Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор МАН Төрийн тэргүүний сонгуульд гурав дараалан ялагдал хүлээв. Энэ жил бид анх удаа дахин санал хураалт явуулж, М.Энхболд Х.Баттулгад хоёр удаа ялагдсаныг тооцвол дөрвөн удаа ч гэж болохоор. Эрх баригч нам Ерөнхийлөгчийн сонгуульд онцгой ач холбогдол өгч, хамаг чадлаараа зүтгэн, бүх арга чаргаа хэрэглээд нийт сонгогчийн 20 гаруйхан хувийн санал авав. Ердөө ганц жилийн өмнө УИХ-д 65 суудал авч байсан улс төрийн хүчний хувьд энэ нь хүнд ялагдал юм.

Ийм ялагдлын дараа МАН-ын удирдлагууд хариуцлага хүлээх ёстой юу, ер нь энэ намын дотор ямар үйл явдал цаашид өрнөх бол гэдэг нь ойрын өдрүүдийн сонирхол татсан сэдэв болоод байна. Түүх сөхвөл, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа намын даргадаа хариуцлага хүлээлгэсэн удаа МАН-д үгүй. Түүх гэдэг нь, 1993 онд П.Очирбатад, 2009, 2013 онд Ц.Элбэгдоржид нэр дэвшигч нь ялагдахад шүү дээ. Сонгуульд ялагдвал намын дарга хариуцлага хүлээх ёстой гэсэн ойлголт 1993 онд бүрэн сууж, төлөвшөөгүй байсан болохоор энэ талаар сөхөгдөөгүй биз. Харин 2009 онд Н.Энхбаярыг унагахын тулд намын нөхөд нь зохион байгуулалттайгаар түүний эсрэг ажилласан гэдэг. Тиймээс ялагдалд нь тэгтлээ харамсаж, хариуцлага тооцох тухай хөндөөгүй. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ө.Энхтүвшин намын дарга байсан бөгөөд өөрөө нэр дэвшинэ гэдэгтээ бат итгэчихээд байхад нь намын нөхөд нь сэм хуйвалдаж, Б.Бат-Эрдэнийг дэвшүүлсэн.

Тухайн үед “Өөрийг нь нэр дэвшүүлээ­гүй хэрнээ хүний өмнөөс хариуцлага хүлээлгэнэ гэдэг байж болшгүй хэрэг. Нөгөөтэйгүүр, МАН-ын дүрэмд “УИХ-ын бо­лон орон нутгийн сонгуульд ялагдсан тохиол­долд намын удирдлага хариуцлага хүлээнэ” гэснээс биш, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагд­вал хариуцлага хүлээнэ гэж заагаагүй” гэсэн байр сууриа намын зарим гишүүн, дэмжигч илэрхийлж байлаа. Тэгэхэд Ө.Энхтүвшин на­мын даргад нэрээ дахин дэвшүүлэхээс татгалз­сан юм.

Харин өнөөгийн нөхцөл өмнөх тохиолд­луудаас нэлээд өөр. Намын дарга М.Энхболд рейтинг нь муу байгаагаа мэдсээр байж улан­гасан зүтгэж, шунан чичирсээр нэр дэвшсэн. Түүнийг тойрон хүрээлэгчдийн болчимгүй үйлдэл намын нэр хүндийг шороотой хутгаж, нэг сонгуульд хоёр удаа ялагдахад нь нэрмээс боллоо гэсэн зэмийг түүнд тулгах хүн намынх нь нөхөд дунд олшрох төлөвтэй.

Гэвч, энэ бүхэн нь МАН юу юугүй бужигнаж, даргаа солино гэсэн үг биш. Одоо ийм үйл явдлууд өрнөж буй ч ирэх намар хуралдах XXVIII их хурал хүртэл байдал хаашаа ч эргэж мэднэ. М.Энхболдоос намын даргын албан тушаалыг нь авбал УИХ- ын даргын суудлаас нь ч буулгах хэрэгтэй болно. Ингэвэл намд ч, УИХ-д ч эрх мэдлийн төлөөх тэмцэл хурцадна.

Тухайлбал, намын үүрийн дарга нар 60 тэрбумыг эсэргүүцэх хөдөлгөөн байгуулсан тухай яриа амнаас ам дамжиж байна. Ерөн­хийлөгчийн сонгуульд ялагдахад хамгийн том нөлөө үзүүлсэн 60 тэрбумыг босгох тухай яриа­ны бичлэгт оролцсон хүмүүст хариуцлага тоо­цох талаар Удирдах зөвлөл, УИХ дахь бүлгээрээ яриад эхэлсэн, нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сан­дуйг огцруулахаар төлөөлөгчид нь гарын үсэг цуглуулж байгаа гэсэн агуулга бүхий төлбөртэй нийтлэл цацагдлаа. Дээрх нийтлэлд “Засгийн газар танхимаа бүрдүүлэхдээ МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг хотын фракц, уяач­дын холбооныхныг оруулж, оновчгүй томил­гоо хийснээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд МАН сонгуулийн амлалтаасаа ухарсан. Тий­мээс МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулж, хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн тохиролцсон. МАН-ынхан Засгийн газар, 60 тэрбумын бичлэгт оролцсон албан тушаалтнууд, улмаар намын даргатайгаа ч сонгуулийн ялагдлын хариуцлага ярих нь нэ­гэнт тодорхой боллоо” гэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын шок­ноосоо гараагүй, хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэн, хүлээн авалтаас хү­лээн авалтын хооронд хөлчүүрхэж яваа АН-ынханд ийм зүйл бичээд, түүнийгээ төлбөр төлж хэвлүүлэх сөхөө ч, шаардлага ч одоохондоо байхгүй. МАН-ын одоогийн удирдлагыг өөрч­лөх нь өөрт нь ашигтай тусах магадлалтай хү­мүүсээс дээрх “бор шувуу”-ны эзнийг хайх нь оновчтой болов уу.

