Өндөрлөж амжаагүй Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг зүйл ажиглагдлаа. Ард түмний уур амьсгалаас шүү дээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трамп салсан салаагүй эхнэрээ зарлаж, анхны эхнэр Ивановагаасаа эхлээд өдгөө амьдарч байгаа Мелания Трампийг “нэрд гарган” сонгуульдсан.

Тэр бол гэр бүлийн үнэ цэнэ гэдгийг юу юунаас илүү мэдэх учиртай дэлхийн хэмжээний тэрбумтан. Тийм ч учраас аюул заналд хамгийн ойр нөхөр байх. Гэр бүлийг нууцлах ёстой бол Дональд Трамп л нууцлах ёстой баймаар санагдана. Гэтэл өөрсдөө үгсэж нийлээд зүдүү буурай болгочихсон Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Х.Баттулга гэр бүлийн үнэ цэнэ ярьж эхнэрээ нууцлах нь илүүц хэрэг гэсэн үгс юу юуны өмнө чих шүргэв. Энэ үгсийг шүүрэн авахаар гол төлөв эмэгтэйчүүдийн шингэн хоолой байх нь хожмоо бас л нэг статистик үзүүлэлт биз.

Тэр тусмаа айл саахалтаараа, хотол түмнээрээ орж гарч, мэндийн зөрөө аяганы хариутай амьдардаг монголчуудад бол бүр ч утгагүй асуудал. Монгол зан ахуйд бол хаа нэг хүний эхнэр салгаад гэртээ авчирсан нөхөр байдаг. Түүний хувьд бол эхний нэг хэсэгтээ эхнэрээ айл хунар, найр наадмаар дагуулж явахаас зайлсхийдэг үзэгдэл бий. Арга ч үгүй хүний амьдрал үймүүлж эхнэрийг нь авчирчихаад хэндээ ч гайхуулж явах билээ дээ. Санаа зовж таарна. Х.Баттулга бас л монгол хүн учраас энэ мэт зүйлээс санаа зовосхийсэн байж болох. Хөөрхий хаанаас ч хэнийхээ эхнэрийг туучихсан юм билээ, бид яаж мэдэх юм. Дагуулаад сонгуульдаж байтал ОХУ-ын “RTR” болон бусад телевизээр цацагдаж, нэг орос нөхөр эхнэрээ нэр дэвшигчээс нэхээд уйлаад унавал хэцүү л байх. Манайхан харин ч  нэг тосон аваад бүхий л цэнхэр дэлгэцээр дэлгэчихвэл бүр ч хэцүү юм даа. Хүний амьдрал алагтай эрээнтэй шүү дээ хэмээн “Женко”-г ч өрөвдөх нэгэнтэй тааралдав.

Эсвэл дэлхийн хэмжээнд хүрчихсэн хөрөнгөтэй хүн байхыг бас үгүйсгэхгүй. Бидний нүдэнд ил харагдаж байгаагаас дүгнэвэл тэр дэлхийн хэмжээнд харагдахгүй л байна. Магадгүй, төрөөс, төслөөс гулсуулсан асар их хэмжээний мөнгө оффшорт байгаа нь түүнийг дэлхийн хэмжээнд сэтгэж амьдрахаас өөр аргагүй байдалд хүргэдэг ч байж болох юм. Хэн мэдлээ гэх атаархангуй дуугарах нэгэнтэй ч тааралдав.

            Гэхдээ Х.Баттулга бол Дональд Трампийн дэргэд ёстой л таргийн таван ямаатай нөхөр биз дээ гэж хэн ч бодно. Түүнийг монголчууд л танина уу гэхээс дэлхийн хаана хэн таних юм бэ. Горьдох ч хэрэггүй.  Наяад онд дэлхийн хэмжээнд зодоглож байсан энэ тэр бол цаашаа, зүгээр л хадны сүг зураг болсон цаг. Х.Баттулгыг АНУ ч юм уу өөр нэг оронд явж байх юм бол нэг аяллаар яваа хужаа л гэж харна уу гэхээс тэд Х.Баттулга явж байна гэж харах нь бүү хэл монгол гэж бараг л мэдэхгүй шүү дээ. Юун “Женко”. Үнэхээрийн мафижсан улс оронд бол улстөр, бизнесийн томчууд гэр бүлээ юу юунаас нууцалдаг гэдэг. Аргагүй, өрсөлдөгчдийн гол барьцаа нь тэдний гэр бүл байдаг хойно. Харин манай улсад Х.Баттулгын гэр бүлийг хэн барьцаалах юм бэ. Өөрийгөө дэлхийн хэмжээнд зүйрлэх хэрэггүй. М.Энхболд, С.Ганбаатар хоёр барьцаалах хэрэг үү. Эсвэл “АПУ”-гийн хувьчлалаас болж тангараг тасарсан Г.Батхүү юу гээд дуугаа өндөрсгөх нэгэнтэй ч тааралдав.

