Ерөнхийлөгч Х.Баттулга: Монголын тусгаар тогтнол бат оршиг
2017/07/11
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв Цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Үндэсний их баяр наадам эхэллээ. Наадамчин олондоо хандаж, Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр,
Эрхэм хүндэт ард иргэдээ, эрхэм хүндэт зочид гийчид ээ, эрхэм хүндэт наадамчид аа
“Эрхэм хүндэт ард иргэд ээ, эрхэм хүндэт наадамчид аа, туурга тусгаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлэн айлтгая. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой тохиож байна. Монголын сайн нэрийг өндөрт өргөж яваа хүн бүрийн халуун сэтгэл, хөдөлмөр, их ухаан дээр эх орон маань хөгжиж байна. Тусгаар тогтнол, туг сүлд маань цэх байна.
Баяр наадмын энэ өдрүүдэд ч мөн хийж хэрэгжүүлэх ажлаа санаж, ярьж байх ёстой гэж бодож байгаа. Иргэдийн амьдралыг дордуулж байгаа ядуурлын үндэс болсон их өрийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж байгаагаа зориуд энэ индэрээс та бүхэндээ хэлж байна. Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж буй энэ баяр бидний уламжлал билээ.
Эх түүх хэл соёлоороо бахархан омогшдог наадмын сайхан өдрүүдэд зон олны минь сэтгэл тэнүүн, бөх нь хүчтэй, морь нь хурдан, харваа нь цэц байх болтугай. Туурга тусгаар улс орон минь хөгжин бадарч, түмэн олон минь амар амгалан байг" гэв.
болд · 2017/07/11
ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