-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль бүхэлдээ хүчингүй болох аваас МАХН-аас нэр дэвших дараагийн хүн Н.Энхбаяр өөрөө байх нь гарцаагүй. Гэхдээ түүнийг сонгохын тулд, МАХН-ын уриалснаар сонгогчид "ЦАГААН СОНГОЛТ"-ыг хийж, 22.1 тэрбум төгрөгийг халааснаасаа гаргаад зүгээр л салхинд хийсгэчихнэ гэж үү?!- 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж "ялагдал" хүлээсэн С.Ганбаатар өнгөрсөн долоо хоногт сонгогчдодоо хандаж цагаан сонголт хийхийг уриалжээ. Тэрбээр "Монголын ард түмэн МАН, АН хоёрт хувь заяагаа даатгаж болохгүй. Цагаан сонгуулийн хувьсгалыг уриалж байна. Ингэвэл Монголын улс төрд үүр цайна. Бидэнд хандив өгч, итгэл хүлээлгэж сонгосон олон сонгогчдодоо цагаан сонголт хийхийг уриалж байна" гэв. 
Мань эрийн энэхүү үг цаад утгаараа “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг бүхэлд нь хүчингүй болгоцгооё. Хэзээ мөдгүй ялтайд тооцох хугацаа нь дуусах гэж буй Н.Энхбаярыг тав дахь төрийн тэргүүнээр сонгоцгооё” гэх далд мессежийг агуулж байгаа гэж ажиглагчид хардаж байна. Ийн хардахын учир гэвэл хэрэв түүний хүсэл биелж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль бүхэлдээ хүчингүй болох аваас намууд өөр нэр дэвшигчдийг гаргаж сонгууль явуулах учиртай. Тэр тохиолдолд МАХН-аас нэр дэвших дараагийн хүн Н.Энхбаяр байх болов уу гэсэн таамаг ортой юм. Яагаад гэвэл мань эрийн ялтайд тооцох хугацаа ирэх сарын 2-нд дуусч, дахин сонгууль болох нөхцөл үүсвэл нэр дэвшин өрсөлдөх бүрэн боломжтой болно гэсэн үг. Үүнийг л С.Ганбаатар тэргүүтэй журмын нөхөд нь, тэднээс илүүтэй МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө хүсч, улс төрийн ээлжит "жүжиг"-ээ дэглэж суугаа нь лавтай. Тиймдээ ч сонгогчдыг хоёр дахь шатны санал хураалтад оролцохдоо цагаан сонголт хийхийг уриалж байгаа биш гэж үү?! 
Харин тав дахь төрийн тэргүүнээ сонгох долоо дахь удаагийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт ирэх баасан гарагт болно. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатараас илүү өндөр саналыг авсан Х.Баттулга, М.Энхболд хоёрын дунд санал хураалт дахин явагдаж нийт сонгогчдын 50 хувиас дээш саналыг авсан аль нэг нь Монгол Улсын төрийн тэргүүний суудалд сонгогдоно. Хэрэв дээрх хоёр нөхрийн хэн нь ч 50-иас дээш хувийн саналыг авч чадаагүй, эсвэл сонгогчдын ирц хангалтгүй байх аваас энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль бүхэлдээ хүчингүй болж, улмаар дахин сонгууль явуулах хууль зүйн шалтгаан нөхцөл бүрдэнэ. Иргэд сонгох эрхээ эдлэх, чөлөөтэй сонголт хийх эрхтэй ч яг үүнийг хүсч байгаа гэж үү?! 
“Цагаан сонгууль” хэмээх уриалга, бараг л ятгалга гэвэл онох акцийг зохион байгуулалттай ажиллагаа гэж үзэгсэд байгаа бөгөөд энэ нь Н.Энхбаяр болон түүний нөхдийн далд хүслийг биелүүлэх нэг шат гэж болно. 
Гэхдээ энэ тохиолдолд хоёр шатны сонгуулийг зохион байгуулахад зарцуулсан нийт 22.1 тэрбум төгрөг ямар ч үр дүнгүй, зүгээр л салхинд хийссэнээс ялгаагүй болох юм. Гэтэл өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ямар байгаа билээ. Иргэдийн худалдан авах чадвар ямар байгаа билээ. Эдийн засгийн хувьд хүндхэн цаг үеийг туулж яваа манай улс, тэрхүү ачааг нь үүрч яваа иргэдээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгохын тулд цагаан сонголтыг хийж, 22.1 тэрбум төгрөгийг салхинд хийсгэх хүсэлтэй нь цөөнх гэдэгт итгэж байна.