Хойд эцэг бүхэн муу байдаггүй
2017/07/18
Ээж минь нярав, аав маань слесарь, 3 охинтой, 3 өрөө байртай байсаан. Гэвч манай амьдралд архи, мөрийтэй тоглоомд донтсон эцэг гуайгаас болж хамаг сайн сайхан замхран одсон. Гэрийнхээ хамаг юмыг зарж архи ууна, мөрийд алдаад өгнө. Байнга согтуу ирж ээжийг зодно, сүх барьж хөөнө ,элдэв хүнтэй хардана, үнэхээр аймшигтай...
Ээж салахаар шийдэж өргөдөл өгсөн. Гэвч салахдаа 3 охиноо эхнэртэйгээ гудманд хоосон хөөж гаргаад өөрөө 3 өрөө байраа авч үлдсэн. Байраа зарж архи уугаад дуусгаад, ажилгүй ч болж, хөдөө айлын мал маллаж байгаа сураг дуулдсан. Бид ээжийн ажлын эгчийн жижиг өрөөнд амьдарч, хүүхдүүдийнх нь багадсан хувцсыг өмсөж, хэсэг амьдарсан. Удалгүй бид нүүж 2 өрөө байранд нэг ахынд нүүж очсон. Тэр ах бас нэг охинтой. Ээж ч удалгүй төрж хүүтэй, бид дүүтэй болсон. 2 дүү маань ч жаахан байсан болохоор шууд л аав аа гээд дууддаг болсон. Харин би энэ амьдралдаа огт дасахгүй 2 өрөө байранд огт тааралдахгүйг хичээн зугтаадаг байлаа. Мэдээж шилжилтийн нас эхлээд миний ааш ч өөрчлөгдөж тэр хүнд хэцүү байсан байх. Зах зээлийн үе байсан болохоор хоол унд муутай, гутал авах ч мөнгөгүй болохоор тэр ах ээж 2 бид нарт царай муутай ч янзын дулаахан гутал оёж өгсөн. Өнгөрсөн амьдрал надад өөртөө итгэлгүй, зожиг, ганцаардмал байдлыг л үлдээсэн байлаа. Дунд ангиа төгсөх жилээ л тэр ахыг би анх удаагаа ААВ АА гэж итгэлгүйхэн маш сул дуугаар дуудсан юм. Ингээд би шинэ аавтай боллоо. Азаар гэх үү хувь тавилангаар гэх үү маш сайн хүнтэй ээж минь ханилсан. Би хойд аав гэж хэлэх ёстой дургүй. Аав л гэдэг. Би одоо 3 аавтай. Биеийг минь төрүүлсэн аав, сэтгэлийг минь төрүүлсэн аав, ханийг минь төрүүлсэн хадам аав. Төрсөн эцэг архиа уугаад л явж байгаа. Би одоогийн амьдралдаа оруулахыг хүсэхгүй байна. Хэдий төрсөн эцэг ч гэсэн хуучин муу дурсамж сэдрээд хямраад байдаг юм. Та хэд минь энэ талаар муу зүйл битгий бичээрэй. Харин одоогийн эцэгтэйгээ тун элгэмсэг дотно харьцаатай. Үр ач зээгээ бүгдийг нь тойруулаад л эрхлүүлээд л харж өгдөг. Амьдралд минь асуудал гарвал ирээд өмөөрч өгдөг. Биднийг бүгдийг маань дээд сургууль төгсгөсөн. Сайн хойд аав зөндөө бий. Бүх хойд аав муу биш шүү гэж л хэлэхийг хүссэн юм.
Буян · 2017/07/18
Ухаантай сайн хүмүүс бурханы төөргөөр таарчээ Хүү ч сайн хүү байна. Аав нь ч сайн аав таарч амьдралд нь аз жаргал хүсье