Нээрээ л тийм дээ гэж бодохоор. Улсын дөрвөн том объект хувьчлаад авчихсан Х.Баттулга “АПУ”-руу чичрээд байх шаардлага байхгүй биз дээ. Энэ өрсөлдөөнт хувьчлалаас хойш арав гаруй жилийн дараа эрхэм хоёр маань УИХ-ын танхимд хамт суусан. Гэтэл Х.Баттулга “Архи тамхи үйлдвэрлэгчдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй, УИХ-д суулгахгүй тухай” хууль санаачилан Г.Батхүүг буланд шахаж байсан санагдана. Энэ бол эрийн жудаггүй, зүгээр л нэг шуналын тулам харагдаж байгаа биз дээ. Яахав дээ, улсын дөрвөн том байгууламжийг хэдэн өнгөтэй цаасаар авчихсан нөхөр ганц муу “АПУ”-г хэн нэгэн монгол авчихад дургүйцэх юун. “АПУ”-гийн хувьчлалаас хойш арав гаруй жил өнгөрч байхад цээжинд нь асч байгаа тэр эд хөрөнгөний төлөөх шуналын гал ямар хүчтэй байна вэ, тэ гээд өөдөөс шүлсээ үсчүүлэх нөхөртэй ч тааралдав.

Иймхэн, орон нутгийн хэмжээний тулаанч байж өөрийгөө дэлхийн хэмжээнд бодох хэрэггүй. “Монгол ялна” гэсэн бол монголоороо л бай л даа. Орос ч бай, хужаа ч бай, эрлийз ч бай эхнэрээ дагуулаад айл саахалтаараа орж гарч, амьтан хүнтэй мэнд мэдэж яв. Ингэхэд дахин сануулъя. Х.Баттулгын хувьд хувьчлал нэрийн дор улсын үнэ цэнэтэй объектуудыг авчихсан л нөхөр шүү дээ. Түүнд өөр юу байгаа юм. УИХ, Засгийн газарт ажиллаж байхдаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрийн дор “Мах импекс” гэх мэт компани руу хэдэн төгрөг гулсуулах замаар хувийнхаа бизнесийг хөгжүүлж жаал хөрөнгөжсөн нөхөр. Сүүлдээ бүр оодорч, төсөл нэрээр төрөөс 42 сая ам.доллар туучихсан, өдгөө ч шийдэгдээгүй байна гээд бөөн шуугиан. Түүний хөлд чирэгдсэн гэх А.Гансүх нарыг маргааш шүүх хурлын тов гарчихсан л байна гэх.

Гэр бүл үнэ цэнэтэй юу гэвэл юу юунаас чухал байж таарна. Үнэ цэнэтэй зүйл гээд “Гашуун сухайт-Тавантолгой” чиглэлийн төмөр замаас “Самсунг”-аар дамжуулан гулсуулдаг мөнгө шиг хав дарж нуух нь юу л бол. Үнэ цэнэтэй гээд төрөөс төслөөс гулсуулсан их мөнгөө оффшорт нуудаг шиг нууж болохгүй биз дээ. Тэр ч бүү хэл оффшорчид нь хүртэл эхнэрээ дагуулаад л найр наадам хэсээд явах л юм байна даг. Социализмын үед бурхан тахилыг үзэж чаддагүй, хорьж цагддаг байв даа, энэ үед бурхнаа авдран дотроо нуун тахиж байсан гэдэг. Гэдэг ч гэж дээ, манай эмээ л авдрандаа нуун шүтэж байсныг би мэдэх юм.

С.Ууганбаяр

Эх сурвалж: Шуурхай.мн