Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль тун сонирхолтой болж байна. Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 514172 санал буюу нийт санал өгсөн сонгогчийн 38.1%, Монгол Ардын намаас нэр дэвшигч М.Энхболд 410159 санал буюу 30.3%, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч С.Ганбаатар 409037 санал буюу нийт санал өгсөн сонгогчийн 30.19%-ийн саналыг авсан тул 7 сарын 7-нд хоёр дахь шатны  санал хураалт болно.

Улс төрийн хүрээнийхний дунд хоёр дахь шатны сонгуульд М.Энхболд, Х.Баттулга нарын хэн нь ч олонхийн санал авч чадахгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль дахин зарлагдана, үүнд нь 8 сарын 3-нд ялтайд тооцогдох хугацаа нь дуусч буй МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшинэ хэмээн ярьж буй ч энэ нь бодитой бус ажээ. Тодруулбал Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмнө нь "Хил хамгаалах албаны тодорхойлолт ирүүлээгүй”, “ялтай буюу ялгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй”, “тасралтгүй 13 сар 25 хоногийн хугацаанд Монгол Улсад оршин суугаагүй” гэсэн гурван үндэслэлээр  Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгээгүй. Иймээс хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин сонгууль зарлагдсан тохиолдолд түүний ялтайд тооцогдох хугацаа дууссан ч тэрээр нэр дэвших эрхгүй хэвээр байх юм байна.

 

Ч.Явуухүү

sonin.mn