инфляцийг  залуурддаг нэг хүчин зүйл нь валютын ханш гэдгийг мартаж бас болохгүй. Тэгвэл өчигдрийн байдлаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2368 төгрөгөөр  хэмжигдэж буйг ханшийн мэдээллүүд илтгэн харууллаа. Сүүлийн үед хөрөнгө оруулалт орж ирэх сургаар элдэв өсөлтийн мэдээллүүдээс эхлээд аядуу байдалд шилжиж,  хүмүүсийн хү­лээл­тийг зөөлрүүлж бай­гааг судлаачид хэлж байна.

 

Гэхдээ инфляц өндөр байвал  халаасан дахь мөнгө тэр хэрээр үнэгүйдэх эрсдэлтэй.   Энэ нь иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх аюултай. Эдийн засгийн өндөр өсөлтийн үед инфляц орлоготой зэрэгцэн алхаж бүхий л ашгийг нь “хувалз” шиг сорж байсан гашуун сургамж мартагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, цалин нэмэгдсэн ч даруулагагүй инфляц үйлдвэрлэл буурах нэг шалтгаан болж байв. Үүний зэрэгцээ  эдийн засагт төгрөг их хэмжээгээр нийлүүлэх нь инфляцийг хөөрөгдөх нь ч бас бий. Энэ байдал ялангуяа  сонгуулийн жилүүдэд илүү тодорч  харагддагийг дурдахгүй өнгөрч боломгүй. Харин энэ удаа Монголбанкны   Мөнгөний бодлогын зөвлөл ээлжит хуралдаанаараа бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулж 12 хувь болгосноо зарласан сайн мэдээтэйгээр  монголчууд  сонгуульдах гэж байна.

 

 

Д.Оюунчимэг