5.6 их наядын үнэтэй хамгийн гоё шоу Х.Баттулгынх
2017/07/04
-Ямар ч бодлого, хөгжил, ирээдүй байхгүй болсон улсын улстөрчид ядуу зүдүү иргэдийнхээ ходоодыг иймэрхүү хэт популист амлалтын араас туйлшруулдаг аргатай. Тиймээс улс орнууд хуулиараа зохицуулж, хориг тээг тавьсан байдаг. Монголын сонгуулийн хуульд ч хоёргүй утгаар, тов тодорхой хориглосон заалт бий-
Х.Баттулга 1990-ээд оны эхээр “Саятан” шоугаараа олонд танишдсан Супермэн. Сая төгрөг өгнө гэж амлаад л сугалааны азтануудад тохирлыг шууд өгсөн хаялгатай эр яах аргагүй мөн. Тэр үед тэр бизнесийн од байлаа. Харин одоо “Женко” улс төрийн од болсон. Бизнес, улс төр хоёр өөр. Сугала, сонгууль хоёр бол бүр тэс өөр зүйл.
Хөндүүр эрх ашиг
Хүн сонсохыг хүссэнээ л сонсдог. Энэ бол хүн төрөлхтөний мөнхийн алдаануудын зөвхөн нэг нь. Сонсохыг хүссэн зүйлийнхээ үнэн, худал, зөв бурууг нягтлахыг ч хүсэлгүйгээр чих тавин сонсдогоороо бүх хүн адилхан. Тиймээс дэлхийн улстөрчид улс төрийн сонгуульд хүний эл чанарыг дориун ашигласаар ирсэн. Монголд ч ялгаагүй. Х.Баттулга анхны популист нь ч биш. АН нэг саяыг амлахад МАН-ынхан 1.5 саяыг давуулан амлаж л байсан.
Мөнгө төгрөг бэлэн өгөх, өр зээл хаах гэдэг нь нийгмийн халамж гэхээсээ манайх шиг эдийн засгийн буурай хөгжилтэй улс оронд шууд дампуурал гэдгийг бид яг одоо халуухнаар амсч, эдэлж буй зовлон билээ.
“Сонгуульд ялбал иргэдийн өр зээлийг тэглэнэ шүү” гэх амлалт бол улс төрийн ертөнцөд байж болох шоу талаасаа хамгийн гоё, бодит эдийн засаг, нийгмийн амьдралд хамгийн муу хувилбар байдаг. Ямар ч бодлого, хөгжил, ирээдүй байхгүй болсон улсын улстөрчид ядуу зүдүү иргэдийнхээ ходоодыг иймэрхүү хэт популист амлалтын араас туйлшруулдаг аргатай. Тиймээс улс орнууд хуулиараа зохицуулж, хориг тээг тавьсан байдаг. Монголын сонгуулийн хуульд ч хоёргүй утгаар, тов тодорхой хориглосон заалт бий. Гэвч АН үүнийг ил тод, элдэв эвлүүлэггүйгээр зөрчлөө. Улстөрчдийн хуулиас дээгүүр эрх мэдлийг олон нийт жигшин зэвүүцдэг ч энэ удаа АН иргэдийн ашиг сонирхлоор дулдуйдан хөөрхөн шоудлаа.
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад “байлдааны” даалгавар өгсөн энэхүү шоу нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрээд байна. Өрийг чинь илбэчин шиг байхгүй болгоно гэхээр энэ нь хэдий хууль зөрчсөн, биелэх боломжгүй ч үнэхээр хөндүүр эрх ашиг. Гэхдээ сэтгэл зүрхүүд тэрхүү даалгавар нь биелэх боломж, үр дүн, нөхцөл байдал гээд бодит зүйлсийг тооцоолохыг хүсэхгүй. Яагаад гэвэл өнөө маргаашийн ахуй амьдралд нь хэрэгтэй сайхан зүйл амлаж байгаа учраас...
Хэрэв Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болбол...