Үүнээс гадна МАН-ын олонд танигдсан нэр бүхий гишүүд 70 гаруй жилийн түүхтэй МАХН нэрээ МАН болгох түүхэн тохиролцоонд хүрсэн “Тэрэлжийн тунхаг”-тай хамт гаргаж тавьсан шинэ үзэл баримтлал, шинэ дүрэм, зарчмуудаа тууштай мөрдөж, намын шинэчлэлийг идэвх­тэй үргэлжлүүлэхийг ил тодоор шаардацгааж байна.

Мөн МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо­ны Бодлогын зөвлөл хуралдаж, МАН-ын шинэч­лэл, хөгжлийн бодлогын баримт бичгийн төс­лийг хэлэлцсэн тухайгаа албан ёсоор мэдээллээ. Энэ бүхнээс үзэхэд, МАН гаднаа харагдаж байгаа шигээ амгалан тайван биш байна. Хэдэн жилийн өмнө намын нэрээ сольж, дүрмээ шинэчлэхдээ доторх албан ёсны жигүүрээ татан буулгаж, элдэв фракц байгуулахыг хориглосон хэдий ч МАН огт бүлэглэлгүй нам биш. АН-ынхан шиг ил цагаан толхилцож, албан тушаалаа булаалдан уралцдаггүй л болохоос МАН фракцын тоогоор АН-аас хол хоцрохгүй. Дотоод зөрчил тэмцлээ яаран ил гаргадаггүй тус намын фракцуудын хөдөлгөөн гадна талд илт мэдрэгдээд ирвэл тийм ч амар намждаггүй онцлогтой.

Ийм хөдөлгөөн, бужигнаан зүгээр ч нэг эхэлдэггүй. Хэн нэгэн хүн хэдэн нүүдлийн цаадах эрх ашгаа тооцон байж эхлүүлдгийг бид хангалттай олон жишээнээс мэднэ. Дээр өгүүлсэн үйл явдлуудын ард хэн нэгэн гадны хүн биш, МАН-ынхан, тэр дундаа албан тушаалын бялуунаас арай илүү зүсэм хүртэх хүсэлтэн байгааг тааж мэдэхэд хэцүү биш.

М.Энхболдыг огцруулаад, өөрөө намын дарга болох мөрөөдөл тээгчид МАН-д нэг биш бий. Гэхдээ үүний тулд хүчтэй фракцын дэмжлэг хэрэгтэй. МАН-д одоогоор хамгийн нөлөөтэй нь намын дарга М.Энхболдын тэр­гүүлдэг хотын фракц бол анхан, дунд шатны байгууллагатай, намаасаа дутахгүй хурал чуулган хийдэг Зүүний хүчний холбоо, НАМЗХ араас нь бичигдэнэ. Зүүний хүчний холбоо, НАМЗХ-г Шадар сайд У.Хүрэлсүх баздаг. Тиймдээ ч түүнийг М.Энхболдтой өр­сөлдөх “хүчтэн” гэж харах хүн улам олширч байна. Намын даргынхаа гол түшиц болох уяачдын холбоогоор аймшиггүйгээр оролд­ож, олон нийтэд таалагддаг давуу талаа улам товойлгохыг хичээх нь ихэссэн, Ерөнхий­лөгчийн сонгуулийн сурталчилгаанд МАН-ынхан хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байхад У.Хүрэлсүх л зайдуухан байсан зэрэг олон шалтгаанаар түүнийг М.Энхболдын эсрэг зогсож, байр суурийг нь эзлэх хүн гэж олон нийт үнэлж буй хэрэг. Шадар сайдын цээжинд ч намын дарга, Ерөнхий сайд болох хүсэл эртнээс уугиж буй нь нууц биш.

Гэвч, энэ бүхэн нь МАН юу юугүй бужигнаж, даргаа солино гэсэн үг биш. Одоо ийм үйл явдлууд өрнөж буй ч ирэх намар хуралдах XXVIII их хурал хүртэл байдал хаашаа ч эргэж мэднэ. М.Энхболдоос намын даргын албан тушаалыг нь авбал УИХ-ын даргын суудлаас нь ч буулгах хэрэгтэй болно. Ингэвэл намд ч, УИХ-д ч эрх мэдлийн төлөөх тэмцэл хурцадна. Үүнээс сайн үр дүн хүлээх хэрэггүй. Тэгэхээр үүсээд буй нөхцөл байдалд зохицуулж, тунг нь тааруулаад явах хүн гэж үзэж, 2016 оны УИХ-ын сонгуульд намдаа үнэмлэхүй ялалт авчирсан гавьяаг нь бодолцож, М.Энхболдыг үргэлжлүүлэн ажил­луулах боломж ч бий. Эцсийн дүндээ, улс тө­рийн намын туйлын зорилго нь засгийн эрх авах болохоос Ерөнхийлөгчийн сонгуульд ялах биш билээ.

Х.Уянга 

Өнөөдөр сонин