Сонгуулийг үл тоодог, их зант гэгээнтнүүд муу улстөрчдийг төрүүлдэг
2017/06/30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд болно. Маргааш оройны 22.00 цагт бүх пиар, сурталчилгаа хаагдана. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг баталгаажуулж дуусч байх шиг байна. Гадаадын 33 улсад байгаа иргэд маань энэ сарын 10, 11-ний өдрүүдэд санал өгөх иргэний үүргээ биелүүлсэн.
Гадны улс орнуудад санал өгөх эрхтэй 130 мянган монгол хүн байгаагаас ердөө тавхан хувь нь сонгуульд оролцох урьдчилсан дүн гарсан нь тэд ямар эх оронч бус сэтгэлтэйг манай сонин сая бичсэн юм.
Гадаадад байгаа монголчууд ийм. Харин эх орондоо байгаа иргэд маань үүргээ өндрөөр ухамсарлах цаг ирлээ. Сонгуульд саналаа өгөх нь эрүүл саруул иргэн бүрийн үүрэг. Эх орныхоо өмнө хүлээсэн хариуцлага мөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөх хоёр сонгуулийн ирцийн дүнг харъя. 2009 оны сонгуулийн ирц 73.59 хувьтай байсан бол 2013 оных чүүтэй чайтай 50.23 хувьтай байсан. Дахин сонгууль явагдах бараг шахсан гэсэн үг. Одоо энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль ямар байх нь монголчууд та биднээс шалтгаална. Олон улсад бол ирц өндөр байгаа. Иргэд амьдралаа улам сайжруулах гэж саналаа идэвхтэй өгдөгтэй холбоотой гэж шинжээчид дүгнэсэн. Сая болсон Францын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн нийт ирц 74.62 хувьтай байжээ. Энэ бол олон улсад өндөр хувь. Үүгээрээ дэлхийн улс орнуудад саналын ирц өсөлттэй байгааг илтгэнэ. Ийм байдлаар дэлхийн хандлагыг харж болно.
Манай улсад хандлага хаашаа байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн ирц 65.2 хувь байсан нь Монгол Улс ардчилалд шилжсэн 22 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт байв. Уналт мэдрэгдэж эхэлсэн. Ер нь бүх л шатны сонгууль бүрийн өмнө “Өдрийн сонин”-ы зүгээс сонгуульдаа өргөнөөр оролцохыг уриалдаг. Иргэн нэг бүрийн эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага шүү гэдгийг онцгойлон анхааруулдаг. Энэ удаа ч мөн адил монголчуудаа сонгуульд өргөнөөр оролцохыг уриалж байна. Ингэх олон шалтгаан байгааг хүмүүс мэдэж байгаа. “Ухаантнууд нь улс төрд орохгүй бол тэнэгүүд нь гарч ирж удирдддаг” гэсэн манай сонины нийтлэл шуугиан тарьсныг уншигчид маань санаж байгаа байх. Ер нь тэгээд муу улс төрчдийг хэн гаргаж ирдэг вэ гэдэг талаар ярьцгаая. Сүүлийн үед аль ч нэр дэвшигч нь санаанд хүрэхгүй байна, би лав саналаа өгөхгүй, улс төрд оролцохгүй гэх хүмүүс цөөнгүй байх болжээ. Ийм хүмүүс бодвол бүх зүйлд гэгээрсэн, их мэддэг, өөрсдийгөө сүрхий боловсролтой гэж боддог биз. Усан нүдтэй, цусан зүрхтэй мань мэтийн хүмүүс бол аль нэгийг нь сонгох зайлшгүй шаардлагатай байдаг. Яг амьдрал үзсэн, нийгмээ мэдэрдэг хүмүүс бол огт өөр зүрх сэтгэлтэй байдаг. Өвөрхангай аймгийн нэгэн малчин эрийн ярихыг саяхан сонссон юм байна. “Би 35 км газар мотоциклоор давхиж очиж саналаа өгнө. Социалист нийгмийн үед нэгдлийн малын төлөө өдөр шөнөгүй зүтгэсээр 50-хан насандаа нас барсан аавынхаа тухай би боддог. Хэрэв зээ өнөөдрийн нийгэм байсан бол миний аав амьд байх байлаа. Төр засгаа, Ерөнхийлөгчөө би өөрөө сонгож, гар бие оролцох ёстой гэдгийг туулсан амьдралаараа ингэж харж ойлгодог, би өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө саналаа өгч байгаа юм. Хөгшнөө хойноо сундалж аваад багийнхаа төв рүү жирийлгэнэ дээ” гэж. Энэ малчин эрийн иргэний ухамсар, эх оронч сэтгэлийг би ямарч өндөр боловсролтой, “гэгээрсэн” хүмүүсийнхээс дээгүүр тавьж хүндэлнэ.
