Монгол Улсын иргэн та Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох хуулиар олгогодсон хэн ч халдашгүй эрхээ эдлэх өдөр. Та бүхнийг өнөөдөр 07.00 цагаас 22.00 цагийн хооронд өөрийн харъяа санал хураах байранд иргэний үнэмлэхээ авч ирж, саналаа өгөхийг урьж байна.

Та өөрийн санал өгөх байрыг ЭНД ДАРЖ  үзнэ үү. 

Төрийн тэргүүнээ сонгох сонгууль 2017 Оны 6 дугаар сарын 26-ны өдөр болсон. Гэвч сонгуулийн санал хураалтаар сонгуульд оролцож өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу хоёр дахь санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр буюу өнөөдөр явуулж байна. 

Сүүлийн үед олон нийтийн дунд сонгогчдийн сонголтоо хийх эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой “цагаан хуудас буюу саналаа тэмдэглэхгүй байя” гэсэн хууль бус үйл ажиллагаа явагдаж байна. Ийм хууль зөрчсөн үйлдэлд итгэхгүй байхыг СЕХ-оос уриалж байгаа. 

Иргэн таны Сонгох эрх:

- Сонгуулийн эрх бүхий иргэн  ТА:

- Сонгуульд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй.

- Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд сонгогч бүр оролцох эрхтэй.

- Сонгогч таныг хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжийг хангасан байна.

- Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, түүнчлэн хорих, баривчлах ял эдэлж байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрхгүй.

 

Сонгуульд хэрхэн оролцох вэ?

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт тун удахгүй эхэлнэ. Та сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүй оролцож, саналаа өөрөө өгнө.

Сонгогч таныг сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж саад учруулахыг хориглоно.

Сонгогч та өөрийгөө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө буюу 2017 оны оны 6 сарын 12-ны өдрөөс өмнө шалгасан байвал зохино.

Хэрэв сонгогч таныг болон гэр бүлийн тань аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй эсхүл буруу бүртгэгдсэн байвал гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргасан байх ёстой.

Сонгогч та саналаа зөөврийн битүүмжилсэн хайрцгаар эсхүл санал авах байранд өөрийн биеэр өгөх боломжтой.


Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх

Дараах сонгогчид нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгнө. Үүнд:

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй;
  • Нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;
  • Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;
  • Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон
  • Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал

Санал авах байр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг хүлээн авч тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг шалгаж зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, санал авах чиглэл, хуваарийг гарган сонгогчийн саналыг тухайн санал авах байрын хоёроос доошгүй төлөөлөл гишүүн оршин байгаа газарт нь очиж авна.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.


Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн өгөх

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөр 2017 оны 6 дугаар сарын 26-ний даваа гараг байна.

- Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь бүх нийтээр амарна. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

- Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах; 

- соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах; 

- гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах зэрэг үйл ажиллагааг хориглоно.


Санал өгөх:

- Сонгогч та саналаа өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ очих бөгөөд гарын хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хубилбартай тохирч байгаа эсэхийг шалгуулаад сонгогчийн бүртгэлийн хуудсаа авна.

- Бүртгэлийн хуудас хүлээн авсан сонгогчид саналын хуудсыг саналын хуудасны хавтасны хамт өгнө.

- Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшичгийн нэрийн өмнөх улаан хүрээ бүхий зууван дугуйг зориулалтын үзгээр дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.

- Сонгогч дээр дурдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг хавтсанд хийн санал тоолох төхөөрөмж рүү очих бөгөөд саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид уншуулахдаа хавтаснаас нь салган авч хийгээрэй.

- Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж/саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ.

- Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болдог.

- Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан, ажиглагч нь итгэмжлэгдсэн хүн байж болохгүй.


Эрхэм сонгогч Та бүхнийг хөндлөнгийн нөлөөгүйгээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтдаа идэвхитэй оролцож саналаа өгөхийг уриалж байна.