УИХ-ын залуу гишүүн Д.Гантулга 25 настай эмэгтэйг хүчиндсэн тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарж, хохирогчийн эгч ч мэдээлэл хийсэн. Харин энэ талаар Д.Гантулга өнөөдөр албан ёсны тайлбар хийлээ.

Тэрбээр "Энэ сарын 3-ны өдөр энэ мэдээллийг цацаж байгаа эх сурвалж албан ёсоор мэдээлэл хийлээ. Тиймээс би орон нутагт ажиллаж байгаад өчигдөр ирээд мэдээлэл хийж байна. Зургаадугаар сарын 12-ны өдөр Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийн гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаад 13-ны өдөр энэ гомдлоо эргүүлэн татсан. Гэхдээ би хууль хяналтын байгууллагад хандаж, хуулийн дагуу шалгаж өгөхийг хүссэн. Би өөрөө 19-ны өдөр цагдаагийн байгууллагад очиж, мэдүүлэг өгсөн. Бас шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Тэгээд зургаадугаар сарын 21-ний өдөр прокурорын дүгнэлтээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би прокурорын байгууллагаас мэдээлэл авахыг хүссэн ч өргөдөл гаргасан хүмүүст эхэлж өгдөг хуулийн дагуу надад өгөхөөс татгалзсан. Тэгээд 29-ны өдөр авсан. Зургаадугаар сарын 21-ний өдөр Гантулгын холбогдох энэ асуудлыг прокурор хэрэгсэхгүй болгож байхад өнөөдөр уйлан дуулан яриад байгаа Саранзаяа Хөвсгөл далайн эрэгт амраад явж байна. Надад мөнгө өгсөн, дахиад мөнгө өг гэсэн утгатай мэдээлэл хийж байгаа юм. Би хүнд мөнгө өгөх нь битгий хэл өөрийн нэр дээр байргүй хүн. Хэн нэгэнд мөнгө төгрөг өгч гүтгэлгийг дарах хүн би биш.

 

Оффшор дансны тухай мэдээлэл хийхтэй зэрэгцээд мэдээ.мн сайтад гарч эхэлсэн. АН-аас хамаарал бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр, АН-ын сонгуулийн штабын хүмүүсийн лайваар мэдээллийг цацаж байгаа нь улс төр гэдгийг илэрхий харуулж байна. Хан хэнтий нутгаас төрж гарч байгаа залуу улстөрчдийг ингэж гүтгэдэг. 2000 онд Хүрэлсүхийг 32 настай УИХ-ын гишүүн болж байхад хүчингийн хэрэгт холбож байсан. 2012 онд Оюун-Эрдэнийг хүчингийн хэрэгт холбож танилцуулсан. 2017 онд Гантулга гэдэг залууг хүчингийн хэрэгт холбож байна. Гантулга хүн хүчиндсэн биш Гантулгыг улс төрийн бүлэглэл хүчирхийлж байна. Хүчирхийлэгчид нь өнөөгийн улс төрийн олигархиуд. Тэр дундаа танил сценараар хийдэг эрхмүүд гэдгийг зөвөөр ойлгуулахыг хүсч байна” гэв.