М.Энхболдын ялагдлын хариуцлагыг М.Энхболд нар хүлээх үү
2017/07/17
МАН-ын түүхэнд анх удаа намын дарга нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд уналаа. Ийм явдал урьд өмнө тохиолдож байгаагүй болохоор энэ ялагдалд МАН бэлэн бус байсан биз. Дахин санал хураалтын дүн гарч, Х.Баттулга Ерөнхийлөгч болсноос хойшх өдрүүдэд МАН-ынхан М.Энхболдыг сонгуульд унагасан буруутны эрэлд гарсан гэхэд болно. Буруутай эзнийг наадмын өдрүүдэд ч олж илрүүлэхээр ажиллаж байсан тухай мэдээлэл байгаа юм. Олон хоног амарч, ажлын өдрүүд эхэлж байгаа энэ цаг үед МАН хэдийнэ хариуцлага хүлээх “обьект”-оо олж тогтоон, ажиллагаагаа эхэлсэн байна.
60 ТЭРБУМЫНХНЫГ ОНИЛСОН СОНИРХЛЫН ОГТЛОЛЦОЛ
МАН-ын дарга М.Энхболдыг энэ сонгуульд ялагдахад хамгийн том нөлөө үзүүлсэн нь 60 тэрбум босгох тухай бичлэг юм. МАН энэ бичлэгийг эвлүүлэг хэмээн дараалан мэдэгдэж, тэр байтугай хуулийн байгууллагын дүгнэлтийг гаргуулсан. Гэсэн хэдий ч ард түмэн үүнийг бодит ярианы бичлэг гэдэгт итгэдэг. Тийм ч учраас санал өгөхдөө М.Энхболдоос татгалзсан биз. Тэгвэл энэ бичлэгт оролцсон “этгээд”-үүдэд хариуцлага тооцох талаар МАН-ын нэлээд дээд төвшинд яриад эхэлсэн байна.
Баяр наадмын өмнөхөн хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн өргөтгөсөн хурал дээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар 60 тэрбумыг босгох бичлэгт оролцсон, үүгээрээ дамжуулан намын нэр хүндэд халдсан этгээдүүдэд хариуцлага тооцох асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гэжээ. Бусад гишүүд нь ч дээрх гишүүдийн хэлсэн үг, гаргасан санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн наадмын үеэр МАН-ын Үүрийн дарга нар “60 тэрбумын эсрэг хөдөлгөөн” байгуулсан байна.
60 тэрбумын бичлэгийн гол хүмүүсийн нэг болох НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулж, хариуцлага тооцохоор НИТХ-ын төлөөлөгчид гарын үсэг цуглуулж эхэлсэн мэдээлэл байна.
Үүнээс гадна 60 тэрбумын бичлэгт хамгийн их “гардаг” дуу хоолой бол МАН-ын дарга М.Энхболдынх байдаг. Энэ хүн Ерөнхийлөгчид нэр дэвшээд унасан. Бас УИХ дахь намынх нь гишүүд 60 тэрбумын бичлэгтэй холбогдуулан хариуцлага ярих ёстой гээд байгаа. Магадгүй, энэ нь дээрх бичлэгт дурдагдаж, улмаар Ерөнхийлөгчид өрсөлдөөд унасан МАН-ын дарга М.Энхболд руу чиглэсэн байж мэдэхээр байгаа юм.
Ер нь бол Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр том амлалтын нэг нь энэхүү 60 тэрбумын учрыг олох юм. Тэрээр санал хураалтын өдөр ч өөрөө олон нийтэд энэ амлалтаа сануулж байсан. Тэгэхээр 60 тэрбумыг босгох тухай ярьсан бичлэгийн эздийг онилсон олон сонирхол нэгэн цэгт огтлолцож байна гэсэн үг.
МАН ДАХИН САНАЛ ХУРААЛТААР 173 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАРААСАН УУ?
СЕХ-ноос товлосон санал хураалтын дүн Ерөнхийлөгчийн сонгуулийг эцэслэж чадаагүй. Тиймээс арав хоногийн дараа буюу долдугаар сарын 7-нд дахин санал хураасан. Үнэндээ энэ удаагийн сонгууль бохир, хар технологи ихээр хэрэглэснээс гадна санал худалдан авах, өөрөөр хэлбэл, санал хураалтын өдөр мөнгө тараасан асуудал ердийн зүйл болж хувирсан. АН-ын тэрбум гаруй төгрөг Говь-Алтайд хураагдсан. Тэгвэл МАН дахин санал хураалтын үеэр 173 орчим тэрбум төгрөгийг бэлнээр тараасан гэх ноцтой мэдээлэл тарлаа. Аймаг тус бүрт тэрбум, дүүрэг бүрт 5-7 тэрбум төгрөг хуваарилсан. Энэхүү 173 тэрбум төгрөгийг өнөөх алдарт 60 тэрбумын бичлэгт гардаг аргаараа, мөн концессын гэрээ, Эрдэнэс Тавантолгойн нүүрснээс босгосон байх магадлалтайг эх сурвалжууд, намынхан нь хэлж байна. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол дээрх 60 тэрбумын асуудлын “учрыг олох” үед хамт яригдах учиртай юм.
