Хууль бусаар томилогдсон 100-аад захирал, эрхлэгчийг солино
2013/03/12
Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулахаар болжээ.
Гэхдээ зөвхөн хууль бусаар томилогдсон захирал, эрхлэгч нарын ажлын байранд шалгаруулалт явагдах гэнэ. Энэхүү сонгон шалгаруултын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганатай ярилцлаа.
-Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалт зарлагдсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хуулийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг нийслэлийн боловсролын газраас явуулж, дүнг үндэслэн нийслэлийн засаг дарга томилдог болсон. Энэхүү хууль энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.
Бид нар судалгаа хийж үзэхэд өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд сонгон шалгаруулалтгүй, хууль бусаар томилогдсон 100-аад захирал болон эрхлэгч нар байгааг тогтоосон. Хууль бусаар томилогдсон эдгээр ажлын байруудад сонгон шалгаруулалтыг зарлах гэж байна.
Сонгон шалгаруулалтын бэлтгэл ажил дуусч байгаа ба журам болон удирдамжыг батлуулсан. Энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эхээр сонгон шалгаруулалтыг зарлана.
-Нийслэлийн хэмжээнд байгаа бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагыг солих уу?
-Үгүй ээ. Зөвхөн сонгон шалгаруулалтгүй, хууль бусаар томилогдсон захирал, эрхлэгч нарын ажлын байран дээр шалгаруулалт явагдана.
-Сонгон шалгаруулалтын журамд өөрчлөлт орсон уу?
-Энэ журам 2007 оноос хойш мөрдөгдөж байгаа. Явцын дунд хоёроос гурван удаа найруулан өөрчилсөн. Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын нэгэнд шинэчлэн батлагдсан. Шинэ журмаар сургууль, цэцэрлэгийн сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсээс сорил буюу хуулийн шалгалт, заах арга, ур чадварын, хөтөлбөр буюу ярилцлагын гэсэн гурван өөр төрлийн шалгалт авахаар болсон. Гэхдээ шалгалт бүрийг гурван өөр ажлын хэсэг авна.
-Энэ жилийн сонгон шалгаруулалтын онцлог юу вэ?
-Энэ жилийн онцлог гэвэл заах арга, ур чадварын шалгалтыг сургууль, сургууль дээр нь нээлттэй зохион байгуулна. Сургуулийн эцэг эх, багш нарын төлөөлөл мөн сурагчид оролцох боломжтой. Зөвхөн оролцохоос гадна тодорхой үнэлэлт дүгнэлт өгнө.
-Цэцэрлэгийн эрхлэгч нараас заах арга, ур чадварын шалгалт авах уу?
-Тийм ээ. Цэцэрлэгийн эрхлэгч нараас мөн адил заах арга, ур чадварын шалгалтыг авна.
-Сургуулийн захирлыг хооронд нь сэлгэдэг байсан. Энэ талаар?
-Ер нь бол нэг сургууль дээр олон жил удаан ажиллах нь үр дүнтэй биш гэж үзэж байгаа. Сонгон шалгаруулалтын дараа ирэх намраас сэлгээний асуудал яригдах байх. Дөрвөөс таван жилийн хугацаанд нэг удаа сургуулийн захирлыг хооронд нь сэлгэдэг байхаар тогтож байгаа. Гэхдээ бүх дүүргүүд биш зарим дүүргийн хувьд энэ асуудал яригдана.
-Багш нарын заах арга, ур чадварын тал дээр хэр ажиллаж байгаа вэ?
- Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа сургуулиудын нийт удирдлага болон багш нарт энэ жил үе шаттайгаар сургалт зохион байгуулж байгаа. Дөрөв юм уу таван сард нийт багш нар болон удирдах албан тушаалтнуудад сургалт явуулж эхэлнэ. Сургалтын зорилго нь хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх, нэг ч хүүхдийг орхилгүйгээр сургах арга технологийг бүх багш нарт заана.
Д.Баасанцэнд