САНКТ-ПЕТЕРБУРГ./TASS/. Германы хөлбөмбөгийн шигшээ баг Тив хоорондын цомын тэмцээний / FIFA Confederations Cup-2017/ финалын тоглолтод Чилийн шигшээг 1:0 харьцаагаар хожлоо. Санкт-Петербург хотод болсон уг тоглолтыг 57 268 хөгжөөн дэмжигч үзсэн байна.

 

Тоглолтын цорын ганц гоолыг 20 дахь минутанд Ларс Штиндль оруулсан бол шилдэг тоглогчоор Германы шигшээ багийн хаалгач Марк-Андре тер Штеген шалгарчээ. Хоёр баг өмнө нь хэсгийн тоглолтод учраа таарч, 1:1 харьцаагаар тэнцсэн юм. Герман болон Чилийн багууд нийтдээ 9 удаа учраа таарч тоглож байснаас германчууд 6 удаа, чиличүүд 2 удаа ялж, нэг удаа багууд тэнцсэн байна.

 

Тус хоёр баг өмнө нь Тив хоорондын цомыг хүртэж байгаагүй юм. Чиличүүд энэ тэмцээнд анх удаагаа, харин германчууд гуравдахь удаагаа оролцлоо. Герман улсын шигшээ баг бол тус цомыг хүртэж буй 6 дахь баг юм. Өмнө нь Аргентин, Дани, Бразил, Мексик, Францын шигшээ багууд цомын эзнээр шалгарч байжээ.  

 

Энэ удаагийн цомын тэмцээнд Германы шигшээгийн Ларс Штиндль, Тимо Вернер, Леон Горецка нар тус бүр 3 гоол оруулснаар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн байна. Энэ тохиолдолд шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан шаахай”-г хүртэх тамирчныг “гоол+дамжуулалт” гэсэн үзүүлэлтээр шалгаруулах юм. Хоёр удаа оновчтой дамжуулалт хийсэн Т.Вернер уг шагналын эзэн болох магадлалтай байна. Орос улсад болсон энэ удаагийн цомын тэмцээнд Германы шигшээ баг 12 гоол хийснээр хамгийн олон оноо авлаа.

 

Тив хоорондын цомын тэмцээн 6 дугаар сарын 17-ноос 7 дугаар сарын 2-ныг хүртэл Москва, Санкт-Петербург, Казань, Сочи хотуудад болсон юм.

 

 

Б.Адъяахүү

Эх сурвалж: Монцамэ агентлаг