2017.10.11. Төрийн ордон. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд иргэдийн банкин дахь өр зээлийг тэглэх хүмүүнлэг, өгөөмөр амлалтаараа ард түмнийхээ сэтгэлийг эзэмдэн сонгогдсон АН-ын нэр дэвшигч Х.Баттулга төрийн тэргүүний хувиар анхны хуулийн төслөө УИХ-д өргөн барив. Тэрбээр 1 сая шахам иргэнийхээ 5.6 их наяд төгрөгийн зээлийг хүчингүй болгох сонгуулийн амлалтаа биелүүлэхээр ёстой л бөх хүн шиг зүтгэж буй нь энэ ээ.
2017.10.20. УИХ-ын чуулган. Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан 5.6 их наяд төгрөгийг тэглэх хуулийн төслийг УИХ хэлэлцээд хэрэгжих эдийн засгийн болоод бодит ямар ч боломжгүй хэмээн үзэж баталсангүй.
Шалтгаан: 5.6 их наяд хүртэлх төгрөгийг төлөх эх үүсвэр Засгийн газарт байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч нь төсвийн зарцуулагч биш учраас төсөв зарцуулах эрх мэдэл хуулиар үгүй. Тэр бүү хэл хуулиар төсөв зарцуулах эрх мэдэл бүхий гүйцэтгэх засаглал болох Засгийн газар хүртэл бонд гарган иргэдээс зээл авах замаар хөрөнгө үүсгэн Монгол Улсын ажил амьдралыг залгуулж байна.
Үр дагавар: Ерөнхийлөгч Х.Баттулгын амлалтад итгэж сонгогсон нэг сая иргэн банкны зээлээс чөлөөлж өгнө гэдэгт найдан өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд зээлийн хүүгээ төлөхөө зогсоогоод байсан билээ. Үүний улмаас хоёр сарын дараа буюу 2017 оны 12 сарын сүүл гэхэд Монголын бүх банк дампуурах эрсдэлд орлоо.
Х.Баттулга: Шинэ Ерөнхийлөгч ард түмэндээ хандан мэдээлэл хийв. “Хайрт ард түмэн минь ээ, банкинд тавьсан өр зээлийг чинь тэглэн ядуу зүдүү амьдралаас чинь нэгмөсөн гаргах гэж Төрийн тэргүүн миний бие зүтгэж байна аа. Даанч МАН-ын эрх барьж буй парламент, түүний 65 гишүүн дэмжсэнгүй ээ. Эх оронч бус ийм УИХ тараасай”...
Үр дагавар: Хадгаламж эзэмшигч сая гаруй иргэн хадгаламжаа буцаан авахаар банкуудын гадна дараалал үүсгэв. Харин төв талбайд эх оронч бус шийдвэр гаргасан увайгүй УИХ-ыг тараах жагсаал цуглаан, эмх замбараагүй явдал болж байна.
Дампуурал: Банкуудын зээлжих зэрэглэл огцом буурч, банкны систем тэр аяараа үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт бужигнав. Иймээс Монгол Улсын зээлжих зэрэглэлд шууд нөлөөлж, гадаад өрийн тогтворгүй байдал үүслээ. Чингис бондын 500 сая ам.долларын өр төлөх хугацаа давхцаж, Монгол Улс дампуурлаа зарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.
Зочин · 2017/07/04
ӨРГҮЙ БОЛГОЁ ГЭЖ УРИАЛАХД МАТРЫН НУЛИМС УНАГААД ҮХЧИХ ГЭЭД БАЙГАА МАН-ЫГ ОЙЛГОХГҮЙ ЮМ . ОДОО БАЙТЛАА ХЯТАДУУДААР ДАРАМТАЛЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ НЭЭ ЭНЭ ГӨЛИЙСӨН ГАЗРЫН ПАНЗЧИН
Зочин · 2017/07/04
Монголын ард түмэн өргүй боллоо шүү дээ үүнээс өөр яах юм вэ. Ипотекийн 8 хувийн зээл үүрд баяртай үүнээс өөр яах юм вэ хорвоо яасан уужим юм вэ. Баттулга мандтугай...