Цагаан хуудсыг өөр зорилгоор ашиглах боломжгүй
2017/06/26
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох МИДАС ТББ-ын тэргүүн С.Энхжаргал гурван нэр дэвшигчдээс хэнийг ч сонгохгүй байх хувилбар буюу цагаан хуудасны талаар тайлбарлажээ. Цагаан хуудас өгсөн тохиолдолд аль нэг нэр дэвшигчид санал өгсөн болгоод ашиглачих вий гэсэн болгоомжлол явж байна. Харин С.Энхжаргал үүнд дараах тайлбарыг өглөө.
“Саналын хуудсанд нэгээс илүү хүний нэрийг дугуйлбал санал тоолох төхөөрөмж уншихгүй буцаадаг болсон гэдгийг анхаарна уу. Хүмүүс хоосон хуудас өгөхөөр ашиглачихна гээд бүгдийг дугуйлна гээд андуураад байна. Хоосон хуудас уншуулбал ашиглах боломж байхгүй “Санал огт тэмдэглэгдээгүй хуудас гээд тоолоод билл дээр гардаг ба билл хэвлэсний дараа л саналын хайрцагийг задалж, саналын хуудаснуудыг цэгцэлдэг” гэлээ.
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ” нь Нээлттэй нийгэм форумын санаачлагаар 2008 оны гуравдугаар сард байгуулагджээ. Сүлжээний гишүүнээр “Глоб интернэшнл” ТББ, “Филантропи хөгжлийн төлөө” төв, МИДАС, ”Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд”, “Бодлогод залуусын хяналт” зэрэг иргэний нийгмийн байгууллагууд ажилладаг ажээ.