Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшсэн Монголын Жүдо Бөхийн Холбооны Ерөнхийлөгч, Монголын Ардчилсан Холбооны Дарга Халтмаагийн Баттулга ялалт байгуулж Ерөнхийлөгчөөр сонгогдон, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байна. Тэрээр өөрийнхөө анхны тушаалаар УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Даргаар томилсон билээ. Мөн ирэх долоо хоногийн дундуур гэхэд өөрийн зөвлөхүүдийг томилж дуусгахаар ажиллаж буй гэнэ. Мөн үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнө эрхэлж байсан сонгуульт албуудыг хэн залгамжилж авах вэ? гэдэг асуулт ч тавигдаж буй юм. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар ирэх 9-р сард Монголын Ардчилсан Холбоо хуралдаж, шинэ даргаа сонгохоор болжээ. Тэр бүү хэл МоАХ-ы даргад нэр дэвшигчдийн нэрс ч тодорхой болж буй аж. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Батзандан, АН-ын Нарийн Бичгийн Дарга О.Магнай, УИХ-ын гишүүн асан М.Зоригт, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг нар нэр дэвших магадлал хамгийн өндөр байгаа гэнэ. Тэр дундаа УИХ-ын гишүүн асан, "Монос" Группийн ТУЗ-ийн гишүүн, Монголын Ардчилсан Холбооны Дэд Дарга Л.Эрдэнэчимэг хамгийн боломжит нэр дэвшигч аж. Учир нь тэрээр МоАХ-ы дэд даргаар ажиллаж, холбооныхоо ажлыг сайн мэддэг болсон гэх агаад хамгийн гол нь Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгийг авах магадлалтай юм байна. Л.Эрдэнэчимэг нь 2012-2016 онд УИХ-д сонгогдож ажиллах үеэрээ Х.Баттулга, З.Энхболд нартай нэг баг болж, ойр дотно хамтран ажиллаж байсан бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын боловсруулсан төслийг зогсоож байсан юм. Түүний энэ үйлдлийг Ерөнхийлөгч Х.Баттулга : "Тавантолгойг монголчууд ашиглаж чадна, монголчуудад ашгаа өгөх байдлаар л ашиглах ёстой гэдэг үүднээс бизнес бүлэглэл гартаа оруулах гэж байсныг таслан зогсоосон нь бол үнэн. Үүн дээр УИХ-ын дарга асан З.Энхболд, түүний зөвлөх А.Гансүх, гишүүн Л.Эрдэнэчимэг нар түүхэн гавьяа байгуулсан шүү." хэмээн дүгнэжээ.

 

Ч.Явуу

http://sonin.mn