М.ЭНХБОЛД УНАСАНД ЗАСГИЙН ГАЗАР БУРУУТАЙ ГЭДЭГ ДЭЭР САНАЛ НЭГДЖЭЭ
МАН-ын дарга М.Энхболд сонгуульд ялагдсанд 60 тэрбумын ярианы бичлэгээс гадна хамгийн том нөлөө үзүүлсэн нэгэн этгээд бий. Тэр нь Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар юм. Эхний санал хураалтаар М.Энхболдыг хоёроор гарч ирэхэд л ийм мессэж нисээд эхэлсэн.
Гэхдээ энэ үнэний хувьтай гэдгийг эх сурвалжууд хэлж, ярьж байна. Засгийн газар бүтэн жил ажиллахдаа танхимаа бүрдүүлэхээсээ эхлээд мордохын хазгай гэгч болсон. Шуудхан хэлэхэд, МАН-ын дарга М.Энхболдын эргэн тойрны, Хотын фракц, Уяачдын холбооныхон л энэ Засгийн газрын дийлэнхийг бүрдүүлсэн. Томилгоонууд тийм ч оновчтой байж чадаагүй. Ийм маапаантай бүрдсэн Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд МАН-ын сонгуулийн амлалтыг нам унагасан. Хэдийгээр хүүхдийн мөнгө, тэтгэвэртэй холбоотой гэнэтийн арга хэмжээг сонгуулийн дахин хураалтын өмнө бодитойгоор авсан ч энэ нь популист шинжтэй үйлдэл болсныг ажиглагчид, судлаачид хэлж байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр МАН-ын УИХ дахь бүлгийн гишүүд зүгээр ч нэг наадаагүй байна. Бие биеийнхээ нутаг нугын уяачид, наадамчдын гал хавиар хэсэг бусгаараа цуглаж хурлархуу юм хийж, дээрх асуудлаар ярилцацгаажээ.
Тиймээс МАН-ынхан хамгийн түрүүнд Засгийн газрыг огцруулж, сонгуулийн хариуцлага тооцохоор ажиллаж эхэлж байгаа ажээ.
МАН-ЫН ДАРААГИЙН ДАРГАД У.ХҮРЭЛСҮХ, Ч.ХҮРЭЛБААТАР НАР ЯРИГДАЖ БАЙНА
Энэ мэтээр МАН-ынхан Засгийн газар, 60 тэрбумын бичлэгт оролцсон албан тушаалтнууд, явсаар намын даргатайгаа ч сонгуулийн ялагдлын хариуцлага ярих нь нэгэнт тодорхой боллоо. Тэр байтугай М.Энхболдын дараа МАН-ын дарга, дараагийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд хэн байх вэ гэдгийг ч яриад эхэлсэн байна. Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын хэн нэгийг дээрх албанд тохоохоор журмын нөхөд нь яриад эхэлсэн байна. Хэрэв МАН-ын дарга солигдвол ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жишиг эргэн ирэх гэнэ. Түүнчлэн дэд сайуудыг цомхотгох тухай ч ярьж байгаа ажээ. Ийн ирэх өдрүүдэд МАН дотор маш халуун улс төр, өөрчлөлт өрнөж мэдэхээр байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2017/07/19
za daa MAN dotoodoo uurchlugduh heregtei shinechlegdye gevel shudarga alhamuusiig hiih heregtei bh yalagdsan gol shaltgaan bol MIEgiin huutei shuud holbootoi ene tomilgoonuud, bas mungu ugaasan talaar bolon bichleguud, halz metgeltseenii bichileg, tatvat nemeh, tetgeveriin nas nemeh geed olon ym biii.... tiimees MAN MIE.Enhboldoos salah, hagatsah geregtei tegvel ner hund sergeh magadlaltai shuu deer n S.Bayar, S.Batbold, naraas sal.....
иргэн · 2017/07/18
60 тэрбум бичлэг, эвлүүлэг ч гэх шиг.