Их зант гэгээнтнүүд голоод саналаа өгөхгүй бол таны голсон улс төрч ялах саналаа нэгээр нэмлээ гэсэн үг. Ялахад нэг алхам урагшиллаа гэсэн үг. Нэгээс мянга, мянгаас сая эхэлдэг. Үндсэндээ аль ч улс оронд төрд нь муу улс төрч гарах нь их мэддэг, “гэгээрсэн” хүмүүсээс нь болдог. Тэд саналаа очиж өгөхгүй байгаагаараа тэдэнд тус болдог. Ингэж маяглаж байхаар та бүхэн очиж саналаа өг. Аль дээр гэсэн улс төрчөө сонго. Тэгвэл буян заяа чинь түших болно. Учир нь улс эх орныхоо төр засагт муу улс төрчдийг орохоос сэргийлсэн таны ажил энэ болно. Эх орондоо хүргэж буй ач тус чинь энэ болог. Монгол хүн болсны чинь гол утга учир бол Та Монгол төрийг байгуулалцах, Монгол Улсыг тусгаар байлгахын төлөөх сонголт чинь юм шүү.
Үүн дээр нэмж хийх ажил бол иргэн бүрийг санал өгүүлэх эх оронч санаачилгыг нийгмийн аль ч хэсгээс гаргаж болмоор байгаа юм. Олон улсын жишиг ч байна. Тухайлбал манай томоохон үйлчилгээний төвүүд санал өгсөн хуудсаа авчирсан, тэмдэглэгээгээ баталгаажуулсан иргэнд хөнгөлөлттэй үйлчилж яагаад болохгүй гэж. Наад зах нь Оргил, Номин, Миний дэлгүүр, АПУ... бүгдээрээ тодорхой бараанууддаа 30 хувийн хямдрал зарлаж болно шүү дээ. Томоохон брэндүүд 50 хувь хямдарч болно. Үүн дээр олон нийтийн хяналтыг сайжруулах ёстой. Төрийн бус байгууллагууд сайн ажиллах ёстой. Иргэний нийгмийн байгууллагуудын иргэд рүү хандсан ажил үр дүнтэй байх ёстой, иргэдийг идэвхжүүлэхэд тэд онцгой үүрэг рольтой оролцож, төрийн ажлаас үүрэлцэх ёстой юм.
Тийм болохоор хаа хаанаа бүгдээрээ сонгуульдаа сэтгэл зүтгэлээрээ оролцож, элдэв муу самуунгүй, үймээн бужигнаангүй, ялсан хүнээ хүлээн зөвшөөрч сонгуульдаа оролцохыг “Өдрийн сонин”-ы зүгээс уриалж байна. Бид сонгуулийн сурталчилгааны хугацаанд, бүх нэр дэвшигчдэд адил тэнцүү үйлчилж, хууль дүрмийг яс тас баримталж, нэр дэвшигч нэг бүрийн нэр төр, алдар хүндийг ихэд эрхэмлэн ажиллалаа. Монголын хамгийн олон уншигчидтай, хамгийн нэр нөлөө бүхий сонины хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй, нүүр бардам биелүүлсэн учир санал хураалт явагдах гэж буй энэхүү хариуцлагатай цаг мөчид монголчуудаа ийнхүү уриалан дуудах, төр бариад явчих хүнийг нь сонгоорой гэж хэлэх эрхтэй гэж бодож байна. Та саналаа өгөхгүй бол таны голсон хүн ялах алхамаа нэгээр урагшлууллаа гэдгийг л тогтож сайн бодоорой. Бүгдээрээ сонгуулиа тогтуун сайхан өгөөд маргаашаас нь наадмаа ярьж жаргацгаая аа.